Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0675/Э |
Дугаар | 2022/ШЦТ/707 |
Огноо | 2022-05-16 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогтой Б-ийн Э-д холбогдох эрүүгийн 2106 03832 1030 дугаартай хэргийг шүүх 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Т овогтой Б-ийн Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 310 тоотод хохирогч Ш.Б-гийн эзэмшлийн Тоёота товн асэ /Toyota town асе/ тээврийн хэрэгслийн моторын дээд ангийг итгэмжлэн хариуцуулж худалдан борлуулахаар өгснийг мэдсээр байж бусдад худалдан борлуулан завшиж, улмаар хохирогч Ш.Б-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-23-24/, “Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БЗД2-21-998 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/, Б.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-22-24/, Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-31/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-61-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.-
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 310 тоотод хохирогч Ш.Б-гийн эзэмшлийн Тоёота товн асэ /Toyota town асе/ тээврийн хэрэгслийн моторын дээд ангийг итгэмжлэн хариуцуулж худалдан борлуулахаар өгснийг мэдсээр байж бусдад худалдан борлуулан завшиж, улмаар хохирогч Ш.Б-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Б-гийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 310 тоотод гэртээ замын эсрэг талын хашаанд амьдардаг эрэгтэй хүнтэй хамт гэртээ архи уугаад байж байсан. Гэтэл манай нутгийн танил эрэгтэй болох Б.Э манай гэрт ороод ирсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор Эрдэнэцогтыг яах гэж манай гэрт орж ирсэн тухай мэдэхгүй байна, ямар ч байсан Эрдэнэцогт манай гэрт орж ирээд хойд айлын залуу бид хоёртой хамт архи ууж байгаад гарсан. Одоо миний санаж байгаагаар бол би Эрдэнэцогтыг архинд яваад ир, гадаа байгаа машины хойно байгаа моторын дээд анги аваад яв гэж хэлсэн санагдаж байна. Гэвч Б.Э манайхаас миний моторын дээд ангийг авч гараад эргэж ирээгүй. ... Б.Э-ын гэрт очиж моторын дээд ангийг асуухад Б.Э би 15.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан байгаа, удахгүй танд аваад өгье гэж хэлсэн. Би тухайн үед тодорхой хэмжээнд биеэ явах чадвартай байсан. Б.Э-ын ярьж байгаа зүйл үнэн зөв байна. ... Би тухайн үед алдсан моторын дээд ангиа болон өмнө нь өгсөн аккумлятораа олж авчихъя гэж бодоод тэгж мэдүүлэг өгсөн байх, би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-23-24/,
“Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БЗД2-21-998 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээгээр нийт 450.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан / хх- 26-27/,
Б.Э-ын яллагдагчаар өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад 14-15 цагийн үед ... намайг тэднийд очиход Батнасан хажуу айлынхаа эрэгтэйтэй хамт архи уугаад сууж байсан тул би Батнасан болон тэднийд байсан эрэгтэй хүнтэй хамт архи уусан. Батнасангийнд байсан эрэгтэй согтоод тасраад өгсөн ба Батнасан тасраагүй чамд архины мөнгө байна уу гэж надаас мөнгө асуусан. Би Батнасанд надад юу ч байхгүй гэж хэлэхэд Батнасан чи гадаа байгаа машин дотор байгаа моторын дээд ангийг аваад даах юм бол авч яваад зарчих гэсэн тул би гараад Батнасангийн заасан моторын дээд ангийг авч яваад Монел орчим байдаг түүхий эдийн цэгт 15.000 төгрөгөөр өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-23-24/,
Шүүгдэгч Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-31/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-61-62/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, “Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БЗД2-21-998 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 310 тоотод хохирогч Ш.Б-гийн эзэмшлийн Тоёота товн асэ тээврийн хэрэгслийн моторын дээд ангийг итгэмжлэн хариуцуулж худалдан борлуулахаар өгснийг мэдсээр байж бусдад худалдан борлуулан завшиж, улмаар хохирогч Ш.Б-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ш.Б нь хохирлоо бүрэн барагдуулж авсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-61/ гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-од хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг Б.Э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Б.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогтой Б-ийн Э-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-од хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Э-од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Э-од мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ОЛЗОД