Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/0600/Э |
Дугаар | 2022/ШЦТ/595 |
Огноо | 2022-05-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Отгончимэг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/595
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Х.Г, А.О, өмгөөлөгч К.Баатар,
шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Гыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Г, А.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000695 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “Т” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хилчин хотхоны гудамж, ** тоотод оршин суух,
урьд Нийслэлийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 45б дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1999 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны7 дугаар сарын 10-ны өдрийн 19/468 дугаар тогтоолоор дуусгавар болгосон, Г овогт Б-ийн Г (РД:***,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь фризерчин мэргэжилтэй, “Д” ХК-д токарьчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х-ын Г (РД:****),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Үндэсний техникийн их сургуульд номын санч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны *** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт А-йн О (РД:***).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ХМК-ын *** байрны зүүн талд машины гараашийн үүдэнд хохирогч Х.Г-тэй “гараашийн хаалгыг машинаар таглаад тавьсан байна” гэж маргалдан харилцан зодолдож хохирогч Х.Г-ийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Х.Г, А.О нар бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, ХМК-ын ** байрны машины гараашийн үүдэнд хохирогч Б.Г-той “гараашийн хаалгыг машинаар таглаад тавьсан байна” гэж маргалдан харилцан зодолдож хохирогч Б.Гын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч, хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 3 дугаар сарын 02-нд машинаа гарааш хааж тавьчихаад дэлгүүр орж байтал хэрүүл болоод “үзье” гээд би нэг цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г намайг боогоод нүүр лүү цохисон, эхнэр нь нүүр нүдгүй цохиод байсан. Гомдол саналгүй. Цаашид хамраа янзлуулмаар байна” гэв.
Шүүгдэгч, хохирогч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Б.Г ахыг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Гарааш таглаад тавьчихсан байхаар нь утасдсан чинь их ууртай ирсэн. Үгийн зөрөөгүй цохисон. Толгой хагарч 4 оёдол тавиулсан. Зөөлөн эдээ үзүүл гэсэн тул толгойгоо үзүүлмээр байна” гэв.
Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2208000000629 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Г: “2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчим би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын *** байрны зүүн талд байдаг машины гарааш руу өөрийн машинаа оруулах гэтэл манай хажуу айлын залуу машинаараа таглаад тавьсан байхаар нь залгаад хэлтэл “Чи яахаараа дандаа орой үдэш ирдэг юм” гээд уурлаад загнаад байхаар нь “юу гэсэн үг юм бэ, бид нар гараашдаа хэзээ машинаа оруулахаа чамаар заалгах юмуу” гэтэл нөгөө залуу “чи наанаа байж байгаарай” гээд утсаа салгасан. Манай эхнэр хүүхдээ аваад гэртээ орсон. Удалгүй хажуу айлын залуу гарч ирээд “за үзэх үү” гээд миний толгойн урд хэсэгт ямар нэг хатуу зүйлээр нэг удаа цохиод би манараад унасан. Би босож ирээд нөгөө залуутай заамдалцаж аваад цохих гэсэн боловч чадаагүй. Манай эхнэр О, нөгөө залуугийн ээжтэй хамт гарч ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 12 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.29-ний өдрийн 3793 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.Г-нийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед би машинаа хөрш айлын залуугийн гарааш хаагаад зогсчихсон. Манай гарааш хажууд нь байдаг ба машин таглаад зогсчихсон байсан. Тэгээд би дэлгүүр орох гээд алхаж байтал төд удалгүй танихгүй дугаараас “машинаа холдуул” гэхээр нь би “дэлгүүр орчихоод гараад ирье” гэтэл “дандаа ингэж зогсдог, энэ гараашийн мөнгийг би төлдөг” гээд уурлаад байхаар нь би “одоохон очлоо, чи байнга иймэрхүү байдлаар дарамтлах юмаа, чамайг би манай гараашийн үүдийг таглаад зогсчихсон байхад унтаж амарч байгаа байх гээд би залгадаггүй шүү дээ” гэж хэлсэн. Тэр залуу “энэ хогоо холдуул, хаана байна, хүрээд ир, эр хүн шиг үзчихье” гэж уурлаад байхаар нь би дэлгүүр оролгүй буцаад ирсэн чинь тэр залуу эхнэрийнхээ хамт байсан. Би “чи юундаа хүнд томроод байгаа юм бэ” гэтэл тэр залуу надтай ноцолдоод эхэлсэн. Би бөгжтэй баруун гараараа тэр залуугийн толгой руу нэг удаа цохичихсон. Тэр залуу надтай ноцолдож байхдаа миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед эхнэр нь гүйж ирээд миний толгойн хуйх руу гараараа олон удаа цохисон. Тухайн үед нөхөр нь миний хоёр гарыг тавиулахгүй барьчихаад байсан. Тэгтэл манай ээж ирээд бид нарыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 185-187 дахь тал),
Хохирогч Б.Гын: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед би машинаа хөрш айлын залуугийн гарааш хаагаад зогсчихсон. Манай гарааш хажууд нь байдаг ба манай гараашийг машин таглаад зогсчихсон байсан. ...Тэр залуу надтай ноцолдоод эхэлсэн. Миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед эхнэр нь гүйж ирээд миний толгойн хуйх руу гараараа олон удаа цохисон. Нөхөр нь миний хоёр гарыг тавиулахгүй барьчихаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.16-ны өдрийн 4033 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Гын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
Шинжээч С.Чулуунсүхийн: “...Б.Гын биед учирсан зулайн хуйхны зөлөөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр учирсан гэмтэл байсан. Дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...2022.03.24-ний өдрийн КТГ-ийн хариунд “хамар ясны 2 хажуу хананд уг хэсгээр зөрүүтэй сэлтэрсэн шинэ хугаралтай, зөөлөн эдийн хавантай, хамрын ясны 2 хажуу хананд хуучин сэлтэрсэн зөрүүтэй хугарлуудтай.,хамрын хянга яс хуучин хугаралтай, хавтгайрсан деформацтай, хамрын таславч зүүн тийш бага зэрэг мурийлттай” гэж тусгасан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарлын үед судас гэмтсэн тохиолдолд цус гарна. Судас гэмтээгүй үед цус гарахгүй байж болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 48-49 дэх тал),
Гэрч Э.М-лын: “2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед би байрныхаа гадаа явж байтал нөхөр Г нэг залуутай маргалдаад байх шиг байсан. Тэр маргалдаад байсан залуугийн эхнэр нь бас манай нөхрийг нийлж зодоод байсан. Тухайн үед манай нөхрийг тэр танихгүй залуу зуураад боочихсон байхаар нь би сандраад очоод салгах гэтэл салахгүй байсан. Тэгэж байтал ээж гарч ирээд салгасан. ...Нөхрийнхөө царайг харахад нүд нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан, хүзүү нь маажуулсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 23 дахь тал),
Гэрч Б.Э-ийн: “...Манай хөрш эмэгтэй манай хаалгыг тогшоод “танай хүүхэд, манай нөхөр хоёр зодолдоод байна, та гараач” гэхээр нь гарсан чинь хүү Гыг тэр залуу цохиж байсан. Хажууд нь тэр залуугийн эхнэр байсан. Би очиж салгасан чинь тэр залуу манай хүүг барьж авч зууралдаж дахиж зодолдох гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 27 дахь тал),
Шүүгдэгч Х.Г-ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 03-ны орой ...машинаа гараашдаа байрлуулах гэтэл нэг машин манай гараашийн хаалгыг тагласан байхаар нь “машинаа холдуулаач ээ, гараашдаа оруулах гэсэн юм” гэхэд тэр ах “дандаа орой үдэш гэртээ ирдэг” гээд уурласан. Би “хүүхдээ үзүүлчихээд ирлээ” гээд учирлаж хэлсэн. Тэр ах уурлаад би “хол байнаа, очиж чадахгүй” гэхээр нь би “хүрч ирээд холдуулчихаачээ, машин тэрэгнээсээ юмаа алдчих гээд байна шүү дээ” гэж хэлтэл тэр ах ууртайгаар “наанаа байж байгаарай” гээд утсаа тасалсан. Хөрш ах хүрч ирээд гартаа нэг зүйл барьчихсан миний толгой хэсэг рүү нэг удаа цохиход нь би манарч газар унасан. Би манаралттай байж байгаад тэр ахтай зууралдаж хоёр гарын суган доогуур нь гараа хийгээд тэвэрч аваад “ахаа та чинь ямар сонин юм бэ? Яагаад намайг цохиж байгаа юм бэ?” гээд тэр хүнээс өөрийгөө аврах зорилготой тэвэрсэн. Бид хоёр зууралдаж байгаад нэг нэгнээ чингэлэг рүү бие биеэ түлхээд байсан. Тэр үед тэр хүн толгой хэсгээрээ мөргөж байсан. Нүүрэн дэх гэмтлийг би учруулсан. Манай эхнэр тэр ахын гар луу тавиулах зорилгоор цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 171-174 дэх тал),
Шүүгдэгч А.Оын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд намайг гарахад манай нөхрийг тэр ах боосон, нөхрийн нүүр цус болчихсон байсан. Би “болиоч ээ” гэж гүйгээд очсон. Нөхөр боолгочихсон ярьж чадахгүй, “ханиа намайг авраарай, энэ хүн намайг алах нь ээ” гэтэл тэр ах “чамайг алаад хаячихъя” гээд чангаруулаад боогоод байхаар нь би тэр ахыг салгах гээд тэр ахын гар, цээж рүү нь 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-50-75), дуудлагын лавлагааны хуудас (хх-2),
шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-90), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-77), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-93), дансны хуулга (хх-94-102),
шүүгдэгч Х.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-114), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-117), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-109), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-116),
шүүгдэгч А.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-130), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-124), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-131) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Х.Г, Б.Г, А.О нартай ял тохиролцсон прокурорын ялын санал” 2 хуудас, шүүгдэгч нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт 3 хуудас”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн “Б.Гын торгох ял оногдуулсныг бүрэн төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 19/468 тогтоолоор дуусгавар болсон” гэх 2 хуудас албан бичиг,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Баатараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч А.Оын дансны хуулга 8 хуудас,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас шүүхийн хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Б.Гын дансны хуулга 14 хуудас баримт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ХМК-ын ***байрны зүүн талд машины гараашийн үүдэнд хохирогч Х.Гтэй “гараашийн хаалгыг машинаар таглаад тавьсан байна” гэж маргалдан харилцан зодолдож хохирогч Х.Гийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Х.Г, А.О нар бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо, ХМК-ын ***байрны машины гараашийн үүдэнд хохирогч Б.Гтой “гараашийн хаалгыг машинаар таглаад тавьсан байна” гэж маргалдан харилцан зодолдож хохирогч Б.Гын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Г-ийн “...машины гарааш руу өөрийн машинаа оруулах гэтэл манай хажуу айлын залуу машинаараа таглаад тавьсан байсан. ...удалгүй хажуу айлын залуу гарч ирээд “за үзэх үү” гээд миний толгойн урд хэсэгт ямар нэг хатуу зүйлээр нэг удаа цохиод би манараад унасан...” гэх мэдүүлэг (хх-9), шүүх эмнэлгийн 3793 дугаар “1. Х.Г-ийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-34-35), шүүгдэгч Б.Гын “...тэр залуу надтай ноцолдоод эхэлсэн. Тэр үед би бөгжтэй баруун гараараа тэр залуугийн толгой хэсэг рүү нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хх-185-187), хохирогч Б.Гын “...Тэр залуу надтай ноцолдож байхдаа миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед эхнэр нь гүйж ирээд миний толгойн хуйх руу гараараа олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-17), шүүх эмнэлгийн 4033 дугаар “1.Б.Гын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-40-41), гэрч Э.М-лын “...танихгүй залуу зуураад боочихсон байхаар нь... ...Би тухайн үед нөхрийнхөө царайг харахад нүд нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан, хүзүү нь маажуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-21), гэрч Б.Э-гийн “манай хүү Гыг тэр залуу цохиж байсан...” гэх мэдүүлэг (хх-25), шүүгдэгч Х.Г-ийн “...Нүүрэн дэх гэмтлийг би учруулсан. ...манай эхнэр тэр ахын гар луу тавиулах зорилгоор цохисон...” гэх мэдүүлэг (хх-171-174), шүүгдэгч А.Оын “...манай нөхрийг тэр ах боосон, нөхрийн нүүр нь цус болчихсон байсан. ...би тэр ахыг салгах гээд гар, цээж рүү нь 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-160-161) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гын “гараашийн хаалга таглаж машин тавьлаа” гэх шалтгаанаар хохирогч Х.Гтэй маргалдан нүүрэнд нь цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч Х.Г, А.О нарын “гараашийн хаалга таглаж машин тавьлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Гтой маргалдан бүлэглэн толгой, нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, томографийн зураг авахуулсан гэх 130,000 төгрөгийг нэхэмжилсэн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгч Х.Г, А.О нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж,
хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, томографийн зураг авахуулсан гэх 130,000 төгрөгийг нэхэмжилсэн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Гыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Шүүгдэгч, хохирогч нар томографийн үнэ 130,000 төгрөгийг харилцан нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үед ижил үнийн дүн бүхий 130,000 төгрөгийг өгсөн, авсан гэж тооцуулахаар тохирсныг тэмдэглэж, харин хохирогч Б.Г, Х.Г нар цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ХМК-ын *** байрны зүүн талд машины гараашийн үүдэнд хохирогч Х.Г-тэй гараашийн хаалгыг машинаар таглаад тавьсан байна гэж маргалдан улмаар харилцан зодолдож хохирогч Х.Г-ийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Г, А.О нар бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын 58г байрны машины гараашийн үүдэнд хохирогч Б.Гтой гараашийн хаалгыг машинаар таглаад тавьсан байна гэж маргалдан улмаар харилцан зодолдож Б.Гын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Г, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Б.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Х.Ган-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч А.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын гаргасан 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Баатар “Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
шүүгдэгч Х.Г, А.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Г, Х.Г, А.О нар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авснаар, “шүүгдэгч Б.Г, Х.Г нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд, шүүгдэгч А.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”-ээр тус тус тохиролцож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч Б.Г бусдын гараашийн хаалгыг таглаж машинаа тавьчихаад “машинаа холдуул” гэх шаардлагыг эсэргүүцэж хохирогчтой маргалдан толгой хэсэгт нь 1 удаа бөгжтэй гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан, шүүгдэгч Х.Г, А.О нар бүлэглэн “машинаа гараашийн хаалга таглаж тавьлаа” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж толгой, нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Б.Г, Х.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирлыг харилцан тооцсон, хохирогч нар “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх), шүүгдэгч Б.Гын хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч Х.Г-ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч А.Оын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал) зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, ялыг 5 сарын хугацаанд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, ялыг 5 сарын хугацаанд, шүүгдэгч А.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г, Х.Г, А.О нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Бовогт Х-ын Г, Таван хонгорынх овогт А-ийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Г нарыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч А.Оыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Г, А.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г, Х.Г, А.О нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Г, Х.Г нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Х.Г, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР