Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0151/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч Ч.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц- овогт Ц-ийн Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203000530162 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 1, Улаанбаатар хот ... тоотод оршин суух хаягтай, урьд Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ц- овогт Ц-ийн Ц- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ч.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Ц- нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний зорчигчийн заалны хойд талбай орчмоос иргэн Д.С-гийн гээгдүүсэн Монгол улсад үйлдвэрлэсэн Ehlel брендийн Hulan-21 plus загварын гар утсыг олж, хувьдаа авч завшсан болох нь:

 

Хохирогч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу суудлын 273 дугаар галт тэргэнд суугаад Дархан-Уул аймагт шөнийн 00:40 цагийн орчим буугаад төмөр замын вокзалын ард талбай дээр машинд суух гэж байгаад өөрийн Hulan-21 plus маркийн гар утсаа гээсэн юм. Би тухайн үедээ машиндаа юмаа тавиад гар утсаа зогсож байсан газраа гээснээ мэдсэн. Тэгээд би 3 минутын дараа зогсож байсан газраа эргээд гүйгээд очиход миний гар утас байхгүй байсан тул өөрийн ХХХ- дугаарын гар утас руугаа залгахад эхлээд дуудаж байгаад 5-6 удаа дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Миний гар утасны цэнэг дүүрэн байсан юм. Шинэ жил болох гэж байсан тул би гэр лүүгээ яараад гар утсаа цагдаад тэмдэглүүлж чадаагүй. ...миний гар утасны гэр нь хуучирсан болохоор гэрэнд үнэлгээ хийлгэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-14/,

 

Гэрч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай дүү Ц- нь Улаанбаатар хотоос ирээд манай гэрт байж байхдаа надад “эгч энэ утсыг та барьвал барихгүй юу” гэж хэлээд өгсөн. ...би цагдаагийн байгууллагын хүнтэй уулзаад дүүтэйгээ ХХХ дугаарын утсаар нь холбогдож асуухад надад тус утсыг Дарханы вокзалаас олсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,

 

Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай ээж Ц- надад Завхан аймаг руу мэргэжлийн сургалтын шугамаар явахад Эхлэл брендийн гар утсыг өгсөн, би тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөөнөөс ирээд ээж Ц-т гар утсыг буцааж өгсөн. Эхлэл брендийн гар утас байсан, ямар нэгэн гэр байгаагүй, түгжээгүй шууд асаж байсан, сим карт байгаагүй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, би өөрийн ХХХ дугаарын сим картыг хийж ашиглаж байгаад буцаагаад ээждээ өгсөн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41/,

 

Яллагдагч Ч.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би гар утсыг олоход цэнхэр алаг өнгөтэй, цахилгаантай жижиг цүнх буюу цүнх шиг хэлбэртэй утасны гэр байсан. ... тухайн үед вагонд 5 минутын дотор суухгүй бол хаагдаад сууж амжихгүй болчих гээд суусан, олсон болохоор эгчийгээ гоё утас байна гэхээр нь өгсөн, цагдаагийн байгууллагад аваачиж өгөөгүй миний буруу” гэх мэдүүлэг / хавтас хэргийн 94-95/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 55-58/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 59/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “...үнэлгээнд хамрагдсан Ehlel брендийн Hulan-21 plus /шинэвтэр/ загварын 1 ширхэг гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 570,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 66-67/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Ч.Ц-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.С- “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гар утсаа буцааж авсан, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ц- овогт Ц-ийн Ц-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар Ц- овогт Ц-ийн Ц-д 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт  хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД