Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 571

 

 

 

 

 

     2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/00571

                Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:......... тоотод оршин суух, регистрийн дугаар .........., Д.Э нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:...... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ......, Ц.Б-д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээн үүрэг болон бусад зардлын 5 528 001 төгрөг тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Б УБТЗ-ын Дохиолол холбооны 2 дугаар ангид радио холбооны механик ажилтай тул ажлынхаа ойрхон байр хөлсөлж амьдардаг гэж хэлээд манай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 8-А байрны 53 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сарын 400 000 төгрөгөөр 1-2 жилээр хөлслөн амьдарч, энэ хугацааны байр, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг өөрөө хариуцан төлж байхаар тохирсон.Байрны хөлсийг сар бүрийн 30-нд Хаан банкны 5034174824 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд шилжүүлж байхаар тохирсон боловч энэ дансанд нэг ч төгрөг төлөөгүй, удаа дараа шаардуулсаар эхний удаа 400 000 төгрөг, дараа нь 800 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-нд 800 000 төгрөг төлж, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш мөнгөө төлөхгүй байна. Байрандаа очиж үзэхэд бидний зөвшөөрөлгүйгээр нэг өрөөнд нялх хүүхэдтэй эмэгтэй оруулсан, өөрөө оюутан дүүгийнхээ хамт нэг өрөөнд амьдарч байсан бөгөөд байрны хөлсөнд 200 000 төгрөг сар бүрийн 15-нд Ц.Бд өгдөг болохыг найз нь хэлсэн.Байрны цахилгаан тасалж, дулаанаар хангахгүй өмнөх төлбөрөө төлөхийг шаардсан тул 2016 оны 10 сараас хойшхи төлөгдөөгүй тооцоо 522 801 төгрөгийг бид өөрсдөө төлсөн, мөн тогтмол хугацаанд хүүхдийн хадгаламжийн дансанд мөнгө шилжүүлээгүйгээс хадгаламжийн хүү тооцогдохгүй, хүүхдийн мөнгөн хуримтлал нэмэгдээгүй хохироосон.Ц.Б болон түүний оруулсан айл нь тус тусдаа гал тогоотой, унтлагын өрөөнд плитка ажиллуулсанаас өрөөний хана, таазыг их хэмжээгээр бохирдуулж 2 өрөөний буланд мөөгөнцөр үүсгэсэн байсан тул бид өөрсдөө бүтэн засвар хийж их хэмжээний зардал гаргасан засварын 50 хувийг буюу 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Ц.Бгийн өмнөөс ашиглалтын зардалд төлсөн 522 801 төгрөг, байрны хөлсний үлдэгдэл 1 800 000 төгрөг, хадгаламжийн жилийн хүү 205 200 төгрөг, засварын зардалд 3 000 000 төгрөг нийтдээ 5 528 001 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

             Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол, 8-А байрны 53 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээслэн амьдарсан нь үнэн.Нэхэмжлэлд дурдаад байгаа түрээсийн төлбөр төлөөгүй асуудал байхгүй ба анх түрээсийн төлбөрийг Д.Э нь хаан банкны 5034174824, 5034092204 тоот данс болон Улаанбаатар хотын банкны 260406290 дансуудаар болон бэлнээр авч байсан.Нэхэмжлэлд дурдсан 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш мөнгөө төлөөгүй асуудал байхгүй ба хамгийн сүүлд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох нийт 1 400 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн тул түрээсийн төлбөрийн тооцоо бүрэн дууссан. Байрны ашиглалтын зардлын тухайд цахилгаан, СӨХ-н төлбөр тооцоог бүрэн дуусгасан, цэвэр бохир усны мөнгө болох 522 801 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.Энэ байранд амьдарч байх хугацаанд зөвхөн хэрэглээний усанд өдрийн 3000 төгрөгөөр гаднаас цэвэр ус худалдан авдаг байсан.Уг байрны хэрэглээний ус маш муу зэвтэй уухад болон хувцасаа угаахад хүндрэлтэй.Энэ асуудлаа надад урьдчилан хэлээгүй байр түрээслэх тохиролцоо хийхдээ ашиглалтын зардлыг төлөхөөр тохирсон тул ашиглалтын зардал болох 522 801 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Хадгаламжийн хүү 205 200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй Д.Эийн өгсөн дансанд түрээсийн төлбөрийг нь өгч байсан.Д.Э нь өөрийн мөнгөө хэрхэн яаж зарцуулах нь өөрийнх эрхийн асуудал бөгөөд хэн нэг этгээдийн сонголтын төлөө би ямар нэг байдлаар хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй, гэрээнд ч энэ талаар тусгаж тохиролцсон зүйл байхгүй.Засварын зардал 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь тухайн байрны эд зүйлсийг би санаатайгаар, устгасан, гэмтээсэн зүйл байхгүй ба хэрэглээний явцад хэт их илэгдэж хуучирсан хэрэглээний элэгдэл байхыг үгүйсгэхгүй байна, 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр надруу залгаж байраа зарахаар болсон худалдан авах хүмүүс засвар хийнэ гэж хэлсэн тул би байрыг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр бүрэн цэвэрлэгээ хийж хүлээлгэн өгсөн тухайн үед Д.Э нь нөхөрийн хамт ирж байрыг хүлээн авч баярлалаа гээд түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлж, ашиглалтын зардлаас өөр төлбөр тооцоо байхгүй.Иймд Д.Эийн нэхэмжлэлээс ашиглалтын зардал 522 801 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.            

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Ц.Бд холбогдуулан орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 522 801 төгрөг, байрны хөлсний үлдэгдэл 1 800 000 төгрөг, хадгаламжийн жилийн хүү 205 200 төгрөг, засварын зардалд 3 000 000 төгрөг нийт 5 528 001 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Б нь Д.Эийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 8-А байрны 53 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 9 сар, 15 хоногийн хугацаатай хөлслөн суух, орон сууц хөлсөлний төлбөрт сар бүр 400 000 төгрөгийг Д.Эт төлөх үүрэг хүлээн тохиролцож, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр орон сууц хөлслөх тухай хэлцэл талуудын хооронд хийгдсэн байна.

 

Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т  заасан “орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэх үндэслэлд нийцэж байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-д “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан байх бөгөөд мөн  хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-д зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байхад Ц.Б гэрээний үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүй байна.

 

Дээрх хэлцлийн дагуу Ц.Б нь орон сууц хөлсөлний төлбөрт нийт 3 800 000 төгрөгийг хөлсүүлэгчид төлөхөөс 3 400 000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тооцоо болон Худалдаа хөгжлийн банкны мемориалын баримтаар нотлогдож байх ба Ц.Б үлдэгдэл 400 000 төгрөгийг төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

 

Дээрх хэлцэлд дурдсан хөлслүүлэгчийн Хаан банкны 5034174824 тоот дансийг  нэхэмжлэгчийн хадгаламжийн данс гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нөгөө талаар хадгаламжийн хүүг ямар журмаар тооцсон нь тодорхойгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Ц.Бд хөлслүүлсэн орон сууцандаа хэзээ, хэдий хэмжээний засвар хийж, ямар хэмжээний зардал гаргасан тухайгаа баримтаар нотлоогүй байхад хариуцагчаас засварын зардалд 3 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагчид хөлслүүлсэн хугацааны орон сууцны ашиглалтын зардлын үлдэгдэл 522 801 төгрөгийг нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул хариуцагчаас 522 801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч тал нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг  гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч Ц.Бгаас нийт 922 801 төгрөгийг гаргуулан Д.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 605 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн, хариуцагч Ц.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2-т зааснаар хэргийг зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар Ц.Бгаас 922 801 /есөн зуун хорин хоёр мянга  найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан Д.Эт  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 605 200 /дөрвөн сая зургаан таван мянга хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26 697 /хорин зургаан мянга зургаан зуун ерэн долоон/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН