Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0541/З |
Дугаар | 128/ШШ2021/0041 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2021/0041
2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 128/ШШ2021/0041 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: М ХХК /РД:/
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,
Гуравдагч этгээд: Ю ХХК /РД:/,
Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, давхар.
Нэхэмжлэлийн шаардлага: ....Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Юн ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н И.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.Ү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах.
Нэг. Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ...тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд... хамаарагдаж байгаа тухайд,
Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /IPTV/ зах зээлд Ю ХХК, С ХХК үйл ажиллагаа явуулж байгаа болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:
1. Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/05 тоот албан бичигт ... телевизийн олон сувгийг интернет протоколд суурилсан олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хэрэглэгчийн тоон мэдээллийг хавсралтаар явууллаа. Үйлчилгээ эрхлэгчдийн нэрс гээд Ю ХХК, "С" ХХК гэсэн байдаг.
2. Хавтаст хэргийн 43-53 дугаар хуудсанд авагдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчин төлөө газрын Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаанд ...Ай Пи Тв (IPTV)-2 гэсэн тусгай 2 зөвшөөрөл байна... гэсэн байдаг. Хавтаст хэргийн 54-63, 182-192 дугаар хуудсанд авагдсан Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийг тогтоох судалгаанд ...Ай Пи Тв (IPTV)-2 гэсэн тусгай зөвшөөрөл байна..." гэсэн байдаг. Харилцаа Холбооны зохицуулах хорооны цахим хуудас дахь Интернет протоколд суурилсан ТВ (IPTV) үйлчилгээний зах зээлд өрсөлдөөн оруулна гэх гарчиг бүхий нийтэд илэрхий баримтад ...интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ эрхлэх нээлттэй уралдаант шалгаруулалтыг 2010 онд зарлаж, үйлчилгээ эрхлэг 2 тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд олгосноор 2010 онд "Ю" ХХК, 2012 онд С ХХК-д тус тус үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн байдаг. Ю ХХК, С" ХХК-иудын телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь харилцан орлох боломжтой, бараа бүтээгдэхүүний нэг зах зээл болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:
1. Хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ю ХХК-д олгосон 670/Б/IPTV 02 дугаар тусгай зөвшөөрөл. Уг тусгай зөвшөөрлөөр Ю ХХК-д 2009 оны 12 сарын 09-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх IPTVI эрхийг олгосон байдаг.
2. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дугаар тушаалын хавсралтаар Монгол Улсад Интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ IPTV/-г нэвтрүүлэхэд баримтлах чиглэл. Уг чиглэлд ...Монгол улсад интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг эрхлэх эрхийг тухайн газар нутагт 4 хүртэл оператор компанид олгоно... эрхийг олгохдоо холбогдох хууль, тогтоомжийн дагуу уралдаант шалгаруулалтын аргаар үйлчилгээ эрхлэгчийг шалгаруулна... Ай Пи Тв үйлчилгээ нь Video on Demand (VoD), Live TV, Төрөл бүрийн интерактив үйлчилгээнүүдтэй..." гэсэн байдаг. Үүнээс үзвэл Монгол улсад интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг эрхлэх эрхийг одоогийн байдлаар Ю ХХК, С ХХК-д олгосон байх бөгөөд цаашид сонгон шалгаруулалтын журмаар 2 оператор компанид эрх олгох боломжтой байх ба телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь бараа бүтээгдэхүүний нэг зах зээл гэдгийг уг баримт бичгээр тодорхойлсон байна.
3. Харилцаа Холбооны зохицуулах хорооны цахим хуудас дахь Интернет протоколд суурилсан ТВ (IPTV) үйлчилгээний зах зээлд өрсөлдөөн оруулна гэх гарчиг бүхий нийтэд илэрхий нийтлэл, баримтанд ...интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ нь дараахь давуу талуудтай юм. Үүнд:-Интернет протокол сүлжээгээр телевизийг нэвтрүүлэх боломж олгож буй шинэ үеийн дэвшилтэт технологи -ТВ сувгуудийг дуу дүрсний өндөр чанар бүхий FULL HD форматаар үзэх боломжтой -ТВ шууд эфирийг ухраах, түр зогсоох, -ТВ нэвтрүүлгийг дундаас нь ахин эхлүүлэх -Дуртай 22 нэвтрүүлгээ бичлэг хийн хадгалах Өмнөх өдрүүдийн нэвтрүүлгийг нөхөн үзэх-Video on Demand буюу хүссэн контентоо дуртай цагтаа сонгон үзэх зэрэг болно. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлөөр интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, үнэ тариф нь олон улстай харьцуулахад хямд, зах зээлийн багтаамж бага байгаагаас хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа удаан, монофоль үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар Улаанбаатар хотын хэмжээнд нэмж тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж байсан. Гэвч интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээнд өрсөлдөөн оруулах, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, үнэ тарифыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага... хэрэгжүүлэх шаардлага урган гарч ирсэн болно" гэжээ.
Үүнээс үзвэл телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь хэрэглэгчид хүрэх үйлчилгээний хувьд телевиз, радиогийн олон сувгийг Хиймэл дагуул-аар дамжуулах үйлчилгээ, Телевиз, радиогийн олон сувгийг Кабель-аар дамжуулах үйлчилгээнээс ялгаатай өөрийн гэсэн үйлчилгээний онцлогтой Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд хамаарч байна. Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний зах зээлд Ю ХХК 2010 оноос, С ХХК 2012 оноос тус тус үйлчилгээ эрхэлж эхэлсэн байна.
4. Хавтаст хэргийн 194-202 дугаар хуудсанд авагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам -ын 2.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно: 2.2.1. бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, 3.2-т Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж, тэдгээрийн харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд дараах үе шаттай байна: 3.2.2-т сонгосон ангиллын бараа бүтээгдэхүүний хэрэглээ болон нийлүүлэт талаас нь орлох бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг судлан харилцан орлох бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох гэж заасан байдаг. Үүнээс үзвэл телевиз, Ю ХХК-ийн радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь тодорхой бараа бүтээгдэхүүн болохын хувьд тухайн бүтээгдэхүүнийг харилцан орлох бүтээгдэхүүн нь С ХХК-ийн радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ байна.
Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь бараа бүтээгдэхүүний хүрээг үндэслэлгүйгээр, буруу тогтоож "Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогоогүй нь хууль бус байна.
Хоёр. Ю ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох тухайд
Ю ХХК нь Улаанбаатар хот болон бусад аймгуудад Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ , гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн.
Хавтаст хэргийн 43-53 дугаар хуудсанд авагдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, хавтаст хэргийн 54-63, 182-191 дугаар хуудсанд авагдсан Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийг тогтоох судалгаа, хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан Улаанбаатар хотод үйлчилгээ эрхлэгчдийн зах зээлийн мэдээлэлд телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэгч Ю ХХК болон С ХХК-иудын зах зээлийн мэдээлэл авагдсан байдаг.
Гурав. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж буй тухайд М ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуй нэгж бөгөөд өөрийн М HD сувгийг Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулан нийт хэрэглэгч үзэгчдэд хүргэдэг.
Мөн Мо ХХК нь Ю ХХК-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 15 ны өдрийн № Colpin 18/8131 тоот Хамтран ажиллах гэрээ, Байгууллагын гурвалсан үйлчилгээ-ний нөхцөлийн дагуу Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болсон. Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэн өрсөлдөөний тухай хуульд заасан үндэслэлээр өргөдөл, гомдол гаргах эрх нээлттэй байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Ю ХХК-ийг Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /IPTV/ зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Ю ХХК-ийг бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэх, бараа бүтээгдэхүүний борлуулалт зогсох, хязгаарлах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, зайлсхийх эрхтэй бөгөөд энэхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Түүнчлэн М ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуй нэгж бөгөөд өөрийн М HD сувгийг Ю ХХК-ийн телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгч, үзэгчдэд хүргэдэг.
Ю ХХК нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоох, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтаа зогсоох, хязгаарлах нөхцөл байдал үүссэн тохиолдолд Ю ХХК-ийн үйлчилгээг ашиглан М HD сувгийг хүлээн авч байгаа иргэдэд нөлөөлж, улмаар М HD сувгийн үзэлтийн тоо буурах, хэрэглэгчидээ алдах зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Ю******* ХХК-ийг Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /IPTV/ зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Ө******* ХХН-өөс 2018 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 18-12/178 албан бичгээр "Ю ХХК-ийг IPTV буюу гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолгох хүсэлтийг тус газарт ирүүлсэн байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д "аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол"-ийг шийдвэрлэх асуудлын хүрээнд Ө******* ХХН-өөс 18-12/178 тоотоор ирүүлсэн хүсэлтийн хүрээнд зах зээлийн судалгааг хийхээр тус агентлагийн зах зээл судалгааны газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдан батлуулж, судалгааны ажлыг үе шаттай хийж гүйцэтгэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ... 15.1.6-д зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална", Засгийн газрын 2010 оны 298 дугаар зүйл тогтоолоор баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын дагуу Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажил"-ын зах зээлийн судалгааг дараах үе шаттай хийсэн.
Үүнд:
1. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох
2. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох
3. Зах зээлийн төвлөрлийг тооцох
4. Зах зээлийн хүч гэсэн тодорхой процессын хүрээнд үе шатаар хийгддэг . Судалгааны ажлыг хийхдээ Ө******* ХХН-өөс ирүүлсэн хүсэлтийн дагуу телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээлийг судлах, Тухайн зах зээл нь зохицуулалттай салбар, харилцаа холбооны салбар тул ХХЗХ-ноос зохицуулалтыг хийдэг.
Тухайн зах зээлийн бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо хэрхэн авч үзэх болон Ө******* ХХН-өөс ирүүлсэн хүсэлтийн дагуу телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээ гэх зах зээлд бараа бүтээгдэхүүнийг авч болох эсэхийг судалж Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газрын дарга Д.А, ахлах мэргэжилтэн Т.Г, мэргэжилтэн Г.М холбогдох албан хүмүүстэй уулзалтуудыг тус тус зохион байгуулсан.
Тус уулзалтад ХХЗХ-оос зах зээлийн онцлог, салбарын зохицуулалт, олон улсын чиг хандлага холбогдох хуулийн журмын дагуу тусгай зөвшөөрлийн ерөнхий ангиллын тухай нэгдсэн ойлголтыг олгосон.
ХХЗХ-ны 2014 оны 6-р тогтоолоор Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангиллыг төвийг сахисан зохицуулалтын чиг хандлага зэргийг харгалзан шинэчлэн баталсан ба технологиос радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх гэж нэгтгэсэн байдаг, Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан "Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл-д нийцүүлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29 тоот тогтоолоор батлагдсан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага"-ын хүрээнд зохицуулалт хийж байна.
Тус зохицуулалтын баримт бичгийн 3.1.2.2-т зааснаар "Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ" ("олон сувгийг дамжуулах үйлчилгээ" гэдгийг цаашид ОСДҮЭ" гэх) гэж утастай, утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр хүргэх үйлчилгээг хэлнэ. гэж тодорхойлсны зэргийг үндэслэн Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлийн судалгааны ажлын бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д бараа бүтээгдэхүүний хүрээ гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг", Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 3.1-д Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ, 3.1.1 д эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл..." гэж заасан байдаг ба зах зээлийн хувьд тус тусдаа зах зээл биш. Телевизын олон сувгийг хэрэглэгчдэд чанартай, дуу дүрсний өндөр нягтралтай хүргэдэг (хүргэсний төлөө) хэрэглэгчээс сар бүр суурь хураамж авдаг, тус төлбөрт телевизийн үйлчилгээг дараах технологиудыг Сансрын холбоогоор (DVBS), Кабелиар (coaxial cable), Интернет проткол дээр суурилсан (IPTV), Газрын шугмаар (DVBT), Mobile TV, Look TV ашиглан эцсийн өрх хэрэглэгчид хүргэж, хэрэглэгч чөлөөтэй шилжиж байгаа нэг зээл бөгөөд ЗГ-ын 298 журмын дагуу харилцан бие биенээ орлож байгаа зах зээл Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын дагуу Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасны дагуу судалгааны ажлыг газрын хуралдаанаар оруулж, хуралдаанаас тогтоол гарсан болно.
Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт нэхэмжлэлд заавал тусгах зүйлийг заасан. 52.2.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой, 52.5.1 дэх хэсэгт эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай Нэхэмжлэлийн шаардлагад заавал нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тайлбар нотлох баримтыг шаарддаг.
Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны сонирхол хөндөгдөж болзошгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор гэсэн тайлбар ашиг гаргаж байна. Эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн үйлдэл тогтоогдсон талаар дурдаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь зөв эсэхэд Телевизийн өргөн нэвтрүүлэг ангиллын тусгай зөвшөөрөлтэй, телевизийн өргөн нь нэвтрүүлэг ангиллын тусгай зөвшөөрөлтэй, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, Ю******* ХХК нь телевиз радиогийн олон сувгийг дамжуулах, /Интернэт протокол ашиглан дамжуулах/ ангиллын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм.
Эдгээр аж ахуйн нэгжүүд нь 2 өөр зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа ба өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд биш юм. Нэг нь нөгөөгийнхөө хэрэглэгч юм.
М ХХК-ийн нэхэмжлэлд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар тодорхой бус, энэ талаарх нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ю ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Телевиз радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ нь өрсөлдөөний тухай хуульд заасан Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд хамаарагдахгүй байгаа тухай М ХХК нь телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээний зах зээлд Ю ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Хавтаст хэргийн 25-26, 43-53, 54-63, 182-192 дугаар хуудаст байгаа материалуудад Интернэт протокол ашигласан ТВ үйлчилгээний зах зээлд гэж дурдагдсан байгаа тул, мөн Харилцаа Холбооны зохицуулах хорооны цахим хуудас дахь Интернэт протоколд суурилсан ТВ үйлчилгээний зах зээлд өрсөлдөөн оруулна гэсэн гарчиг бүхий баримт болон бусад холбогдох баримт бичигт тулгуурлан интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ нь тусдаа зах зээл юм гэж үзсэн байна. Гэвч, Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т заасан "тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл" гэдгийг тодорхойлохдоо, Засгийн Газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын дагуу тодорхойлдог.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад холбогдох баримт бичигт Интернет протоколд суурилсан ТВ үйлчилгээний зах зээл гэж бичсэн нь тухайн үйлчилгээ, үйл ажиллагааг тусдаа зах зээл гэж үзэх хангалттай үндэслэл биш юм. Мөн тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд заасны дагуу тогтоодог бөгөөд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 онд хийсэн "Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа -ны дагуу интернэт протоколд суурилсан олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл нь тусдаа бие даасан зах зээл гэж тодорхойлогдохгүй байгаа нь, интернэт протоколд суурилсан гэдэг нь зөвхөн технологийг тодорхойлж байгаа бөгөөд зөвхөн "олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл" гэсэн зах зээл байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.
Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллага холбогдох судалгаанд, мэргэжлийн салбарын саналыг үндэслэн гаргасан шийдвэрийг М******* ХХК нь үндэслэлгүйгээр зах зээлийг тодорхойлж, өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар маргах нь үндэслэлгүй байна
Хоёр. Ю ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т заасны дагуу телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах зах зээл, гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш болох тухай М ХХК нь тодруулсан нэхэмжлэлдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 онд явуулсан "Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа-ны Ю ХХК, С ХХК-д холбогдох хэсгийг хэсэгчлэн авч, интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээний зах зээлд Ю ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэсэн тооцоо судалгааг өөрийн нэхэмжлэлийн шаардлагад тохируулан зохиомлоор гаргасан байна. Гэвч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 онд явуулсан судалгаа нь "Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа бөгөөд тус судалгааны хүрээнд зах зээл дээр олон суваг дамжуулах үйлчилгээг Улаанбаатар хотын хэмжээнд явуулж байгаа нийт 12 аж ахуйн нэгжийг хамруулан 2018 оны байдлаар хэрэглэгчийн тоо, зах зээлд эзлэх хувийг тогтоосон байдаг.
Тодруулбал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан судалгааны дагуу Улаанбаатар хотод давамгай байдалтай аж ахуй эрхлэгч байхгүй тухай, Ю ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж тогтоогоогүй бөгөөд тогтоох нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Тиймээс М ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан судалгааг өөрт ашигтайгаар хэсэгчлэн авч, Ю ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Гурав. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байгааг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой тусгаж, түүнийгээ нотлоогүй тухай
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Захиргааны аливаа акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх, түүнчлэн зөрчсөн эсэхийг тодорхой дурьдах ёстой. Гэвч, М ХХК нь түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор зөрчигдсөн тухай тодорхойлоогүй бөгөөд, түүнийгээ нотлоогүй байх ба, болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн үндэслэлийг гаргасан байна. Мөн ШӨХТГ-с гаргасан захиргааны актыг хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй буюу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх нь үндсэлэлгүй байна. Дээр дурдсаны дагуу, М ХХК-ийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хангалттай нотлогдохгүй байгаа тул, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-иас анх тус шүүхэд хандан Ю******* ХХК-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз радиогийн олон сувгийн интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар ....Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэргийн оролцогчдын тайлбар, хууль заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, М ХХК-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөллийн Ө******* ХХН анх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18-11/160, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18-12/178 дугаар албан бичгүүдээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан, Ю ХХК-ийг АйПиТиВи буюу гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолгох хүсэлтийг гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6/1680 тоот албан бичгээр ...тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлан мэдээгээ жил бүрийн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Харилцаа, холбооны зохицуулах хороонд ирүүлдэг, ...энэ тайланд үндэслэн судалгаа хийдэг тул дээр дурдсан хугацаанаас хойш судалгааг хийж, шийдвэрийг хүргүүлж ажиллах болно гэсэн хариуг өгч, 2019 онд Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа-г хийжээ
Судалгааны дүнд ...Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд нийт 12 аж ахуй эрхлэгч 484052 идэвхтэй хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлснээс борлуулсан үйлчилгээний биет хэмжээгээр гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж буй давамгай байдалтай аж ахуй эрхлэгч байхгүй, гэсэн дүгнэлтийг хийж, ... хөдөө орон нутагт телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд... Д ТВ ХХК тус тус давамгай байдлаа алдаагүй. ... Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдлаа алдсан Сансар кабель ХХК-ийн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгох саналыг дэвшүүлсэн.
Ингэхдээ, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны 15 дугаар тогтоолоор баталсан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага-ын 3.1.2.2-т Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ гэж утастай, утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр хүргэх үйлчилгээг хэлнэ хэмээн заасныг үндэслэн телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг кабелийн, хиймэл дагуулын, Ай Пи Ти Ви болон хөдөлгөөнт зэргээр технологийн төрлөөр нь ялгах боломжгүй гэж үзжээ.
Улмаар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор С ХХК-ийг кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлд давамгай байдлаа алдсаныг, ... телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд ...аймгийн төвүүдэд Д ТВ ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээрээ байгааг тус тус тогтоон шийдвэрлэж, тогтоол, судалгааны дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/802 дугаар албан бичгээр Ө******* ХХН-нд хүргүүлж, өмгөөлөгч н.Б-д 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан болох нь тус тус тогтоогдож байна.
2. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр, 15 дугаар зүйлийн 15.1.6-д зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Монгол Улсын Засгийн газар тогтоохоор,
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т олон суваг дамжуулах үйлчилгээ гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг хэлнэ хэмээн тус тус хуульчилсан бөгөөд
Монгол Улсын Засгийн газар 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан Зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 1.1-т Аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, ... харилцааг энэхүү журмаар зохицуулна, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор баталсан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага-ын 3.1.2.2-т Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ гэж утастай, утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр хүргэх үйлчилгээг хэлнэ хэмээн тус тус заажээ.
3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох-оор заасан бөгөөд Ө******* ХХН-өөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18-12/178 дугаартай албан бичгээр гаргасан өргөдөлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зах зээл судалгааны газраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6/1680 дугаартай албан бичгээр хариу өгч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/802 дугаар албан бичгээр Ө******* ХХН-нд хүргүүлж, Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлын танилцуулга-ыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч н.Б-д танилцуулсан хариуцагчийн үйл ажиллагааг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй хэмээн үзэх боломжгүй байна.
Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор баталсан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага-ын 3.1.2.2-т Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ гэж утастай, утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр хүргэх үйлчилгээг хэлнэ хэмээн, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т олон суваг дамжуулах үйлчилгээ гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг хэлнэ хэмээн тус тус хуульчилсантай холбогдуулан олон суваг дамжуулах үйлчилгээг технологийн төрлөөр нь ялган үзэж Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтын хүрээнд холбогдох журамд нийцүүлэн судалгааг хийх асуудал нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд өөрийн хуульд заасан сонгох боломжийг хэрэгжүүлэн Зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 3.2.2-т сонгосон ангиллын бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ болон нийлүүлэлт талаас нь орлох бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг судлан харилцан орлох бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох хэмээн заасныг үндэслэн телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг кабелийн, хиймэл дагуулын, Ай Пи Ти Ви болон хөдөлгөөнт зэргээр технологийн төрлөөр нь ялгах боломжгүй гэж үзсэн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг шүүх хуулийн хязгаарыг хэтрүүлсэн хэмээн үзэж буруутгах боломжгүй байна.
Иймд М ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан Ю" ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ю" ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Үүнтэй холбогдуулан хэрэгт нотлох баримтаар авагдсан, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 02/1422 дугаар албан бичигт Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ эрхлэгчийн зүгээс хэрэглэгчид өөрийн үйлчилгээгээ хүргэхдээ хиймэл дагуул ашиглах, интернэт протокол ашиглах, радио давтамж ашиглан агаараар дамжуулах, кабель шугам ашиглан дамжуулах болон мобайл /хөдөлгөөнт/ сүлжээ ашиглах гэсэн технологийн төрлүүдийг ашигладаг. ... манай улсын хувьд ч мөн сүүлийн 10-аад жилийн хугацаанд технологиос үл хамаарсан зарчмыг баримтлан зохицуулалтыг хийж байна хэмээн тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ю******* ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ