Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2014/0430

 

2014 оны 11 сарын 12 өдөр                    Дугаар 430                                          Улаанбаатар хот

 

Иргэн Ж.Х нэхэмжлэлтэй 
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Ж.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.З нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 20 14 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ж.Х-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Х-н нэр дээр бүртгэсэн Ү-220201****, Г-220200**** дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Ж.Х-т улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-220201****, Г-220200**** дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх- Уулын 2 дугаар гудамжны 574 тоот хаягт байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын анхны өмчлөгчөөр иргэн Ж.Х бүртгэгдсэн байсан бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Х-д өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэж, өнөөдрийн байдлаар дээрх хувийн сууц, газрын өмчлөгчөөр иргэн Ц.Х хэвээр байгаа бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “В” ББСБ-тай байгуулсан зээлийн барьцаанд бүртгэлтэй байна.

Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасныг үндэслэн хийсэн байх тул хууль зөрчөөгүй.

Иргэн Ж.Х нь дээрх хувийн сууц, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахын тулд иргэн Ц.Х-тай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл одоогийн өмчлөгч Ц.Х-н оролцоогүйгээр зөвхөн нэг талын хүсэл зоригийн дагуу Ж.Х-ын өмчлөлд дээрх эд хөрөнгийг бүртгэх хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд ингэх нь өөрөө иргэний эрх зүйн зарчим болоод иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Ц.Х би албан ёсны өмчлөгч тул миний эрх ашиг хөндөгдөхгүй гэж ойлгож байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Х-ын “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Х-н нэр дээр бүртгэсэн Ү-220201****, Г-220200**** дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Ж.Х-т улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Х давж заалдах гомдолдоо: “Миний бие Ж.Х нь 2011 онд газар, хувийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээ алдчихаад авч чадахгүй Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 2 удаа, хойш Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст 1 удаа, Чингэлтэй дүүргийн 2 дугаар шатны прокурорт 2 удаа гомдол гаргаад авч чадаагүй.

2013 оноос Баянзүрх дүүргийн шүүхэд 2 удаа, Чингэлтэй дүүргийн шүүхэд удаа, дүүргийн 1 дүгээр шүүх /нийлсэн/-д 1 удаа өргөдөл өгөөд шийдвэрлүүлж чадаагүй.

Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл гээд тус шүүхэд хандаад шийдэж чадалгүй орхив. Иргэн Ц.Х-г хариуцагчаар татах гэхээр уг гэрчилгээнүүд Ц.Х-д биш “В” ББСБ-ийн нэр байдаг. Уг байгууллагыг хариуцагчаар татан оролцуулах гэхээр гэрчилгээ дээр Ц.Х-н нэр байдаг.

Ц.Х-г өр зээлээ төлж дуусахыг хүлээх бол хэдэн жил болох нь тодорхойгүй. Ц.Х бид 2 бичиг баримтаа хүлээлцээгүй л болохоос 2011 оны 06 дугаар сарын 13-нд худалдааны хэлцлээ цуцлаад гарын үсэг зурсан.

2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээг цуцлах үед уг газар, хувийн сууцны I  гэрчилгээг Ц.Х-н нэр дээр бүртгэсэн, Ц.Х-г газар, хувийн сууцыг барьцаанд тавьсныг мэдээгүй юм. Энэ тухай баримт нотолгоо дүүргийн 1 дүгээр шүүхийн хавтаст хэрэг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр шүүхийн хавтаст хэрэг, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хавтаст хэрэгт хангалттай байгаа.

Бид хашаа байшин, газраа биетээр нь 2011 оны 08 дугаар сарын сүүлээр хүлээгээд авчихсан, одоо өмчилж, ашиглаж байна.

Гэтэл газар, хувийн сууцны гэрчилгээ авах гэхээр Ж.Х, Ц.Х, “В” ББСБ гурвын хооронд маргаан үүсээд гагцхүү бүртгэлийг шууд хийх, өөрчлөх, хүчингүй болгох, эрх дутаж байгаа, энэ асуудлыг мэдсээр байж шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хянаж миний газар, байшингийн гэрчилгээг сэргээн олгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Х-н нэр дээр бүртгэсэн Ү-220201****, Г-2202004**** дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, Ж.Х-т улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Х анх Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2 дугаар гудамжны 574 тоот хаягт байрлах 700 м.кв нэгж талбарын 1864031840**** дугаартай газрыг 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220200**** дугаарт бүртгүүлж, 000068151 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр, 45 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220201**** дугаарт бүртгүүлэн, 000136312 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус өмчилсөн боловч газар болон хувийн сууцаа Ц.Х-д худалдахаар гэрээ байгуулж, Ц.Х болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нар 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд хувийн сууцны гэрээг тусад нь хийх, худалдан авагч нь энэ өдрөөс уг газраа өөрийн нэр дээр бүртгүүлж болох”-оор тохиролцсоныг үндэслэн хуульд заасан журмын дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ц.Х өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, 000065681,   000136286 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан, улмаар Ц.Х 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ж.Б-д итгэмжпэл[1] олгосноор Ж.Б нь “В” ББСБ-тай 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр /ЗГ/ 10211964, /БГ/ 10211964 дугаартай “Зээлийн гэрээ”[2], “Зээлийн барьцааны гэрээ”[3]- нүүдийг байгуулсан, барьцааны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэгджээ.

Эрх бүхий этгээдээс гаргасан мэдүүлэг болон худалдах, худалдан авах, барьцааны гэрээ зэрэг хуульд заасан баримтууд дээр үндэслэн хийгдсэн хариуцагч байгууллагын бүртгэлийн дээрх үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”,

4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 -д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасантай нийцсэн бөгөөд хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, гуравдагч этгээд Ц.Х улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулсны дараа “В” ББСБ-аас үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан авсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна.

Нэхэмжлэгчээс хэдийгээр “Ц.Х-тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалсан, одоо уг газраа хүлээгээд авчихсан, ашиглаж байгаа” гэх боловч энэ нь улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, гуравдагч этгээд Ц.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан журмаар дуусгавар болоогүй буюу гэрээний оролцогч талын хувьд Ж.Х нь тухайн гэрээтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзсан эсхүл цуцлагдсан гэж үзэх боломжгүй.

Тиймээс хариуцагч байгууллагын үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.3захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧИД                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

Text Box: ШҮҮГЧИД

                                       Н.ХОНИНХҮҮ

                                                             Д.БАТБААТАР

 

 

 

 
 

 

 

 

 

 

 

 
   

[1] Хэргийн 34 дэх тал

[2] Хэргийн 43 дахь тал

[3] Хэргийн 45 дахь тал