Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

     2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/00588

                Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:............байрлах П.И ХХК-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:............Х ХХКомпанид холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 214 749 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Басцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч П.И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Х ХХКомпанитай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд захилагчийн хүсэлтээр 48 143 166 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч захиалагч тал барааны төлбөрөөс 30 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 18 143 166 төгрөгийг төлөхгүй байна.Иймд бараны үлдэгдэл төлбөр 18 143 166 төгрөгийг, алданги 9 071 583 төгрөгийн хамт 27 214 749 төгрөгийг Х ХХКомпаниас гаргуулж өгнө үү, алдангийг гэрээний 7.2, 7.3-т зааснаар нэхэмжилж байна гэв.

 

             Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх П.И ХХКтай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бараа материал нийлүүэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1-т “энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2016-04-28-ны өдрөөс эхлэн гэрээнд заагдсан бараа материалыг графикийн дагуу татаж дуусах, төлбөр тооцоог бүрэн барагдуулснаар тус гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болно” гэж заасан байна.Мөн гэрээний 3.3-т “гэрээний нийт дүн 43 191 141 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 50 хувь буюу 21 595 570 төгрөгийг гэрээ байгуулж баталгаажуулсаны дараа 3 хоногийн дотор, үлдэгдэл 21 595 570 төгрөгийг гэрээний хугацаан 2 хувааж төлнө”, 3.2-т “гэрээний үнэнд бараа материалын үнэ, нөат, тээвэр, баглаа боодлын үнэ багтсан болно” гэж заасны дагуу төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүй гэрээ хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна.Нийлүүлсэн бараа материал нь Гадаад харилцааны яамны ёслол хүндэтгэлийн өргөөний барилга угсралтын ажилд зарцуулагдсан.Гадаад хэргийн яамнаас гүйцэтгэсэн ажлын төлбөрөө авах гэтэл үлдэгдэл санхүүжилтийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын ажлын хэсэг ажилласны дараа Сангийн яамнаас төлбөрөө авдаг тул бид барилга байгууламжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллаж байна.Гадаад хэргийн яамнаас санхүүжилтийг авсны дараа гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг өгнө, алдангийг зөвшөөрөхгүй гэв.     

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.И ХХК хариуцагч Х ХХКомпанид холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл 18 143 166 төгрөг, алданги 9 071 583 төгрөг нийт 27 214 749 төгрөг

г


 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

 

Хариуцагч Х ХХКомпани 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр П.И ХХКтай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

 

Энэхүү гэрээгээр Х ХХКомпани нь П.И ХХКас барилгын гадна талын хөөсөнцөр багана, хүрээ, цонх бүхий бараа материал худалдан авах, Х ХХКомпани бараа материалын үнэ 43 191 141 төгрөгийг худалдагч байгууллагад төлөх үүргийг тус тус хүлээж  талууд тохиролцсон байна.

 

П.И ХХК гэрээнд заасан бараа материалыг Х ХХКомпанид хүлээлгэн өгсөн, уг бараа материалын үнийн 25 047 975 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Харин худалдан авагч Х ХХКомпани нь бараа материалын үнийн үлдэгдэл 18 143 166 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Гэрээний 3.3-т “гэрээний нийт дүн болох 43 191 141 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт  50 хувь буюу 21 595 570 төгрөгийг гэрээ байгуулж баталгаажуулсаны дараа 3 хоногийн дотор, үлдэгдэл 50 хувь буюу дугаар зүйлд 21 595 570 төгрөгийг гэрээний хугацаанд хоёр хувааж төлнө” гэж заасан байна.

 

Гэрээний 3.4-т “гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцлийг харилцан тохиролцсон ба 3.3 заалтаар төлбөр тооцоог түргэн төлж барагдуулна, хугацаа хэтэрсэн тохиолдолд 7.2 болон 7.3 дах заалтыг баримтлана” гэжээ.

Мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийг гэрээний 7.2, 7.3-т зааснаар нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний 7.2-т “захиалагч тал төлбөр тооцоог графикт заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувийн хүү болон 0,5 хувиар алданги тооцож нийлүүлэгч талд төлнө, гэрээний 7.3-т “энэхүү гэрээний нөхцлийг зөрчснөөс аль нэг талд шууд хохирол учирвал нөгөө тал нь хохирлыг арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч талыг бараа материалын үнийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр алданги шаардаж байгаа ч хугацааг хэзээнээс хэтэрсэнд тооцсон болох нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл үүрэг зөрчигдсөн буюу хугацаа хэтэрсэн гэх үйл баримтыг тодруулах шаардлагатай байх боловч гэрээний 7.2-т заасны дагуу талуудын хооронд төлбөр тооцоо хийх график хийгдсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэгэнт төлбөрийг төлж дуусах хугацааг тодорхойлсон, гэрээнд зааснаар график байхгүй тул хариуцагч байгууллагаас 9 071 583 төгрөгийн алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Мөн талуудын хооронд хийгдсэн гэрээнд бараа, материалын үнийг Гадаад хэргийн яамнаас санхүүжилтийг авсны дараа төлнө гэх тохиролцоо хийгдээгүй байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х ХХКомпаниас 18 143 166 /арван найман сая нэг зуун дөчин гурван мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан П.И ХХКд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 9 071 586 /есөн сая далан нэгэн мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 248 666 /хоёр зуун дөчин найман мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан П.И ХХКд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН