Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2022/0156/Э |
Дугаар | 2022/ШЦТ/169 |
Огноо | 2022-05-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0156/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц- овогт Ц-ийн Э-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218001040172 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон засварчин мэргэжилтэй, үзэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц- овогт Ц-ийн Э- /РД: /,
Н.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Д-” клубт Э.Ш-тай маргалдан улмаар түүний цээжин тус газар хурц ир, үзүүртэй төмрөөр хатгаж, цээжний зүүн өмнө хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Э.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найзтай ноцолдоод байсан хоёр залуу хоёр давхар луу гарч ирээд ширээний хажууд зогсохоор нь би босоод бүгдээрээ маргалдаад дэмий гэж хэлтэл зүүн гар талд зогсож байсан малгайтай нүдний шилтэй залуу нь баруун гартаа нэг зүйл барьж байгаад миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хатгасан. ...би уг хоёр залууг танихгүй бөгөөд тухайн үед жижиг биетэй залуу нь өөрийгөө М- гэх хочтой гээд хэлээд байсан. Уг М- гэх хочтой намхан залуу миний цээжний зүүн хэсэгт юмаар хатгаж, би цээжнийхээ зүүн хэсэгт 3 оёдол тавиулсан. ...надад хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17/,
Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би юу болсон талаар Ш-аас тодруулахад намайг М- гэх хоч нэртэй залуу миний цээж рүү юмаар хатгачихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
Гэрч Т.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд хэсэг хугацааны дараа “надтай маргалдаад байсан залуу нэг жижиг биетэй, саарал өнгийн цамцтай залуутай хамт хүрч ирсэн болохоор нь манай найз Ш- түрүүлж очоод бүгдээрээ маргалдаад дэмий гэж хэлтэл зүүн гар талд зогсож байсан малгайтай нүдний шилтэй, жижиг биетэй, М- гэх хочтой залуу нь баруун гартаа нэг зүйл барьж байгаад манай найз Ш-ын цээжний зүүн хэсэгт нэг удаа хатгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30/,
Гэрч Д.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд бид нарыг Д- баарны дотор байсан хүмүүс салгатал манай найз Ш-ын цамцны цээжний зүүн хэсэг нь цус болчихсон байхаар нь би Ш-аас яагаад цус болчихсон талаар асуухад уг жижиг биетэй М- гэх хочтой залуу юмаар намайг хатгачихлаа, яг юугаар хатгасныг нь мэдэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41/,
Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ш- босоод уг хоёр залуутай юм ярих гээд очоод уг хоёр залуутай зууралдаад зодолдоод эхэлсэн бөгөөд Өлзийбадрах, Одсүрэн болон тэнд байсан хүмүүс очиж салгатал манай найз Ш-ын цамцны зүүн хэсэг цус болчихсон байхаар нь яагаад цус болчихсон талаар асуухад уг жижиг биетэй М- гэх хочтой залуу юмаар хатгачихсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 152 дугаартай “...Э.Ш-ын биед цээжний зүүн өмнө хэсэгт шарх, баруун хөмсгөнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх шархны гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Ш-ын биед илэрсэн дээрх гэмтэл шархны гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 276 дугаартай “... Н.Э-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай “...Хар саарал өнгийн богино ханцуйтай цамцны зүүн суганы оёдол хэсгээс баруун тийш 12 см зайд 0.4*0.1 мм хэмжээтэй гэмтэл нь зүсэгдэл байна. Энэ гэмтэл нь шовх ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цагаан өнгийн малгайтай цамцанд үүссэн гэмтэл нь зүүн суганы оёдлоос баруун тийш 12.5 см зайд байх 0.4*0.1 мм хэмжээтэй гэмтэл нь зүсэгдэл байна. Энэ гэмтэл нь шовх иртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-78/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 10/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...уг бичлэгийн зүүн доод буланд 01-18-2022 Thu 23:30:30 гэсэн бичиглэлтэй сар, өдөр, он, цаг, минут, секунд зааж байх ба Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Д- баарны хоёр давхарын шатны хэсгийг харуулж байв. Бичлэгийн 10 секунд дээр Г.Мөнх-Эрдэнэ, Н.Э- нар нь урд хойшоо чиглэлтэй явах ба хохирогч Ш- нь Г.Мөнх-Эрдэнэ, Э- нар руу дөхөж очиход Н.Э- нь Ш-ын цээжний зүүн хэсэг рүү баруун гараараа хатгах үйлдэл хийхэд Ш- нь баруун гараараа цээжнийхээ зүүн хэсгийг заахад” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6/,
Яллагдагч Н.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, цаашид ахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 795 нэгжээр торгох, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Э.Ш-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай хагас ханцуйтай цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц- овогт Ц-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-од 795 /долоон зуун ерөн таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 795,000 /долоон зуун ерөн таван мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-од оногдуулсан 795,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 265,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай хагас ханцуйтай цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД