Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00681

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/00681

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Л.Н-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б.А-т холбогдох

 

Зээлийн болон бусад зардлын 15 106 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад, хариуцагч Б.А, гэрч Ж.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.А нь Л.Нийн төрсөн охин Ж.Нэргүйтэй 20015 онд гэр бүл болж хамт амьдарч байсан ба 2016 оноос тусдаа амьдарч байгаад 2017 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан, 2014 онд Б.А Ар Гүнтэд Фермийн газар авахад мөнгө хэрэгтэй болоод банкнаас зээл авах хэрэгтэй гэдгээ хэлж Л.Нийг хашаа, байшин, машинаа барьцаалаад зээл аваад өгөөч, би төлнө гэж гуйгаад байхаар нь зөвшөөрсөн байдаг.Ингээд Л.Нийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 48 дугаар гудамжны 1072 тоотод байрлах байшин, газар болон 43-55 УНӨ улсын дугаартай Соната-5 маркийн авто машин зэргийг банкинд барьцаалж, Б.А хамтран зээлдэгчээр орж 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Капитал банкнаас 13 000 000 төгрөгийг Б.А авч 8 үхэртэй ферм худалдаж авсан.Ингээд зээл авснаас хойш тасралтгүй төлж байсан боловч 2017 оны 10 дугаар сараас хойш төлөхгүй байснаас болж банк Л.Нийг зээлээ төлөхийг шаардсан тул Б.А хэлэхэд би төлөхгүй наад малаа зараад төлчих гэсэн.Фермийг худалдаж авснаас хойш Л.Н, түүний гэр бүл М.Жаргал нар малыг маллаж байсан ба энэ хугацаанд Б.А малын идэш, тэжээл болон хэрэглээний зардлыг өгч байгаагүй, тэд хувиасаа мөнгө гаргадаг байсан ба 2017 оны 1 сарын 10-ны өдөр тэтгэврийн зээл авч фермийн малын өвс, тэжээл, хужир давсаа худалдан авч ажиллаж ирсэн.Одоо Б.Аын аав, ээж нь фермийн газар дээр амьдарч байгаа ба Б.А анх тохироцсоны дагуу Капитал банктай байгуулсан гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаагийн улмаас Л.Нийн өмчлөлийн эд хөрөнгө, амьдрах байр, унаа зэргийг нь зээлийн барьцаанд алдах эрсдэлд ороод байна.Иймд Б.Ааас 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн зээлийн гэрээгээр Капитал банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 7 200 000 төгрөгийг гаргуулах, 2016, 2017 оны фермийн мал аж ахуйд зарцуулсан өвс тэжээл түүнтэй холбоотой бусад зардлууд болох 5 650 000 төгрөгийг, ферм дээр ажилласан 2 хүний ажлын хөлс 1 680 000 төгрөг, Б.Аын өмнөөс Капитал банкны 2016 оны 9, 10 дугаар сарын зээл төлсөн 576 000 төгрөг нийт 15 106 000 төгрөгийг Л.Нт гаргуулж өгнө үү, хариуцагчийн санаачилгаар өндөр насны тэтгэврийн хүнээр зээл авхуулсан, Б.А хамтран зээлдэгч байгаа, ферм хариуцагчид байгаа, үхрүүд нэхэмжлэгч талд байгаа, малыг маллаж байгаа учраас ажлын хөлс шаардах нь зөв гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа:Зээлийн тодорхой хувиар худалдан авсан үхэр бүгд өөрсдөд нь байгаа, би нэг ч мал аваагүй, зээлийн тодорхой хувь нь 43-55 УНӨ улсын дугаартай машиныг банк бус байгууллагын өмнөх зээлээс нь чөлөөлөхөд зарцуулсан, зээлийн барьцаанд байгаа хашааг барихад би тодорхой хөрөнгө оруулсан, хашаан доторх байшингийн өргөтгалийг өөрийн хөрөнгөөр барьсан.Зээлийн мөнгө өөрсдийн хүүхдүүдэд нь зарцуулагдсан, би нэг ч төгрөг аваагүй байж зээлийн тодорхой хувийг нь төлж өгсөн тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би банкны зээлийг төлөх боломжгүй, би нэхэмжлэгчийн охинтой гэр бүл байсан учраас төлж байсан ба тэдний авсан, зарцуулсан зээлийг би төлөх үндэслэлгүй, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өвс худалдан авсан гэрээ худал байна.Өөрсдийнхөө малыг маллаж байж хүмүүс надаас ажлын хөлс нэхэх боломжгүй, өөрсдийн зээлийг 2 сар төлсөнг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, гэрлэлтээ цуцлуулахад фермийн газрыг  надад үлдээж шийдвэрлэсэн, малын талаар ярилцаагүй, малыг Ж.Нэргүйн аав Жаргал, ээж Л.Н нар аваад нүүсэн, надад мал байхгүй гэв.

 

Гэрч Ж.Нэргүй шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Энэ зээлийг 2016 онд Б.А надад хэлэлгүй ээжийн өмчлөлийн хашаа, байшинг барьцаалж зээл авсан байсан, мөн манай дүүгийн машиныг гуйц байгаад барьцаанд тавьсан байсан.Бид 2016 онд гэрлэлтээ цуцлуулахад фермийг газар, газрыг зээлийг  Б.Ат, байрны зээлийг надад шилжихээр тохиролцож шийдвэрлүүлсэн, фермийн газар дээр Б.Аын аав, ээж амьдарч байгаа.Шүүхийн шийдвэрт үхэр гэж дурдаагүй, шийдвэрт зөвхөн газрыг Б.Ат шилжүүлэхээр заасан, малыг одоо манай аав, ээж маллаж байгаа, малын тооллогоор манай аав, ээжийн нэр дээр тоологдсон, үхрүүдийг миний хөрөнгө гэж бодож байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Н хариуцагч Б.Ат холбогдуулан Капитал банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 7 200 000 төгрөг, 2016, 2017 оны фермийн мал аж ахуйд зарцуулсан өвс тэжээлийн болон бусад зардлуудын 5 650 000 төгрөг, ферм дээр ажилласан 2 хүний ажлын хөлс 1 680 000 төгрөг, Б.Аын өмнөөс Капитал банкны 2016 оны 9, 10 дугаар сарын зээл төлсөн 576 000 төгрөг нийт 15 106 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Б.А нар 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Капитал банкнаас 13 300 000 төгрөгийг, 5 жилийн хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэй зээлж авсан болох нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч Капитал банк нь зээлдэгч нараас шаардах эрхтэй байна.

 

Харин Л.Н дээрх зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Б.Ааас шаардах эрхгүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Л.Н нь өөрөө зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч байж хамтран зээлдэгч Б.Аын өмнөөс Капитал банкинд 2016 оны 9, 10 дугаар сарын зээл төлсөн гэж 576 000 төгрөгийг шаардаж байгаа нь тодорхой бус байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон зээлийн гэрээнд зааснаар Л.Н нь Капитал банкнаас авсан зээлийн төлбөрийг өөрөө төлөх үүрэгтэй байна.

 

Б.А Ж.Нэргүй нарын гэрлэлтийн асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тэдний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ферм гэж малын хашаа, газрыг Б.Ат олгож шийдвэрлэсэн, малын талаар шийдвэрт дурдаагүй болох нь Б.Аын тайлбар, гэрч Ж.Нэргүйн мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Нөгөө талаар уг фермд байсан малыг Б.Аын хөрөнгө гэж нэхэмжлэгч Л.Н нь мал аж ахуйд зарцуулсан өвс тэжээлийн болон бусад зардлуудын 5 650 000 төгрөг, ферм дээр ажилласан 2 хүний ажлын хөлс 1 680 000 төгрөгийг шаардаж байх боловч хариуцагч Б.А нь уг малыг миний хөрөнгө биш гэж тайлбарлаж байхад гэрч Ж.Нэргүй дээрх малыг миний хөрөнгө гэж мэдүүлж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Нийн маллаж байгаа гэх малыг Б.Аын өмчлөлийн хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад хариуцагчаас малын өвс тэжээлийн зардал болон ажлын хөлсийг гаргуулах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Б.Ааас 15 106  000 /арван таван сая нэг зуун зургаан мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Л.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 000 /хоёр зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН