Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0144/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Б-ийн У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118003960155 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич, эрүүл ахуйч мэргэжилтэй, “Г” ХХК-д нярав ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ийн У- /РД: /,

Б.У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У- нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод Б.Г-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой би хуучин хорооллын гэртээ амраад байж байхад Дархан сумын ... тоот манай гэрт амьдардаг нөхрийн дүү Б-ын хүү П- над руу 23 цагийн орчим залгаад аав согтуу 2 хүүүхэн дагуулж ирчихээд намайг загнаад гэрээс хөөгөөд байна, та намайг ирээд авчхаач би урдаас чинь алхаад явж байя гэсэн, тэгэхэд би машинаа бариад ШУТИС-ийн урдуур Баталион чиглэлд яваад гэртээ очиход П- байгаагүй замдаа надтай зөрчихсөн байсан. Энэ үед гэрт манай дүү Б- миний танихгүй 2 хүүхэнтэй 1 шил архи дундаа тавиад тал хүртэл нь уучихсан сууж байсан, тэгэхээр нь Б-д хандаж “за юу болж байна, үр хүүхдээ гудамжинд гаргаад ингээд сууж болдог юм уу” гэтэл Б- “манай ажлын 2 хүүхэн байгаа юм, одоо гарчихнаа” гэсэн. Тэгэхэд тэнд байсан У- гэх шар царайтай эмэгтэй надад хандаж “чи муу одоо хэн бэ, хөгшин авгай” гэж хэлээд Б-д “Зулаа чи ийм хөгшин авгайтай юм уу” гэж хэлээд намайг зайл гэхээр нь би “чи муу миний гэрт орж ирээд намайг хөөдөг хэн бэ” гэж хэлээд тэр хүүхнийг заамдаад гэрээс гаргах гээд үүд рүү  чиртэл намайг үсдэж дарахад хамт байсан А- гэх эмэгтэй салгах гэж байгаад бас намайг үсдээд дарчихсан, тэгэхэд У- гэх эмэгтэй нь босоод гараад явчихсан. Энэ үед А- нь миний үсийг тавиад араас нь гараад очиход Б- гэрээс гараад зугтсан, харин А- нь машиндаа суучхаад согтуу машин бариад явах гээд байхаар нь явуулахгүй тольноос нь бариад авахад машиных нь толь нугасаараа хойшоо гэдийсэн, хугарсан эсэх талаар мэдэхгүй байна. Энэ үед У- гадаа хараад зогсож байсан. Ингээд А- нь машинаасаа бууж ирээд намайг дахиад үсдэж аваад намайг газар унагаахад У- нь ирээд хажуунаас хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Ингээд би А-тай нь зууралдаад байж байхад У- нь миний машиныг тойроод өшиглөөд байсан энэ үед А- нь надтай зууралдаж байгаад надаас салаад машинаа согтуу бариад яваад өгсөн, тэгэхээр нь би У- дээр явж очоод машин өшиглөж байгааг болиулах гээд бариад автал баячуудыг яасан ч яадаг юм гээд дахиад өшиглөөд байхаар нь би татаж байгаад хашаандаа оруулж байгаад хаалгаа хаасан чинь хашааны дээгүүр авирч гарч ирээд толгойны зулай хэсэг рүү 2 удаа өшиглөхөөр нь хөлнөөс нь татья гэж бодтол цаашаа буучихсан. Хаалганы цаанаас удаа дараа намайг доромжилж эмээ, хөшин авгай, нөхөр чинь яаж тоосон юм гэх мэтээр доромжлоод байсан. Ингээд би машинаа харахад машины жолооч талын гупер хонхойж копут халцарсан зүүн талын хаалга зурагдсан. Тэр үед У- гэх эмэгтэй төмөр тоногтой хар гутал өмссөн байсан болохоор тэр гутланд машин зурагдчихсан, ...машиныхаа хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар гаргуулахад 625,000 төгрөг болсон эмнэлэгт үзүүлэхэд толгой хавантсан, гуя шилбэний зөөлөн эдийн бэртэлтэй, тархи хөдөлсөн гэж хэлж байсан. Би өөрөө бас рентген зураг авхуулж хэвлийн эход үзүүлсэн. А- намайг айхтар зодож цохьсон асуудал байхгүй үсдэснээс өөр зүйлгүй харин У- гэх эмэгтэй нь намайг үсдсэн, толгой руу өшиглөсөн, хөл рүү бас өшиглөсөн, дунд хурууны хумс хугалж гарыг хойш дараад байсан. Тийм болохоор надад учирсан гэмтлийг У- нь учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгэхэд У- эгч тэр эмэгтэйгийн үснээс зөрүүлж зулгаагаад татаад хоорондоо ноцолдоод байхаар нь би дундуур нь ороод салгасан. ...тэгэхэд У- эгч машинаас буугаад ирэхэд нөгөө эгч У- эгч рүү зодох  гээд дайраад, тэр хоёр дахиад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад зууралдаад байхаар нь нөгөө эгчийн гараас нь татаад салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 787 дугаартай “...Б.Г-ы биед тархи доргилт, хуйх, зүүн гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Г-ы биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 41-42/,

Шинжээч Д.Туяагийн “...би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Б.Г-ыг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Б.Г-ы биед тархи доргилт, хуйх, зүүн гуя, шилбэ, баруун гуянд цус хуралтын гэмтэл тогтоогдсон бөгөөд цус хуралтын өнгө, хуйхны хаван зэргээс харахад 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Амбулаторын карт авч ирснийг шинжилж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмтлийн эмчид үзүүлсэн тэмдэглэл байсан” гэх шинжээчийн мэдүүлэг / хавтаст хэргийн 31/,

“Ашид билгүүн” ХХК-ийн: “... Уг машины баруун урд крыло хонхойж зурагдсан, капут будаг халцарсан байв... үнэлгээгээр тогтоогдсон дүн 250,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 53-54/,

Яллагдагч Б.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Г-ы биед учирсан дээрх гэмтлүүдийг би учруулсан. Б.Г-ы биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.  ...би тухайн үед нилээн өндөр согтолттой байсан болохоор болсон явдлыг хагас дутуу санаад байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааагдаж ирсэн зүйл болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Б-ийн У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-д 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД