Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/640

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч З.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч З.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208012450840 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “У” ТӨХК-ийн С ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дугаар гудамж, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт З-ын Б(РД:*****).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Бсогтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ** дугаар гудамж, ** дүгээр байрны ** дугаар орцны ** давхарын шатны хэсэг орчимд хохирогч Н.Бхүнтэй андуурсны улмаас цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун дээд бага араа хөдөлгөөн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч З.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн үйлдлээ мэдэж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 1,100,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна, дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 2208012450840 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Б-ын: “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчим шатаар өгсөж байхад манай байрны нэг орцонд амьдардаг зүс таньдаг З.Бгэх залуу согтуу уруудаж байсан. Би мэндлээд зөрөх гэхэд намайг хүнтэй андуураад байх шиг байсан, нэг нэр хэлээд намайг “чи ямар их эхнэр, хүүхдээ зовоодог юм бэ” гээд миний нүүр лүү гараараа цохиж унагаад миний нуруу, хоёр хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд хувцаснаас бариад тавихгүй байсан. Би гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн, би буцааж цохиогүй, өөр маргаан зодоон болоогүй. Намайг З.Бзодож хоёр гуя, нуруу, баруун нүд, баруун дээд талын шүд хөдөлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйгаад бид хоёр хоорондоо эвлэрсэн. Би эмчилгээний зардалд 300,000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Хиймэл шүд хийлгэх 800,000 төгрөгийг данс руу хийсэн. Би 1,100,000 төгрөг авсан ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.24-ний өдрийн 4607 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Б-ын биед баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун дээд бага араа хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.5. Дээрх гэмтлүүд нь 2022.03.17-нд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ** дугаар гудамж, ** дүгээр ** дугаар орцны ** давхарын шатны хэсэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Н.Бзодож биед нь хөнгөн гэмтэл шарх учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Н.Батжаргалтай уулзаж уучлалт гуйсан. Эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж төлнө. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-27), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-22), “”тодорхойлолт (хх-26), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-28), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-29), дансны хуулга (хх-30-35), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-62, 63), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-65), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-66) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч З.Бсогтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дугаар гудамж, ** дүгээр байр, ** дугаар орцны** давхарын шатны хэсэг орчимд хохирогч Н.Бхүнтэй андуурсны улмаас цохиж зодон эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун дээд бага араа хөдөлгөөн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Б-ын “...З.Бсогтуу уруудаж явсан бөгөөд намайг хүнтэй андуураад байх шиг байсан, нэг нэр хэлээд намайг ,чи ямар их эхнэр, хүүхдээ зовоодог юм бэ” гээд миний нүүр лүү гараараа цохиж унагаад миний нуруу хоёр хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд хувцаснаас бариад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-9-10), шүүх эмнэлгийн 4607 дугаар “1.Н.Б-ын биед баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун дээд бага араа хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. 6.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжилгээ (хх-18-19), шүүгдэгч Б.Б-ын “...Н.Бзодож биед нь хөнгөн гэмтэл шарх учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-57) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-гын согтуурсан үедээ хүнтэй андуурч хохирогч Н.Б-ын нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, газар унагаан нуруу, хөл рүү нь өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,100,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-62)-ийг тус тус гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч З.Бнь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамж, ** дүгээр байрны ** дугаар орцны ** давхарын шатны хэсэг орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Бөөр хүнтэй андуурсны улмаас маргалдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун дээд бага араа хөдөлгөөн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй, ийм байдалтай зогсохгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Бнь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг бусадтай андуурч нүүрэнд гараараа цохиж унагаан хөл, нуруу луу нь өшиглөж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,100,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Бцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт З-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Бцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР