Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0104/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч А.Н-, түүний өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э- овогт М-гийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай,

Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Э- овогт М-гийн А- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А- нь найз А.Н-гаас Дархан-Уул аймгийн Хонгор сумаас малын мах худалдан авч хиамны цехэд худалдан борлуулна, мал худалдан авсан, малаа зараад буцааж өгнө гэж хуурч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 7,500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд, өр төлбөрөө төлөх зэргээр зарцуулсан болох нь:

Хохирогч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим гэртээ байхад манай багийн найз болох М.А- нь надтай утсаар холбогдоод найз нь ямааны мах авах гээд байна. Чи надад 7,500,000 төгрөг зээлээч, би ямааны махаа шулаад хиамны цехэд өгөөд 7 хоногийн дотор мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө Х- банкны ХХХ- дугаарын данснаас ХХХ- дугаарын Х- банкны А-гийн эзэмшлийн данс руу нь 7,500,000 төгрөг “zeeleb” гэсэн утгатай шилжүүлсэн юм. Ингээд 10 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А- нь надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь А- руу залгаад “Чи яагаад зээлсэн мөнгөө өгөхгүй байна” гэж хэлэхэд А- найз нь чиний мөнгийг хиамны цехээс аваад махан дээр зогсдог Нандиа гэх эмэгтэйн зээл хаачихсан гэж хэлэхээр нь чи надаас зээлсэн мөнгөө дураараа хүнд зээлээд байгаа юм бэ гэхэд нэгэнт өгчихсөн юм чинь яаж авхав дээ, найз нь хэд хоногоос мөнгийг чинь бүтээгээд өгчихье гэж хэлэхээр нь би дахиад 10-аад хоног хүлээсэн юм. Ингээд би А- руу залгаад “надаас зээлсэн мөнгө юу болсон талаар тодруулахад Н-гийн зээл нь гараагүй дахиад 5,000,000 төгрөг дутаад байна. Хоёулаа мөнгөө авахын тулд Нандиад 5,000,000 төгрөг өгөөд зээлийг нь төлж өгье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд өөрийн Х- банкны ХХХ- дугаарын данснаас А-гийн эзэмшлийн ХХХ- дугаарын данс руу нь 5,000,000 төгрөг “zeeleb 99091896” гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн юм. Ингээд маргааш нь гэртээ байхад А- над руу залгаад найз нь Дархан-Уул аймгийн Хонгор сумаас мал авмаар байна. Чи надад яаралтай 8,000,000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь чи надаас зээлсэн өмнөх мөнгө яах гэж байгаа юм бэ гэж хэлэхэд наад мөнгө чинь удахгүй 7-10 хоногийн дотор зээл бүтээд гарна, тэгэхээр нь би өгчихнө гэж хэлэхээр нь би итгээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчим өөрийн Х- банкны ХХХ- дугаарын данснаас 8,000,000 төгрөгийг А-гийн эзэмшлийн ХХХ- дугаарын данс руу нь 8,000,000 төгрөг “d zeeleb” гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн юм. Ингээд 2 хоногийн дараа А- руу залгаад зээлсэн мөнгө өг гэж хэлэхэд А- найз нь найдвартай надад итгэ, би найдвартай мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн болохоор нь би итгээд хэд хоног хүлээсэн юм. Ингээд хэд хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байхад А- над руу залгаад найздаа 10,000,000 төгрөг зээлээч би мал авах гэсэн юм гэж гуйхаар нь чи надаас зээлсэн мөнгөнүүдээ өгчих гэж хэлэхэд би тэр мөнгөөр чинь өөрийнхөө зээлийг хаачихсан гэж хэлэхээр нь чи ямар муухай зантай юм бэ дураараа хүний мөнгийг ингэж ашиглаж болдог юм уу гэж хэлэхэд найзыгаа уучлаарай, би өөрөө 50,000,000 төгрөгийн зээл аваад буцаад чиний мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би найз А-д итгээд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим өөрийн Х- банкны ХХХ- дугаарын данснаас 10,000,000 төгрөгийг А-гийн эзэмшлийн Х- банкны ХХХ- дугаарын данс руу “mahnii une” гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн юм. Ингээд А- надаас мөнгө зээлснээс хойш миний утсыг авахаа больж ажил дээр нь очоод уулзахаар чиний өгсөн мөнгөөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд 200 ширхэг ямаа, 100 ширхэг хонь, 10 үхэр авчихсан байгаа гэж хэлсэн. М.А-д хандан малаа Дарханд оруулж ирж зараад миний мөнгийг өг гэхэд гарал үүслийн бичиг олдохгүй байна гэж хэлээд байсан. 2021 оны 10 дугаар сараас эхлэн 4 удаагийн 30,500,000 төгрөг ямар ч хүүгүй мөнгө зээлсэн юм. Ингээд би А-гаас мөнгөө авъя гэж асуух тоолонд худалдаж авсан малаа зарж чадахгүй байна гэж хэлээд байдаг. ... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээгээд мөнгө өгөхгүй байхаар нь А-гийн нөхөр болох Батхуяг руу залгаад “танай эхнэр надаас зээлсэн 30,500,000 төгрөг өгөхгүй байна” гэж хэлэхэд “над руу битгий залгаад бай” гэж хэлсэн. ...А- руу залгаад “мөнгө өг гэж хэлэхэд” чиний чадал хүрвэл надаас аваарай гэж хэлэхээр нь арга барагдаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-18/,

Гэрч Р.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Дархан-Уул аймгийн Дархан зах дотор махны тасгийн 12 дугаар лангуун дээр мах зардаг юм. Дархан-Уул аймгийн Дархан зах дотор 2 ширхэг цайны газар ажиллуулдаг гэх А-  гэх эмэгтэй нь цайны газрынхаа махыг бэлдэх гээд 4,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлэг хийсэн мөнгө байгаа юм. Энэ мөнгөөр А- надаас өмнө нь зээлээр авсан байсан махны мөнгийг өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би сар өдрийг нь санахгүй байна. Манай найз А- надаас өөрийнхөө ажиллуулж байгаа цайны газартаа хэрэглэх мөнгөгүй боллоо гэж хэлээд 7,000,000 төгрөгийг зээлээч гэж хэлсэн. Тэгээд удалгүй өгнө гэхээр нь би А-д өөрийнхөө данснаас 7,000,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлж байсан.  Ингээд надад буцаагаад 11 дүгээр сарын дундуур 5,750,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Дархан-Уул аймгийн Дархан зах дотор хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг лангуутай юм. Дархан-Уул аймгийн Дархан зах дотор 2 ширхэг цайны газар ажиллуулдаг А- гэх эмэгтэй нь над руу цайны газрынхаа материалыг бэлдэх гээд 6,600,000 төгрөгийг над руу шилжүүлэг хийсэн мөнгө байгаа юм. Энэ мөнгөөр А- надаас гурил, будаа болон хүнсний бүтээгдэхүүн авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би яг хэзээ ямар байдлаар авсныг нь мэдэхгүй байна. Манай эхнэр А- бид хоёрын данс нь тусдаа бөгөөд А- нь өөр хүнээс мөнгө зээлээд тэр мөнгөөрөө мал худалдаж аваад зараад ашиг олдог юм. Эхнэр бид хоёрын орлого тусдаа зарлага нь бас тусдаа байдаг юм. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байхад Н- залгаад “танай эхнэр А- надаас мөнгө зээлчихээд өгөхгүй удаад байна” гэж хэлэхээр нь би гайхаад А- руу залгаж “Н-гаас мөнгө зээлсэн талаар нь асуутал нэлээн хэдэн төгрөг авчхаад буцааж өгөх боломж нь муу болоод өгч чадахгүй байна” гэж хэлсэн юм. Ингээд би эхнэрийн зээлсэн мөнгийг Н-д барагдуулах зорилгоор эхнээс нь төлөөд эхэлсэн бөгөөд саяхан 5,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25/,

М.А-гийн эзэмшлийн Х- банкны ХХХ- дугаар дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 59, 85, 86-87, 122/,

А.Н-гийн эзэмшлийн Х- банкны ХХХ- дугаар дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-8/

Шүүхийн хэлэлцүүлэгт М.А-, А.Н- нараас тус тусын дансны 2021 оны нийт гүйлгээг тулган гаргаж өгсөн тооцооны баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээний талаар маргахгүй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч “гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцжээ.

 

Иргэний эрх зүйн харилцаа нь эрх тэгш талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр үүсдэг бөгөөд уг харилцаа нь бодитой, үнэн зөв, нөхцөл байдалд үндэслэгдсэн байдаг бол залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, худал хэлж хуурах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч М.А- нь “Хонгор сумаас малын мах худалдан авч хиамны цехэд худалдан борлуулна, мал худалдан авсан, малаа зараад буцааж өгнө” гэж хэлсэн атлаа бодит байдал дээр өөрийн өр төлбөрийг дарах, бусдад зээлдүүлэх зэргээр захиран зарцуулсан байдал нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Ш.А- хохирогчоос авсан мөнгийг хохирогчид хэлсэн зорилгоор бус өөрт тулгарсан санхүүгийн хэрэгцээг хангахын тулд худал хэлж, хуурч авсан болох нь гэрч Р.Н-ийн: “...4,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөөр А- надаас өмнө нь зээлээр авсан байсан махны мөнгийг өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Энхцэцэгийн: “...удалгүй өгнө гэхээр нь би А-д өөрийнхөө данснаас 7,000,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлж байсан.  Ингээд надад буцаагаад 11 дүгээр сарын дундуур 5,750,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...6,600,000 төгрөгийг над руу шилжүүлэг хийсэн. Энэ мөнгөөр А- надаас гурил, будаа болон хүнсний бүтээгдэхүүн авсан” гэх мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

М.А- нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 200 ямаа, 100 хонь, 10 үхэр авсан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч М.А-гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэдэгт бусдыг хуурах, төөрөгдүүлэхийн тулд хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэх зэрэг үйлдэл хийсэн байхыг ойлгох ба М.А-гийн үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон шинжгүй харин урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.А-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...30,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдэх 25,500,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ, 51,950,000 төгрөгийн гүйлгээ нь энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн 4 удаагийн үйлдлээс өмнө болон хойно шүүгдэгчийн аваад шилжүүлсэн мөнгөн дүн багтсан дүн, 4 удаагийн үйлдлээр авсан мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг л авсан, үлдэх хэсгийг аваагүй” гэжээ.

 

2021 оны 1-р сараас 2022 он хүртэл хугацаанд удаа дараагийн гүйлгээгээр А.Н-гийн данснаас М.А-гийн дансанд 286,415,000 төгрөгийн орлого, М.А- болон түүний нөхөр Х.Батхуягийн данснаас А.Н-гийн дансанд 359,240,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгджээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар харилцан гүйлгээ хийхдээ зөвхөн дансаар хийдэг байсан, хоорондын гүйлгээний хуулгыг шүүгдэгч, хохирогч хамтран тулгаж гаргасан дүнгийн талаар хэн аль нь маргаангүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн гаргаж өгсөн дансны хуулга тулгасан баримтаар нийт дүн харилцан зөрүүгүй байна.

 

Дансаар хийсэн гүйлгээний утгыг тодорхой бичсэн тохиолдолд хэдийд шилжүүлсэн хэдэн төгрөгийг буцаан төлсөн болохыг тогтоох боломжтой ба “махны үнэ, зээл, А-д зээлэв” гэх утгатай шилжүүлэг тус бүрийг энэ хэргийн хохирол 30,5 сая төгрөгийн хохирлоос төлсөн эсхүл энэ хэрэгт хамааралгүй өмнө болон хойно үүссэн өр төлбөртэй холбоотой төлсөн гэж ялгах боломжгүй болно.

 

Дансаар шилжүүлэг хийхдээ хэнд, хэдийд, хэдэн төгрөг ямар зорилго, утгатай шилжүүлсэн, хэдийд шилжүүлсэн хэдий хэмжээний зээлийн ямар хэсгийг буцаан төлсөн зэргийг нарийвчлан тодорхой бичсэн тохиолдолд л гүйлгээ тус бүрээр ялгах боломжтой.

 

Хэрэгт авагдсан М.А-гийн эзэмшлийн Х- банкны ХХХ- дугаар дансны хуулга, А.Н-гийн эзэмшлийн Х- банкны ХХХ- дугаар дансны хуулга, шүүгдэгч М.А-гийн нөхөр Х.Батхуягийн мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгч, хохирогч харилцан тус тусын дансны хуулгыг тулган гүйлгээ тус бүрийг тэмдэглэн баталгаажуулж шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт зэргээс үзэхэд яллах дүгнэлт үйлдсэн эхний үйлдэл буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш М.А-гийн данснаас 10 удаагийн гүйлгээгээр 26,950,000 төгрөг, М.А-гийн нөхөр Х.Батхуягаас 25,000,000 төгрөг, нийт 51,950,000 төгрөгийг хохирогч А.Н-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.А-г гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30,500,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул А.Н-гийн 25,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд, 4 удаагийн үйлдлийн улмаас учирсан хохирол 30,5 сая төгрөгийг нөхөн төлсөн эсэх талаар дүгнэсэн ба энэ хэрэгт хамааралгүй шүүгдэгч нарын хооронд хийгдсэн гүйлгээ, өр төлбөрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч М.А- нь бага насны хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан Иргэний улсын бүртгэлийн 4507000064 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Э- овогт М-гийн А-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар М.А-д 1,350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.А-д оногдуулсан 1,350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Н-гийн 25,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ГЭРЭЛТ-ОД