Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/666

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Гхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208011590913 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, краны оосорлогч, дохиочин мэргэжилтэй, “Жн” ХХК-д краны оосорлогч, дохиочин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Сансарын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ийн Г(РД:м***).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Гнь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Т” ХХК-ийн  барьцаалан зээлдүүлэх төвд өөрийн эзэмшлийн 2 ширхэг монетон бөгжийг 470,000 төгрөгт барьцаалан зээл авахдаа тухайн аж ахуйн нэгжийн ажилтны тооцооны алдаа гаргаж 500,000 төгрөгийн илүү гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2208011590913 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Н: “2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Жанцангийн уулзвар дээр байрлах “С” дээр ажлаа хийж байсан. Өдөр 12 цагийн үед Ггэх хүн үйлчлүүлэхдээ хуримын 2 ширхэг монетон бөгж 470,000 төгрөгт тавъя гэхээр нь би үзэж байгаад үнэлээд 470,000 төгрөг болох юм байна гэхэд Г470,000 төгрөг авъя гэхээр нь би гар дээр байсан мөнгөнөөсөө тоолоход 470,000 төгрөг хүрэхгүй болохоор нь сейфнээс 2,000,000 төгрөг аваад 1,000,000 төгрөгийг нь гар дээрээ байсан мөнгөтэй нийлүүлээд шүүгээ рүү хийсэн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгөөс 2 ширхэг 20,000-тын дэвсгэртийг аваад хайрцагтай байсан мөнгөнөөс 10,000 төгрөг нэмээд бэлнээр өгсөн. Тухайн хүн явснаас цагийн дараа хүн цөөрсөн үед өөрийн тооцоог тулгаад үзтэл 500,000 төгрөг дутаад байхаар нь хяналтын камераа шүүгээд үзтэл Ггэх хүнд би 470,000 төгрөг өгөх ёстой байснаас 970,000 төгрөг өгөөд явуулчихсан нь харагдаж байсан. Тухайн хүнд илүү мөнгө өгсөн нь миний буруутай үйл ажиллагаа, гэхдээ камерын бичлэг дээр тухайн хүн мөнгөө тоолж байгаа харагдсан. Илүү мөнгө авснаа мэдсэн мөртлөө яваад өгсөн. Надад гомдол санал байхгүй. Би хохирлын мөнгө 500,000 төгрөгнөөс 400,000 төгрөгийг авсан. Одоо 100,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 20 дахь тал),

Т” ХХК-ийн барьцаат зээлийн 031120495 дугаар гэрээний хуулбар (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-40 дэх тал),

Шүүгдэгч Б.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргэн ахын маань 49 хоног болоод нутаг руугаа явах гээд гэрээсээ гараад явж байхдаа тээврийн хэрэгсэл мөргөөд, мөргүүлсэн машины жолоочтой тохиролцоод, хохирлын мөнгө гэж 500,000 төгрөг өгөхөөр болсон юм. Тухайн үед мөнгөгүй явж байсан болохоор эхнэрийн, өөрийн 2 бөгжийг ломбарданд тавихаар болоод Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “С” орсон. “500,000 төгрөгөөр тавих хэрэгтэй болчихоод байгаа юмаа” гэхэд граммлаж үзээд “470,000 төгрөг болж байна” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд ломбардны ажилтан бичиг баримтаа бүрдүүлээд ломбардны бичиг баримт болон мөнгөн дэвсгэртүүд өгөхөөр нь би аваад гарсан. Би одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-65), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-50), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-52-54), банкны дансны хуулга (хх-57-59), АСАП сангийн лавлагаа (хх-62-63), хохирогчийн “Үлдэгдэл 100,000 төгрөгөө бэлнээр авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-91), шүүгдэгчийн “Хохирлоо төлж барагдуулсан тухай” хүсэлт (хх-92), прокурорын “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзсан” тогтоол (хх-94) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Гнь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Т” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төвд өөрийн эзэмшлийн 2 ширхэг монетон бөгжийг 470,000 төгрөгт барьцаалан зээл авахдаа тухайн аж ахуйн нэгжийн ажилтны тооцооны алдаа гаргаж 970,000 төгрөг буюу 500,000 төгрөгийн илүү гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Н “...Ггэх хүнд би 470,000 төгрөг өгөх ёстой байснаас 970,000 төгрөг өгөөд явуулчихсан нь хяналтын камерт харагдаж байна лээ... тухайн хүн мөнгөө тоолж байгаа харагдсан, илүү мөнгө авснаа мэдсэн мөртлөө яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-15), шүүгдэгч Б.Г-ийн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-76-77), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-32-39) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийн хохирогч О.Н алдаатай хийсэн төлбөр тооцоо буюу үйлчилгээ үзүүлэхдээ илүү тоолж өгсөн 500,000 төгрөгийг мэдсээр байж завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-д 500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “400,000 төгрөгийг дансаар, 100,000 төгрөгийг бэлнээр авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-20, 91)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Гнь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “С” барьцаалан зээлдүүлэх төвд өөрийн эзэмшлийн 2 ширхэг монетон бөгжийг 470,000 төгрөгт барьцаалан зээл авах үед тухайн аж ахуйн нэгжийн ажилтан О.Н нь тооцооны алдаа гаргаж 970,000 төгрөг буюу 500,000 төгрөгийн илүү гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...гэж,

шүүгдэгч “Торгох ялыг багасгаж өгнө үү, олон зээл, төлбөртэйг харгалзаж үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэхдээ 470,000 төгрөгөөр бөгжөө тавихаар тохиролцож, уг газрын ажилтан 470,000 төгрөг тоолж өгөхдөө төлбөр тооцооны алдаа гаргаж 500,000 төгрөг илүү өгснийг мэдсээр байж буцаан өгөлгүйгээр авч завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохиролд 500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал, тодорхой хөдөлмөр эрхэлж, орлого олдог)-ыг тус тус харгалзан шүүгдэгч Б.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Б.Г500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Гцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Гцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР