Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 457

 

 

 

 

 

 

 

2019          5              16                                            2019/ДШМ/457                                    

 

Г.Э, Ч.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Г.Э, Ч.Б нарт холбогдох 1810027400138 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Б овгийн Г-гийн Э, 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Эртура” студид найруулагч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

           2. Б овгийн Ч-ийн Б, 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Сити” дээд сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа П.Дэлгэрбаяртай “дүү нарын ажлын хөлсийг өгсөнгүй” гэснээс үүдэн маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа “ахыг зодож гэмтээлээ” гэх шалтгааны улмаас Ч.Бтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Э, Ч.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Ггийн Э, Бовогт Ч-ийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э, Ч.Б нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э, Ч.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Э, Ч.Б нарт мэдэгдэж, энэ хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Э, Ч.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтас хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Э, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б, Г.Э нарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь тэдний эрх зүйн байдлыг дордуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа П.Дэлгэрбаярын “дүү нарын кинонд ажиллуулсан цалин хөлсийг өгсөнгүй” гэж хэлснээс үүдэн маргалдаж, улмаар түүний бэлэг эрхтэн лүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун дайврын зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Г.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа “ахыг зодож гэмтээлээ” гэх шалтгааны улмаас Ч.Бтэй маргалдаж, улмаар түүний толгой руу цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Ч.Бий хохирогчоор өгсөн “...21 цагийн үед Дэлгэрбаяр, Э нар намайг “хамт тамхи татъя” гэж дуудаад лифтэнд суугаад гадагшаа гарах гэж байтал Дэлгэрбаяр надад хандан “дүүгийн цалинг өгөөрэй” гэж хэлэхээр нь би “цалин тавьдаг хүн биш, энэ хүн чинь өөрөө хэлж болдоггүй юм уу” гэхэд Дэлгэрбаяр лифтний үүдэнд намайг цохисон чинь хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Гадаа гарсны дараа Дэлгэрбаяр намайг цохих гэж ойртохоор нь би өөрөөсөө холдуулж хөлөөрөө жийсэн. Хажуунаас Э “чи миний ахыг яаж байгаан” гээд миний толгой руу цохиход хамгаалагч нар ирээд салгах үед Дэлгэрбаярын найз нь гэх эрэгтэй хүн, бас Э дахиж ирээд намайг цохисон. ...”  /хх 34/,

хохирогч П.Дэлгэрбаярын “...22 цагийн үед Б манай ширээн дээр ирээд танай ширээний пиво байна уу, би ууна гээд суусан. 23 цагийн үед би дүү Э, Мэндсайхан нарын хамт гарахаар болоод Б бид нартай хамт нэг лифтэнд суугаад 1 давхарын өлгүүрийн хажууд хувцсаа өмсөөд байж байхдаа би Бд хандаж “дүү Э, Энхтөр нарын кинонд ажилласан цалин мөнгийг нь өгөөч ээ, цаад продюсердоо хэлээч ээ” гэж хэлсэн чинь Б “хар хүний өмнөөс шар хүн чи юу вэ” гэж над руу агсарсан. Тэгэхээр нь би нүүр тулаад лифтний хажууд баруун гараа нугалж байгаад шуугаараа шанаа руу нь цохисон чинь ойр хавьд байсан Мэндсайхан, Бат-Ирээдүй нар салгаад бид нар гадаа гараад тамхи татаж байсан чинь Б хажууд ирснээ миний хажууд зогсож байсан Мэндсайхан, Бат-Ирээдүй нарын голоор орж ирээд хөлөөрөө эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. ...Э намайг өмөөрч Бтэй маргалдаж зууралдаад байсан. ...” /хх 31/,

Ч.Бий яллагдагчаар өгсөн “...Бат-Ирээдүй тамхи татах уу гээд Дэлгэрбаяр, Э, Мэндсайхан бид нар лифтэнд суугаад буух үед Дэлгэрбаяр эргэж хараад “манай дүүгийн цалинг өгөхгүй юм уу” гэхээр нь “би цалин тавьдаг хүн биш, шар хүний өмнөөс хар хүн гэж энэ хүн өөрөө хэлж болдоггүй юм уу” гээд хэлсэн чинь Дэлгэрбаяр шууд миний зүүн нүд рүү гараараа цохиход хамгаалагч нар ирээд салгасан. ...Би Дэлгэрбаяраас яагаад намайг цохиж байгаа талаар асуух санаатай араас нь гарсан чинь намайг цохих гэж байгаа юм шиг над руу ухасхийхэд нь би биеэ хамгаалах зорилгоор хөлөөрөө гуян тус газар нь жийсэн. ...”  /хх 68-69/, 

            Г.Эын яллагдагчаар өгсөн “...Найр үргэлжлээд байж байтал манай ширээн дээр Б ирээд “би өөрийнхөө ширээнд байсан пивонуудыг уугаад дуусгасан, танай ширээнд пиво уудаг хүн байхгүй юм байна” гээд манай ширээнд сууж пиво уусан. ...23 цагийн үед Мэндсайхан, Дэлгэрбаяр бид нар явахаар заалнаас гараад лифтэнд суух гэж байтал араас ирээд Б хамт суугаад доош буусан. ...Дэлгэрбаяр ах Бээс “чи Дайчий киноны ерөнхий найруулагч мөн үү” гэж асуусан чинь Б “мөн” гэж хэлсэн чинь Дэлгэрбаяр ах “чи манай дүү нарын цалин хөлсийг өгөхгүй юм уу, цаад хүмүүстээ хэлээд Эын цалин хөлсийг төлүүлээд өгчих, эхнэр нь төрөх гээд мөнгө хэрэгтэй байгаа” гэж хэлээд лифтнээс буусан чинь хувцасны өлгүүрийн хажууд Б Дэлгэрбаярт “хар хүний өмнөөс шар хүн гэж чамайг ална шүү” гэхээр нь Дэлгэрбаяр ах Бий урд нь зогсож байгаад баруун гарынхаа тохойгоор шанаа руу нь нэг удаа цохихоор нь би дундуур нь орж салгасан, ...гадаа гараад Дэлгэрбаяр, Мэндсайхан, Бат-Ирээдүй ах бид нар тамхи татаад зогсож байсан чинь Б дундуур орж ирээд Дэлгэрбаярын эмзэг эрхтэн хавьцаа хөлөөрөө өшиглөхөд Дэлгэрбаяр ах газар унасан чинь Б “чамайг ч гэсэн ална” гээд над руу дайраад орилоод байхаар нь өөрийн өмсөж явсан пиджакийг тайлаад баруун гараараа нүүр лүү 1-2 удаа цохиход бид хоёрын дундуур Бат-Ирээдүй орж салгасан. ...”  /хх 73/,

гэрч А.Мэндсайханы “...өлгүүрээс хувцаснуудаа авч байхдаа Дэлгэрбаяр Б гэх залууд хандан “чи манай дүү нарын кинонд тоглосон мөнгийг өгөөрэй” гэж хэлсэн чинь Б “хар хүний өмнөөс шар хүн гэж чи юу юм бэ” гэж хэлэхээр нь Дэлгэрбаяр баруун гарынхаа тохойгоор толгой хавьцаа нь цохисон. Би яг хаашаа цохисныг нь хараагүй, дундуур нь орж салгасан, ...бид нар гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь Б гэх залуу бид нарын дундуур орж ирээд Дэлгэрбаярын эмзэг эрхтэн рүү нь хөлөөрөө өшиглөж газар унагахаар нь би дундуур нь орж салгасан. ...Э “чи миний ахыг яаж байгаан” гээд Бийг цохисон. ...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14017 дугаартай “...П.Дэлгэрбаярын биед баруун дайврын зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” /хх 45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13837 дугаартай “...Ч.Бий биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан. ...”/хх 46/ гэх дүгнэлтүүд,

камерийн бичлэг бүхий СD-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 10-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Э нь Ч.Бий эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Ч.Б нь хохирогч П.Дэлгэрбаярын эрүүл мэндэд баруун дайврын зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Э, Ч.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь гэм бурууд нь тохирсон байна гэж үзэв.

 

Прокурор Ш.Алтанцэцэгийн “...шүүгдэгч Ч.Б, Г.Э нарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь тэдний эрх зүйн байдлыг дордуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

 

Шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ торгуулийн ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногоор тогтоосныг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хугацааг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан нь зөрчилтэй байдлыг үүсгээгүй байна.

 

Харин торгуулийн ялыг заавал 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон тохиолдолд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байх нь зүйтэй.

 

 Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр...” гэснийг “ ...90 хоногийн дотор төлүүлэхээр...” гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...90 /ер/ хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН