Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0431

 

Я.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны  хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Б.Х хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, А.П нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Я.Д-ийн нэхэмжлэлтэй, Говь- Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дүгээр захирамжийн Я.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 103 дугаар захирамжаар Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд газар эзэмшсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын хэмжээ, байршилд шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан ажилласан ба ажлын хэсгийн дүгнэлтээр Я.Д нь Газрын тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31 1-д захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх үүрэгтэй байтал Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын хэмжээ, байршилд шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж ажилласан ба ажлын хэсгийн дүгнэлтээр нэр бүхий 32 иргэн /Я.Д/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэдгийг тогтоосон.

Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамж нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гарсан байхад шүүгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудын дараах зүйл заалтуудыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн мэдүүлснээр тогтоогдож байна. Үүнд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн, Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай”-ын 1.9-д “...удаа дараа...”, “...ноцтой зөрчил...” гэж заасныг хангасан байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасныг зөрчиж орон сууцны зориулалттай газар дээр дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатгаж ахуйн зориулалтаар ашигласан, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5-д заасны дагуу “...гэрээг талууд жил бүр дүгнэнэ...” гэснийг зөрчиж газар эзэмшүүлэх гэрээг 2010, 2011, 2013 онуудад дүгнүүлээгүй, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг зөрчиж ногоон байгууламж үүсгээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчиж 2011, 2013 онуудад газрын төлбөрөө огт төлөөгүй, 2012 онд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж 4 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж орон сууцаа бариагүй, Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасныг зөрчиж хамгаалалтын бүс 276.43 м.кв газрыг зөвшөөрөлгүй ашиглаж хашаа хатгасан, түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан зөрчлүүд газар дээр очиж хийсэн шүүгчийн үзлэг, хавтаст хэрэгт авагдсан материал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлснээр нотлогдсон байхад шүүгч үнэлээгүйд гомдолтой байна.

Я.Д нь шүүх хуралдаанд орон сууцны зориулалтаар газар дээр хашаа хатгаж ахуйн зориулалтаар ашигласан, захирамжаар олгогдсон газрын хэмжээг нэмэгдүүлж ашигласан, цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй хашаа хатгасан, газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, орон сууцаа бариагүй гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийдвэр болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

  1. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 308 дугаар захирамжаар нэхэмжлэгч Я.Д-т Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн, Онцгой байдлын хэлтсийн баруун хойд талд 517 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, мөн өдөр Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г хоёр жилийн хугацаатай байгуулж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0303695 дугаар гэрчилгээ олгож, газар эзэмших эрх үүссэн бөгөөд гэрээний хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусжээ.

Улмаар 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Я.Д-той аймгийн Засаг даргын 2008 оны 308 дугаар захирамжийг үндэслэн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 15 жилийн хугацаатай дахин байгуулсан байна.

Харин аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэг, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2, 6.2-т тус тус заасныг үндэслэн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд газар эзэмшигч нь тухайн газраа гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй байхыг ойлгох бөгөөд хариуцагч талын “гэрээнд захирамж гарснаас хойш 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан, тиймээс гэрээгээ үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэх тайлбар нь үндэслэлгүй, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т “Захирамж гарсан өдрөөс эхлэн 2 жилийн хугацааг тооцно” гэх заалт нь хууль зөрчсөн заалт гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч нэхэмжлэгчийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй байтал хуульд заасан хоёр жилийн хугацаа нь болоогүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч Я.Д нь өөрийн эзэмшил газартаа хашаа хатгасан, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан жил бүр Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэдэг, өвчтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааныг төрийн захиргааны байгууллага анхаарч үзээгүй нь учир дутагдалтай байна.

Тиймээс анхан шатны шүүх аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23- ны өдрийн А/164 дүгээр захирамжийн Я.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч нь 2011, 2013 онуудад газрын төлбөрөө огт төлөөгүй, 2012 онд газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсгийг, хамгаалалтын бүс 276.43 м.кв газрыг зөвшөөрөлгүй ашиглан, хашаа хатгаж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн” гэх боловч маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу \ тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Дээрхээс үзвэл хариуцагч хуульд заасан нэг л нөхцөлийг үндэслэн захиргааны акт гаргасан боловч уг актын үндэслэлийг гурван зүйлээр нэмэгдүүлэн тайлбарлаж байгаа нь захиргааны актын агуулга тодорхой байх материаллаг эрх зүйн шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага албан тушаалтан баримтад тулгуурлан хуульд нийцүүлэн захиргааны актыг гаргах ёстой.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нэг үндэслэлээр хүчингүй болгосон ч уг маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэж байх тул маргаан бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар дүгнээгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                           ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                      ШҮҮГЧИД                                                              Э.ХАЛИУНБАЯР

                                                                                                     Н.ХОНИНХҮҮ

                                                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН