Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 87

 

                                                                                                    

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч С.Оюунжаргал

хохирогч С.Цолмонбаатар,

шүүгдэгч Ц.Батсүх, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Борх овогт Цогтбаатарын Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201624000659 тоот  дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын гадна тохижилт хийдэг гэх, ам бүл 5, ээж, дүү, авга 2 дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг, Булгийн 14 дүгээр гудамжны 55 тоотод оршин суух бүртгэлтэй, Төв аймгийн Зуун мод сум, Баянхошуу баг, 20 дугаар гудамжны 8 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Борх овогт Цогтбаатарын Батсүх /РД: ИЮ90042994/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Батсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Цолмонбаатарын эзэмшлийн Т.Приус-20 маркын 22-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Цолмонбаатарын зөвшөөрөлгүйгээр ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааж явахдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Архивын ерөнхий газрын харалдаа замд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг 50 минутын орчим гэрлийн шон мөргөж, С.Цолмонбаатарт 4,310,000 төгрөгийн шууд 5,651,200 төгрөгийн нийт хохирол, “Төгс гэрэлтүүлэг”ХХК-д 2,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч С.Цолмонбаатар: “...2016 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Батсүхийн ажил дээр очсон. Бид 2 шил архи хувааж уусан. Би Батсүхэд машинаа камерын доор тавьсан, одоо хөдөлгөхгүй, маргааш би ажилтай гэж сануулж хэлсэн. Гэтэл өглөө 7 цагт Батсүх машинаар чинь шон мөргүүлчихлээ гэж орж ирсэн. Тухайн үед надад Төв аймаг явна гэж хэлээгүй, зөвшөөрөлгүй машиныг авч явсан. Би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч шинэ машин авсан. Зээлийн гэрээний дагуу төлж барагдуулуулах хүсэлтэй байна. Би Батсүхээс 5.651.200 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдол саналгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Батсүх: “...Би 2016 оны 7 дугаар сарын 04-ний орой найз Цолмонбаатартай хамт архи уугаад Цолмонбаатарыг унтсан хойно машиныг унаад Төв аймаг руу гэр лүүгээ хариад буцаж ирэх замдаа шонгийн мод мөргөсөн. Тэгээд Цолмонбаатарт очиж хэлээд бид хоёр машин дээрээ очиход цагдаа ирсэн байсан. Би иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэгч” ХХК-ийн хохирол болох 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин хохирогч Цолмонбаатарын хохирлыг ажил хийж байгаад төлж барагдуулах болно...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Цогтбаатар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед би Батсүхтэй уулзаад Буянт-Ухаа 2 хорооллын байранд 0.5 литрийн архи хувааж уусан. Би машины түлхүүрээ гудасны хажууд тавиад согтоот унтсан байсан. Би өглөө сэрсэн чинь Батсүх гараад явсан байсан, 07 цагийн үед Батсүх орж ирээд миний машинаар шон мөргөчихлөө гэсэн. Би Батсүхийн хамт машин дээрээ очиход урдуураа шон мөргөөд зогссон байсан ба цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийгээд Батсүхийг эрүүлжүүлэх байранд байрлуулсан. ...Батсүх машиныг жолоодож явахдаа надаас зөвшөөрөл аваагүй. ...Би учирсан хохирлоо барагдуулбал өөр гомдол санал байхгүй...” /хх-ийн 19/ гэсэн,

 

 Иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн төлөөлөгч Ж.Энхтөгс хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагын эзэмшлийн Нисэхийн тойргоос Төв аймаг руу явах замын зүүн талд байрлах гэрлийн шонг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр машин мөргөөд, уг шон нуглараад суурьтайгаа унасан, гэрэлтүүлэг нь хагарсан байдалтай байсан. Уг шон  НИТХ-ийн 2007 оны 18 дугаар тогтоолоор гэрлийн шонгийн үнийг 800,000 төгрөгөөр тогтоож өгсөн, авто замын лед гэрэл нь 850.000 төгрөг, явган замын лед гэрэл нь 650.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай компанид 2,300,000 төгрөгийн хохирол учирсан. Буруутай жолоочоос компанид учирсан хохирлоо нэхэмжилж байна...” /хх-ийн 24/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Батсүх хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын байранд Цолмонбаатарын хамт 3 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Цолмонбаатар согтоод унтсан байхад нь 2016 оны 07 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 05 цагийн үед Төв аймаг руу гэртээ очих гээд Цолмонбаатарын машины түлхүүрийг аваад Буянт-Ухаа 2 хорооллын автомашины зогсоолоос 22-48 УБВ дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодоод Төв аймаг руу явсан. Төв аймагт ээжийндээ очиход манай дүү Бадам байсан. Дүүтэйгээ уулзаад буцаад Цолмонбаатар дээр очих гээд явж байгаад Төв аймгийн мөнгө хураадаг пост өнгөрөөд явж байхдаа зүйрмэглээд гэрлийн шон мөргөөд зогссон байсан.  ...Би Цолмонбаатараас зөвшөөрөл аваагүй. Түүний хажууд түлхүүр нь ил байхаар нь аваад явсан. ...Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 38-39, 42-43/ гэсэн  мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 5-7/,

- Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 8-9/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-55/,

- Жолоочийн согтуурлыг багжаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/,

- Техникийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 288 тоот дүгнэлтэд “...Дүгнэт 1. Т.Приус-20 маркийн 22-48 УБВ дугаартай авто машины жолооч Цогтбаатар овогтой Батсүх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а\согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Ц.Батсүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44, 49/,

- Тодорхойлолт /хх-ийн 46/,

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 47/,

- Тээврийн хэрэгслийн жолоодох эрх хасах шийтгэвэр /хх-ийн 57/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ц.Батсүх нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Цолмонбаатарын эзэмшлийн Т.Приус-20 маркийн 22-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Цолмонбаатарын зөвшөөрөлгүйгээр ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн, улмаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Архивын ерөнхий газрын харалдаа замд гэрлийн шон мөргөж, С.Цолмонбаатарт 4,310,000 төгрөгийн шууд, 5,651,200 төгрөгийн нийт хохирол, “Төгс гэрэлтүүлэг” ХХК-д 2,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч С.Цолмонбаатар, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхтөгс нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн 288 тоот дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Ц.Батсүхийн хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Батсүхийг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Цолмонбаатарт нийт 5,651,200 төгрөгийн хохирол, “Төгс гэрэлтүүлэг” ХХК-нд 2,500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар /хх-ийн 8-9, 53-55/ тогтоогдож байна.

“Төгс гэрэлтүүлэг” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Цогтбаатар овогтой Батсүх нийтийн эзэмшлийн замын гэрэлтүүлгийн шон дайрч улсад 2,500,000 төрөгийн хохирол учруулснаа бүрэн барагдуулсан нь үнэн болно. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн тайлбарыг ирүүлсэн.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Батсүхээс 5,651,200 төрөгийг гаргуулж, хохирогч С.Цолмонбаатар /ИЮ92020311/-т  олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Батсүх ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Батсүх нь шүүхийн шатнаас буюу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс цагдан хоригдсон /хх-ийн 80/ ба түүний нийт цагдан хоригдсон 15 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Ц.Батсүхэд ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирлын зарим хэсгийг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

Дээр дурдсан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд баривчлах ял оногдуулав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шүүгдэгч Ц.Батсүхийн иргэний үнэмлэхийг түүнд буцаан олгож, хуулбарыг нь хэрэгт хавсаргах нь зүйтэй.                                                                                                          

Эрүүгийн 201624000659 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борх овогт Цогтбаатарын Батсүхийг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар шүүгдэгч Борх овогт Цогтбаатарын Батсүхэд 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн  хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батсүхэд оногдуулсан баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батсүхийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Батсүхээс 5,651,200 төрөгийг гаргуулж, хохирогч С.Цолмонбаатар /ИЮ92020311/-т  олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шүүгдэгч Ц.Батсүхийн иргэний үнэмлэхийг түүнд буцаан олгож, хуулбарыг нь хэрэгт хавсаргаж, Эрүүгийн 201624000659 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Батсүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, иргэний нэхэмжлэгч шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Батсүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР