Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 02404

 

2017 оны 09 сарын 08 өдөр              Дугаар 102/ШШ2017/02404                                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг,  хороо, Бэлхийн тоот хаягт оршин суух Ачит Б овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг,  хороо,  хороолол, Мебель тоот хаягт оршин суух Б овогт Д.У-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржпагма, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагч Д.У, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржпагма нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б, Д.У нар 2009 онд танилцаж, 2011 оны 02 дугаар сард гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2010 онд хүү У.О төрсөн.

Б.Б, Д.У нар зан харилцааны таарамжгүй харилцаанаас болж 2013 оноос хойш тусдаа амьдарсан.

Нэхэмжлэгч 2014 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 3 сарын эвлэрэх хугацаа олгон, эвлэрсэн болно.

2015 онд тэд хамтдаа БНСУ-д ажиллахаар явж, таарч тохирохгүй хэрүүл маргаан үүсгэж, хариуцагч хар ажил хийхгүй гэж 2 сарын дараа эх орондоо ирсэн. Миний хувьд ач хүүгээ төрсөн цагаас нь хойш өсгөн хүмүүжүүлж, одоо хүртэл надтай хамт амьдарч байна. Үхтэлээ энэ хүүхдийг харж, сургуулийг нь төгсгөх юмсан гэж бодож байна.

Иймд ямар нэгэн холбоо харилцаагүй, 2 жил тусдаа амьдарч байгаа тул Б.Б, Д.У нарын гэрлэлтийг цуцалж, хүү У.О-ыг эх Б.Б-ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бидний гэр бүлийн харилцааны бодит байдлыг гуйвуулж нэхэмжлэлдээ бичсэн байна. Нэхэмжлэгч хүүгээ төрүүлээд, 3 сарын дараа БНСУ руу суралцахаар явж, 2013 онд буцаж ирсэн. Би эхнэрээ БНСУ-д суралцаж байх хугацаанд хүүгээ харж, ажил хийн, эцэг хүний үүргээ биелүүлж, гэр бүлээ тогтвортой байлгах гэж хичээсэн.

 

Гэтэл Б.Б Солонгос улсад амьдрах хугацаандаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Энэ байдлаас болж бидний гэр бүлийн харилцаа муудаж, хөндийрсөн. Намайг гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон гэж бичсэнд гомдож байна. Би эхнэрийнхээ ардаас БНСУ-д аялалын визээр очоод, 2 сараас илүү хугацаагаар амьдрах боломжгүй учраас Монгол руу буцсан. Хадам ээжийн тухайд хүүг минь төрсөн цагаас хойш өсгөсөнтэй маргах зүйлгүй, үнэн.

Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.У нар 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү У.О төрсөн болох нь Г-200 дугаарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж мөн охин төрсөн цагаасаа хойш эхтэйгээ хамт амьдардаг болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэснээр хуулинд харшлахгүй байх тул хүү У.О-ыг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулан, хүү У.О төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Д.Уаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү У.О-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д.У, А овогт Б.Б-г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү У.О-ыг эх Б.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү У.Оыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Д.Уаас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.Уаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бт даалгасугай.

6.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

8.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт даалгасугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА