Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

2022       02         22                                        2022/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0152/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Г.Б, Б.А/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 2209000000048 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, хувиараа 3,4 дүгээр хороололд СӨХ-ийн байранд гутлын худалдаа эрхэлдэг, мөн Батсүмбэр суманд газар тариалангийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 33-84 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 07-ны №469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Г.Б /РД:/,

Монгол улсын иргэн, 1976 оны 11 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 45 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, Ази судлаач мэргэжилтэй, хувиараа мод үржүүлгийн ажил эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 33-84 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.А /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Б, Б.А нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01 цаг 18 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр төрхийн урд талын караокед гар утсаа алдсан гэх дуудлага мэдээллийн дагуу очсон тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Ариунбат, цагдаагийн дэд ахлагч Л.Азжаргал нарын хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тухайн үед согтуу байсан тул ийм үйлдэл гаргасан байсан. Би буруу үйлдэл хийсэн. Дараа нь очиж уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цагдаад гар утсаа алга болгосон гэж дуудлага өгсөн. Тэр үед миний гар утас байсан боловч нөхрийн утас олдохгүй байсан. Гэтэл утас нь надад байсан. Би буруу үйлдэл хийсэн. Эв зүйгээр асуудлыг шийдэх ёстой байсан. Цагдаагийн албан хаагчаас уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг,  

Хавтаст хэргээс:

Бат-Эрдэнийн Ариунбатын  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 12 сарын 02-ны 01:18 минутад СБД 1-р хороо нэгдүгээр эмнэлгийн урд байрлалтай караоке дотор гар утсаа алдсан, намайг зодоод дарамтлаад байна гэсэн дуудлага ирсэн ингээд цагдаа жолооч Л.Азжаргалын хамт очиж шалгахад, Ариунцэцэг, Г.Б нар гэх гэр бүлийн хүмүүс бололтой хүмүүс байсан дээрх хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ингээд очсоны дараа тухайн байсан караокены хаалгыг тайлуулах зорилгоор тогшсон. Тэгэхэд хаалгаа тайлаагүй. Тэгээд нөгөө эрэгтэй эмэгтэй 2 хүн та нар энэний хаалгыг онгойлгож чадсангүй гэж орилж хашхирсан. Хэлтэс дээр очоод гомдлоо гаргаад тайлбар мэдүүлэг өгөх талаар хэлтэл шууд эсэргүүцсэн мөн эмэгтэй нь гар утас гаргаж ирж бичлэг хийж байсан. Энэ явцад, эрэгтэй нь жолооч цагдаа Л.Азжаргалын нүүр хэсгийг маажсан. Мөн миний биед халдах гэж дайрсан. Эмэгтэй нь барьж явсан цүнхээрээ миний толгой хэсэг рүү цохисон. Ингээд тавьсан шаардлага эсэргүүцсэн тухайн 2 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Эрүүлжүүлэх байранд хүргэсний дараа эмэгтэйн биеэс алдсан гэх гар утас нь гарч ирсэн" гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 дахь тал),

 Лувсангийн Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр төрхийн урд талд байрлах караокед гар утсаа алдсан, намайг дарамтлаад байна" гэх дуудлага мэдээллийн дагуу эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.Ариунбатын хамт очиход гадаа 35-40 орчим насны эмэгтэй намайг дарамтлаад миний гар утсыг авчихлаа намайг зодсон гэх хүмүүс та нарыг ирэх гэсээр байтал явцгаачихлаа пиздаа нуудаа гэж хараагаад гар утсаар бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь би “та өөрийн гар утсаараа бичлэг хийгээд байгаа юм биш үү” гэж хэлэхэд чи XR, 12 Pro Max хоёрыг ялгах уу гээд байсан. Тэгэхээр нь би таныг ямар гар утас алдсаныг мэдэхгүй байна гэж хэлээд уг караокены хаалгыг цохиод байж байтал хашааны араас нэг эрэгтэй нэг эмэгтэй хамт гарч ирээд бид хоёрыг харж зогсож байснаа тэр залуу дэслэгч Б.Ариунбатыг түлхэж аваад хоёр пиздаа минь та хоёр энэ караокег онгойлгооч Болд даргын чинь караоке болохоор та хоёр онгойлгохгүй байгаа юм уу гээд дайраад байсан. Тэгэхээр нь би гар утсаа хулгайд алдсан гэх эмэгтэйд та гар утсаа алдсан гомдлоо манай хэлтэс дээр очиж гаргаарай одоо явъя гэж хэлэхэд яахаараа танай хэлтэс рүү явах ёстой юм би явахгүй гэж хэлэхэд уг эмэгтэйн нөхөр гэх эрэгтэй над руу гараа далайгаад намайг ална шүү гээд цохих гээд байсан. Тэгээд миний малгай болон маскнаас зулгаагаад миний нүүрийг маажсан. Тэгэхээр нь би уг эрэгтэйн гарыг өчиж, дайралтыг няцаагаад дэслэгч Ариунбатаас гаваа өг гэж хэлсэн. Тэгтэл Ариунбат гаваа аваад өгөх хооронд гар утсаа алдсан гэх эмэгтэй Ариунбатын толгой руу цүнхээрээ цохиод авсан. Тухайн 2 иргэн согтуугаар үг хэлээр доромжлоод шаардлага эсэргүүцээд, байсан учир тухайн 2 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Эмэгтэйг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх үед алдсан гэх гар утас нь цүнхнээс нь гарч ирсэн" гэх мэдүүлэг (хх-ийн 42-43 дахь тал),

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн гаргасан 12053 дугаартай дүгнэлт: “...Б.Ариунбатын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт (хх-ийн 25 дахь тал),

2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн  шинжээч эмч Т.Сэлэнгийн  гаргасан  12054 дугаартай дүгнэлтэд: “...Л.Азжаргалын биед хамар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Доорх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 27-28 дахь тал),

CD-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 83-86 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Б, Б.А нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.Б, Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021.12.01-нээс 02-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах DS нэртэй караокед гар утсаа алдлаа гэх дуудлага мэдээллийг өгч уг дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, бүлэглэн биед нь халдаж хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Г.Б, Б.Анар нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.  

Шүүгдэгч Г.Б, Б.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Б, Б.А нарын хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцах, дээрэнгүй зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Хохирогч Б.Ариунбат, Л.Азжаргал нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж шүүхийн шатанд утсаар мэдэгдсэн мэдэгдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Г.Б, Б.А нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Г.Б, Б.Анар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Б, Б.А нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.Б, Б.А нарт тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ингэхдээ шүүгдэгч Г.Б, Б.А хоёр нь хоорондоо эхнэр нөхөр буюу нэг гэр бүл байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэгт холбогдсон  шүүгдэгч Б.Ариунцэцэгийн хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 12 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б, Б.Анар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Шүүгдэгч Г.Б, Б.А нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.А нарт тус бүр 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь түүнд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 сар буюу 01 /нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  түүнд анхааруулсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.БОЛДБААТАР