| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02871/и |
| Дугаар | 02369 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 02369
2017 оны 09 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2017/02369 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, хороолол, байрны тоотод оршин суух M овогтой Л-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж, байрны тоотод оршин суух О овогт Э.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичиг Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд Э.Бтэй танилцаж, 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр охин Л.Ц төрсөн.
Би 2006 онд ХБНГУ руу ажиллаж амьдрахаар явсан бөгөөд түүнээс хойш 10 жилийн турш тусдаа амьдарч, одоо бид өөр өөрийн гэсэн амьдрал үр хүүхэдтэй болсон билээ.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Л бол миний эгчийн хүүхэд. Герман улс руу яваад олон жил болж байна. Тэндээ ажил, амьдралтай болсон. Э.Б ч гэсэн тусдаа амьдралтай болоод хуримаа хийх гэж байгаа учраас гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг, асрамжин дээр маргахгүй. Ээж болон эмээ нь охиныг өсгөж хүмүүжүүлсэн болохоор татгалзахгүй. Харин аав нь ирээд хүүхэдтэйгээ уулзана гэхэд уулзуулж баймаар байна. Мөн эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Хариуцагч Э.Б сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид танилцаж, гэрлэлтээ батлуулаад, охин Л.Ц төрсөн. 2006 оноос хойш хамт амьдраагүй, би охиноо өсгөж хүмүүжүүлсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул охиныг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Л, хариуцагч Э.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Л, хариуцагч Э.Б нар 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр охин Л.Ц төрсөн болох нь 0164299-1105 дугаарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж мөн охин төрсөн цагаасаа хойш эхтэйгээ хамт амьдардаг болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэснээр хуулинд харшлахгүй байх тул охин Л.Цг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулан, охин Л.Ц төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг М.Лгээс сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Л.Цг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, тэтгэлэг тогтоох сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 50528 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан, харижцагчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар M.Л, Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Л.Цг эх Э.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Л.Цг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг М.Лгээс сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Бт даалгасугай.
5.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар М.Лгээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
8.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн хариуцагчийн 50528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 50528 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгосугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА