| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02518/и |
| Дугаар | 02223 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 02223
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/02223 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дугаар хороо, Нарны хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, С овогт Х.Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, Нарны хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, Д овогт С.М-д холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Д, хариуцагч С.М, нарийн бичгийн дарга Д.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х.Д нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд С.Мтой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний амьдрах хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин М.Ш төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2017 оноос эхлэн тусдаа амьдарсан. Охин маань миний асрамжинд өсөж, торниж байна.
Иймээс С.М-ыг М.Шийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өгнө үү гэв.
Хариуцагч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтран амьдарч байсан. М.Ш миний охин мөн учраас шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Би охинтойгоо уулзаж, хамт баймаар байна. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл охинтойгоо уулзаагүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х.Д, хариуцагч С.Мод холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2012 оноос гэр бүлийн харьцаатай болж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин М.Ш-ийг төрүүлж, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч, хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 1107004876 дугаартай хүүхдийн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч М.Ш миний охин мөн тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх шаардлагагүй гэх тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгч энэ шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч охин М.Ш төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг С.Моос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин М.Ш-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс 31233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38967 төгрөгийг улсын орлогоос, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Ш-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Д овогт С.М-ооссар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Нэхэмжлэгч эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар С.М-оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Д-д даалгасугай.
5.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөг, улсын орлогоос 38967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА