Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/373

 

 

 

 

 

 

   2022           05           17                                       2022/ШЦТ/373

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

З овогт Д-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн  хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Д-гийн О (РД:АА00000000).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн тоотод хадам ах Ц.Т-тай айраг авч явах асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, хавирга руу нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн сарвуу, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун талын 7, 9, 10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О-аас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хоёр: Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),  

2. Хохирогч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Эхнэр бид хоёр цагаан сараар хэрэглэнэ гээд Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас 100 литр айраг авсан. Тэрнээсээ ...одоо 40 литр айраг үлдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр Эы дүү Д.О манайд ирээд үлдсэн 40 литр айргийг авна гэхээр нь би миний дүү талыг нь аваад яв гэсэн чинь би бүгдийг нь авна гэсэн. 20 литрийн савтай 2 ширхэг айраг байсан. Отгонбаяр эхлээд нэг савыг нь авч гараад машиндаа тавьчхаад буцаж орж ирээд нөгөө үлдсэн савтай айргийг авч гарах гэхээр нь би урдуур нь ороод наадхаа үлдээчихээ гэж хэлсэн чинь чамд өгөхгүй би аваад явна гэж хэлээд намайг 2-3 удаа гараараа миний нүүр лүү цохиж авсан. ...Тэгээд намайг газар унагаагаад дээрээс баруун талын хавирга руу хөлөөрөө 2-3 удаа дэвсээд савтай айргаа аваад гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

-2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...шинжилгээний дүгнэлтэд санал хүсэлт байхгүй. Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний дүгнэлт нь давхар сиди дээр байсан, хүүхэд тус сиди-р тоглоод зурсан тул Шинжилгээний хүрээлэнгээс шаардлага хангахгүй гэж хариу ирсэн байна. ...миний сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардалд Д.О-ын өгсөн 180.000 төгрөг хаана нь ч хүрэхгүй байсан тул Д.О-ын өгсөн 180.000 төгрөгийг би авахаас татгалзаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

3. Гэрч Д.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Ц.Т гэх хүнтэй танилцаж гэр бүл болж хууль ёсны гэр бүл болсон. ...Булган аймгаас 100 литр айраг захиалан авчирсан. Э  40 литр айраг цагаан сараар хэрэглэхээр нөөцөлж хүн амьдардаггүй хашаанд байрлах амбаарт хадгалсан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Э  бага дүү О-ыг гуйж 2 сав айраг авчруулахаар явуулахад Ц.Т айраг өгөхгүй гэж дүү О-тай маргалдсан талаар маргааш орой нь мэдсэн. Э  надад хэлэхдээ Ц.Т-ын хашаандаа ирсэн байхаар нь О-ыг аваад ир гэж хэлээд явуулахад хоорондоо маргалдсан юм шиг байна Отгонбаярын зүүн шанаа хавдсан байна лээ гэж хэлсэн. Отгонбаяр эмнэлэгт очиж үзүүлээгүй өнгөрсөн байна лээ. Дараа нь Ц.Т, Отгонбаяр нь маргалдсан гэх өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Ц.Т миний гар утас руу залгаад О-тай би маргалдсан, гомдол гаргах гэж байна чи надад хэдэн төгрөг өгчих юм бол би гомдол гаргахаа болилоо гэж хэлсэн. Ц.Т-д хандан 2 эрэгтэй хүн маргалдсаны төлөө би яахаар чамд мөнгө төлөх ёстой юм. Би чамд мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Би төрсөн дүү Э тай мөнгөө нийлүүлж 100 литр айраг худалдан авсан. Харин Ц.Т нь нэг ч төгрөг нэмэр болоогүй, мөн хүн өөрийнхөө эд зүйлийг авах гэж байхад өгөхгүй гэж эсэргүүцэн юм аа авах гэж байгаа хүнтэй маргалдсаныг нь би огт ойлгохгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

4. Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Хүргэн гэх Т  миний төрсөн эгч Э-тай амьдарч байгаад таарч тохирохгүй гэх шалтгаанаар 2022 оны 01 сарын эхээр салж тус тусдаа амьдах болсон. Би төрсөн эгч Э-тай нийлж 100 литр айраг Булган аймгаас 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр захиж авчруулсан. Би 40 литр айргаа Т-ын амбаарт хадгалуулж, харин 60 литр айргийг хүргэн Т  болон эгч Э нар хэрэгцээндээ зарцуулсан. Гэтэл эгч Э нь нөхөр Т-аас салаад тусдаа амьдрах болсон. Би 40 литр айраг ганцаараа зөөвөрлөж чадахгүй, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...дүү Отгонбаяр ирсэн тул авч чадахгүй байгаа айргаа захиж Т-ын амбаараас авчруулахаар явуулсан. Удалгүй дүү Отгонбаяр манай гэрт 2 сав айраг авч ирэхдээ Т  ах айраг өгөхгүй гээд надтай маргалдсан гэж хэлсэн. Тухайн үед Отгонбаатарын зүүн чихний дээр хавдсан байдалтай харагдсан тул яасан талаар асуухад Т  ахтай маргалдсан гэж хэлснээс өөр тодорхой зүйл яриагүй. Манай гэрээс явсны дараа гэрт Цогоо гэх нэртэй хүн орж ирээд надад хэлэхдээ сая Т  нь О-ыг труба төмрөөр цохих гэж байхад нь би болиулсан, арматурын төмөр аваад сүлбэж ална гэхээр нь би дахин хориглож болиуллаа салгаагүй бол аюул болох гэж байна гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2289 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- Ц.Т-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн сарвуу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 293 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд:

- Ц.Т-ын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт авхуулсан цээжний КТГ-н шинжилгээгээр баруун талын 7,9-р хавирга суганы урд шугамаар, 10-р хавирга суганы дунд шугамаар зөрөөгүй хугарсан байсан нь тогтоогдов. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх баруун талын 7,9,10-р хавирганы хугарал гэмтлүүд нь Ц.Т-ын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-76 дахь тал),

 

7. Шинжээч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээчийн 2289 дугаартай дүгнэлт гарсан гэмтлүүд болон 293 дугаартай дүгнэлтэд гарсан дээрх гэмтлүүд хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Тодруулбал нүүр болон биеийн бусад газарт учирсан гэмтлүүд хамаарна. Т-ын биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),

8. Хохирогч Ц.Т-ын КТГ-ын шинжилгээ, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэв авиа оношилгоо, Гэмтэл согог судлалын КТГ-ын 120.000 төгрөгийн баримт зэрэг баримтуудын хуулбар (хавтаст хэргийн 32-33, 40 дэх тал),

 

9. Яллагдагч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Тухайн өдөр эгч Э  надад хандан Ц.Т агуулахдаа ирсэн дээр нь очоод 2 сав айраг байгааг аваад ир гэж хэлсэн. Би Ц.Т ахын модон эд зүйл агуулах амбаарт очоод Э  эгч айраг аваад ир гэсэн гэж Ц.Т ахад хэлэхэд үүдэнд нь 2 сав айраг харагдсан. Тус айргийг аваад гарах гэтэл миний араас наадах чинь минийх, би чамд өгөхгүй гэх хэлээд миний араас баруун гарын дотор хэсгээр нь бооход бид хоёр хамт газар унасан. Мөн босож ирээд баруун гартаа труба төмөр бариад намайг цохих гээд байхаар нь гарт нь байсан труба төмрийг бариад баруун гараараа цээж рүү нь түлэхэд Ц.Т ах газар уналгүй, хана налаад үлдсэн. Би айргаа аваад гарахад миний араас ална пизда минь, чамайг цохиж ална гэж хэлээд над руу дайрах үед нь Цогоо ах хажуу талаас нь чи хүн аллаа гэж хэлээд Ц.Т ахын гарт байсан төмрийг булааж авсан. Гэтэл Ц.Т ах газарт байсан арматур төмөр /1метр орчим урт/ гартаа атгаад намайг сүлбэж ална гэж хэлээд над руу дайрахад нь гарт нь байсан төмрийг нь баруун гараараа атгаж аваад зүүн гараараа Ц.Т ахын цээжинд нь 1 удаа цохиход цаанаас Цогоо ах ирээд Ц.Т ахын гарт байсан төмрийг нь авч байхад нь би өөрийнхөө машинд суугаад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),

-2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгт тухайн үед болсон хэрэг учралын талаар үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Мөн би шинжээч эмчийн гаргасан 2022 оны 01 сарын 31-ний өдийн 2289 дугаартай дүгнэлт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан дүгнэлтүүдтэй уншиж танилцсан. Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй маргах зүйлгүй. Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хэрэг болох үед хүргэн ах байсан Ц.Т нь надад айраг өгөхгүй гэх шалтгаанаар намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод над руу дайрсан, надтай хамт газар унахдаа Т  ах биедээ гэмтэл авсан байх....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал),

10. Хохирогч Ц.Т нь 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 180.000 төгрөг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Д.О-ын хүсэлт (хавтаст хэргийн 88 дахь тал), хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 90-93 дахь тал),

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Д.О-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар буюу гэм бурууд маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18 задгай тоотод 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хадам ах Ц.Т-тай айраг авч явах асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, хавирга руу нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн сарвуу, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун талын 7, 9, 10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), 

-Хохирогч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн (хавтаст хэргийн 12-13 дахь тал) болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

-Гэрч Д.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

-Гэрч Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2289 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 293 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-76 дахь тал),

 

-Шинжээч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),

-Хохирогч Ц.Т-ын КТГ-ын шинжилгээ, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэв авиа оношилгоо, Гэмтэл согог судлалын КТГ-ын 120.000 төгрөгийн баримт зэрэг баримтуудын хуулбар (хавтаст хэргийн 32-33, 40 дэх тал),

 

-Яллагдагч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн (хавтаст хэргийн 63 дахь тал) болон 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.О нь тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нэг нэгнээ үл хүндэлсэн байдал нь маргаан үүсэхэд нөлөөлж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна.  

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Тус хэргийн улмаас хохирогч Ц.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба, хохирогч нь хохирол, хор уршгийн зардалд 240.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс Эрүүл мэндийн даатгалын сангаас 168.000 төгрөг төлөгдөж үлдэгдэл 72.000 төгрөгийн хохиролд шүүгдэгч 180.000 төгрөг төлсөн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хохирогч 180.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтас хэргийн 43 дахь тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Д.О-т оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Д.О урьд ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Д.О нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Д.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Д-гийн О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Д-гийн О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН