| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0267/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/275 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану-Дарь,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Бт холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *оны * дугаар сарын **-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д оосорлогч дохиочин ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянгол * дугаар гудамж ** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Хустайн * дүгээр гудамжны ** тоот хаягт түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овогт Б Г /РД:нл****/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 7 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Х ажлаас болж маргалдан улмаар түүний баруун нүдэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас газарт унаж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *дугаар хороо Баянхошуу * дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Х маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хохирогч Э.Хын...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил эрт тарахаар болоод хамт ажилладаг Б, Б, Г нартай хамт ажлаас гарч, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 7 дугаар гудамж 0,5 литрийн хараа архи, 2,5 литрийн 2 том пиво аваад гадаа гудаманд хувааж уугаад уусан...Г та нарын өмнөөс инженерт загнуулсан гээд байхаар нь чи юун сүртэй юм бэ хүний урдаас үг хэлж чаддаггүй юм уу гэж хэлэхэд Г намайг гудамжинд сууж байхад нүүр лүү буюу баруун хөмсөг орчим руу хөлөөрөө нэг удаа өшиглөхөд газар дух хэсгээрээ мөргөж унасан, миний баруун хөмсөг өшиглүүлснээс болоод сэтэрч түргэний эмч 3 оёдол тавьсан, духны баруун хэсэг зулгалсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
- гэрч Д.Бат-Эрдэнийн...тухайн үед Э.Хыг явган сууж байхад нь Г нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд Э.Х газар нүүрээрээ унасан, би Баярлах ахтай хамт тэр хоёрыг салгасан...Э.Хын баруун хөмсөгт түргэний эмч 3 оёдол тавьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
- гэрч Д.Бын... тухайн үед Э.Хыг явган сууж байхад нь Г нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн Э.Х нүүрээрээ газар мөргөөд духаа шороонд зулгалчихсан харин баруун хөмсөг нь өшиглүүлээд сэтрээд цус гараад байсан өөр маргаан зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт...Э.Хын биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- шинжээчийн...Э.Хын биед үүссэн баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зулгаралт,баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
- шүүгдэгч А.Бийн...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хамт ажилладаг найз Э.Х, Бат-Эрдэнэ, Баярлах нарын хамт гудамжинд архи, пиво хувааж уугаад Э.Х маргалдан явган сууж байхад нь нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...өөр маргаан зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, нотлох баримтын эх сурвалжид зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-58-59/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
Иймд шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Хохирол, хор уршиг :
Тус гэмт хэргийн улмаас хохирогч баримтаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хавтаст хэргийн 64 дэх тал/, хохирогчид 200.000 төгрөг өгсөн тухай шүүгдэгч мэдүүлсэн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ****ХХК-д оосорлогч дохиочноор ажилладаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-28, 31-46, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт шүүхийн зардалгүй, хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР