Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

 

 

 

 

   2022         05           17                                       2022/ШЦТ/372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй ба одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт М-ын Б (РД:АА00000000).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч М.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рөүд 68” цэнгээний газрын гадаа Б.М-ыг тамхи асуулаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж хамрын ясны зөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-оос: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

3. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой найз Т уулзаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн паркийн чанх Нарны замын урд талд байх 4 давхар алаг байшинд байх бааранд 00 цагийн үед орсон. 03 цаг 50 минутын үед баарнаас гараад Нарны зам дээр такси барих гээд зогсож байхад манай найз Т үл таних 1 залуутай зогсож байсан. Т тэр залуугаас тамхитай юу гэж асуугаад зогсож байхад би хажууд нь явж очоод найзыгаа явах уу гэж асуутал цуг зогсож байсан залуу нь миний хамар луу ямар нэгэн шалтгаангүй нэг удаа цохисон. Тэр үед би юу болов оо яаж байгаа юм бэ гэж асуусан. Миний хамраас цус гарсан. Тэгсэн араас нь 2 хүүхэн гараад ирсэн. Тэр залуу над руу орилоод ална шүү чамайг, хэн бэ гээд орилоод байсан. Би гайхаад хамраасаа гарсан цусыг тогтоохоор арчих юм хайж байгаад тэр залууг хөгшөөн чи яаж байгаа юм бэ гэтэл дахин миний баруун хацар хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ чи гэсэн чинь тамхи асуудаг та нар хэн юм, амжихгүй шүү гээд байсан.  Энэ үед Т тэр залууг хориод зогсож байсан. Би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь хамт явж байсан 2 охин нь худлаа мөнгө авах гээд гэж хэлсэн. Хажууд цагаан өнгийн приус 20 маркийн 1671 УАН улсын дугаартай автомашин зогсож байгаад жолооч нь бууж ирээд эр улсууд ийм зүйл байдаг юм гэж хэлж. Тухайн автомашинд тэр залуу, 2 эмэгтэйтэй суугаад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

-2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Уг залуу тэр төв дотор өөр хүмүүстэй муудалцаад, мөн найз охинтойгоо муудалцаад гарч ирээд машинаа асаачхаад гар утсаараа яриад машиндаа хоёр охины хамт сууж байсан. Бичлэг дээр 30 минутын дараа төвөөс гарч иртэл уг залуу гар утсаа бариад машинаасаа бууж ирсэн. Уг залуугаас манай найз тамхи асуутал байхгүй гэж хэлээд намайг шууд цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

4. Гэрч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...Би тухайн өдөр найз Мын хамтаар “Туг тан” төвд байрлалтай “Рөүд-68” нэртэй клубт үйлчлүүлж байгаад харихаар болоод тухайн газраас гараад такси барих гээд зогсож байсан. Бид хоёр тамхи гэсэн чинь байгаагүй учир ойролцоо байсан нэг залуу дээр очоод тамхи гуйтал та хоёр тамхи гуйдаг хэн бэ гэж хэлээд үгийн зөрүүгүй М-ыг цохичихсон чинь хамраас нь цус гараад доошоо тонгойсон. Би хөөе яаж байна, зүгээр явж байгаа хүнийг цохичихдог гэж хэлсэн чинь ...хэрүүл хийж байснаа цагаан приүс машинд суугаад явсан. Уг машиныг дуудлагын жолооч ирээд барих шиг болохоор нь ахаа цагдаа дуудчихсан байгаа та түр байж байгаарай гэж хэлтэл залуу хүмүүсийн дунд ийм зүйл байж л байдаг шүү дээ гэж хэлснээ явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2992 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

“...Б.М-ын биед хамрын ясны зөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

6. Яллагдагч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Уг залуутай тамхинаас болж маргалдсан. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

7. Хохирогч Б.М-оос эмчилгээнд зардал нэхэмжилсэн 219.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), гомдол саналгүй тухай 2022 оны 05 дугаар сарын 06-н өдрийн тодорхойлолт шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт,

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

   Прокуророос М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” яллагдагчийн хүсэлтийг хэлэлцүүлж прокуророос эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулахад М.Б нь зөвшөөрсөн тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч М.Бын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн талаар буюу гэм бурууд маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх “Рөүд 68” цэнгээний газрын гадаа 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн орчим иргэн Б.М-ыг “тамхи асуулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамрын ясны зөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

-Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “...Т тэр залуугаас тамхитай юу гэж асуугаад зогсож байсан. Би хажууд нь очоод найзыгаа явах уу гэж асуутал цуг зогсож байсан залуу нь миний хамар луу ...нэг удаа цохисон, хамраас цус гарсан. ...тэр залууг хөгшөөн чи яаж байгаа юм бэ гэтэл дахин миний баруун хацар хэсэг рүү цохисон. ...тамхи асуудаг та нар хэн юм, амжихгүй шүү гээд байсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал) болон 022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

-Гэрч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “... Бид хоёр ...ойролцоо байсан нэг залуу дээр очоод тамхи гуйтал уг залуу та хоёр надаас тамхи гуйдаг хэн бэ гэж хэлээд үгийн зөрүүгүй найз М-ын цохичихсон. М-ын хамраас цус гараад доошоо тонгойсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2992 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

-Яллагдагч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Б нь тухайн үед бусадтай үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”гэж заасан бөгөөд  шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогчтой хамт явсан гэрч Ө.Т нь шүүгдэгч М.Б-оос тамхи асуусан үйл баримт байхад Б.М-ын бие, эрүүл мэндэд халдсан санаатай гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хор уршгийн зардалд 219.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлсэн бөгөөд хохирогч 1.050.000 төгрөгийн хохирлоо хүлээн авсан, гомдол саналгүй тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч Б.М-д төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг хэлэлцэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялын саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул энэхүү ялын саналыг дэмжиж, 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх төлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлтийг зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч М.Б нь Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”-г зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч М.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч М.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт М-ын Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч М.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогч Б.М-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН