Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, 

Улсын яллагч А.Ариунаа,      

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г,

Шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч О.Өт холбогдох 220 300 0130 086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, “..” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ж овогт О.Ө, регистрийн дугаар: ЙС******.

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч О.Ө нь ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** цаг ** минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар дунд сургуулийн зүүн замд “Toyota Carina” маркийн **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж өгнө”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны хүүхэд Г.Мишээлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :             

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч О.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 22 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар дунд сургуулийн зүүн замд “Toyota Carina” маркийн ****Ү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж өгнө”, 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан Г.М мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь :  

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...” Манай хүүхдийг

машин мөргөсөн байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

  • шуурхай дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
  • хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-12 дахь тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г “... Би тухайн өдрийн орой нь “Зебра” нэртэй компанийн хашаа буулгаж байтал эхнэр 18 цаг өнгөрч байхад над руу залгаад охин М машинд мөргүүлчихлээ гэмтэл явж байна гэж хэлсэн. Ингээд би ослын талаар мэдсэн...Ээж нь ажлаа тараад хоёр охиноо цэцэрлэгээс нь аваад явж байсан...Эмнэлэгт үзүүлэхэд баруун хөл нь шилбээрээ хугарсан байн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 21 дэх тал/,

- гэрч Б.Т...Би тухайн өдөр орой 18 цаг өнгөрөөд ажлаа тараад  замаараа том охин М сургуулиас нь аваад бага охиноо цэцэрлэгээс нь аваад гурвуулаа гэр лүүгээ харихаар алхаж явсан. Ингээд 122 дугаар сургуулийн зүүн талд явж байсан охиныг маань мөргөөд зогссон, тухайн үед М охин маань миний зүүн талд жоохон урагшаа илүү алхаад явж байсан...Ослын дараа жолооч бид хоёр шууд эмнэлэг явъя гэж яриад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд охин М баруун хөлийн шилбэний яс нь хугарсан байна гэж хариу гарсан, тэр үед эмнэлгээс дуудлага өгсөн...Би тэр машиныг ирж байхыг харсан тэгээд ойртож ирээд зогсох нь гэж бодоод алхаад явж байсан юм, тэгэхэд л ямар ч зогсох үйлдэл хийгээгүй, миний охиныг ирээд мөргөсөн, жолооч надад хэлэхдээ 40 орчим км цагийн хурдтай явж байсан гэж хэлсэн. Автомашины хөдөлгөөн сийрэг, замд хальтиргаа гулгаагүй, үзэгдэх орчин бүрэнхий орсон, замын гэрэлтүүлэг асаалттай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт “... Г.М биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- мөрдөгчийн магадлагаа...Т.К маркийн*** улсын дугаартай автомашины жолооч О.Ө нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж өгнө мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

- Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн...Тоёота маркийн Карина загварын **** улсын дугаартай тээврий хэрэгслийн хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос зүүн тал нь зогсоогүй, их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтлүүд нь осолд нөлөөлнө. Уг тээврийн хэрэгслийн хоёр дугаар тэнхлэгийн дугуйн тоормос зүүн тал нь зогсоогүй стандарт шаардлага хангахгүй байгаа нь осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлөх магадлалтай...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-47/,

- шүүгдэгч О.Өын “:.. Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой ажлаа тараад Сонгинохайрхан дүүрэгт байх гэр лүүгээ харихаар өөрийн эзэмшлийн Т.К маркийн ***** улсын дугаартай автомашиныг жолоодож явж байсан. Ингээд нэг зорчигчтойгоо цааш Тахилтын эцэс рүү 122 дугаар сургуулийн зүүн замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад хажууд сууж явсан зорчигч наад урд чинь хүүхэд гүйх гээд байна шүү гээд хэлсэн тэгэхээр нь би машиныхаа тоормосыг гишгэхэд явганы гарцаар гарч явсан явган зорчигч хүүхдийг мөргөөд газар унагаасан, тухайн үед би тэр хүүхдийг эсрэг урсгалын автомашины гэрэлд гялбаад хараагүй юм...Ослын дараа би тэр хүмүүсийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, тэгээд эмнэлэг дээр байхад замын цагдаагаас залгаад ослын газар ирэх талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-72/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн хувьд “болгоомжгүй” хэлбэртэй байх ба шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эс үйлдэхүй ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, тус гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан, эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно. 

 Иймд шүүгдэгч О.Өыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж өгнө”,  3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зөрчсөний улмаас явган зорчигч Г.М мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

3. Хохирол, хор уршиг :

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээний зардлын 232.150 төгрөгийн баримт авагдсан /хх-58/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдээ үзүүлэхээр эмнэлгээр явсан зардал 240.000 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах, хүүхдийн урагдсан гутлын үнэ, рентген зураг авахуулах, сэтгэл зүйн эмчилгээ зэрэгт хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ боловч холбогдох нотлох баримтууд гаргаагүй байх тул таамаглан шийдвэрлэх боломжгүй.

Харин шүүгдэгч нь бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны улмаас тус хохирогчийн хөдөлмөрийн чадвар буурсан буюу сурч боловсрох эрх зөрчигдөн хичээлийн хоцрогдол үүссэн, мөн рентген зураг авхуулах зайлшгүй шаардлагатай тухай  хохирогчийн төлөөлөгчийн санал үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4-т зааснаар зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шүүгдэгчээс 600.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч нь тус гэмт хэргийн улмаас шүүхийн өмнөх шатанд 450.000 төгрөг /хх-72/, шүүхийн шатанд 600.000 төгрөг /шүүх хуралдааны тэмдэглэл/ нийт 1.050.000 төгрөг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдээ үзүүлэхээр эмнэлгээр явсан зардал, хичээлийн хоцрогдол арилгах, хүүхдийн урагдсан гутлын үнэ, рентген зураг авхуулах, сэтгэл зүйн эмчилгээний зардал зэрэгт хамаарах нотлох баримтаа бүрдүүлж, улмаар шүүгдэгч талтай тооцоо нийлсний эцэст тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тэмдэглэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:   

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, “Дойчи бэйкири” ХХК-нд борлуулалтын жолооч ажилтай, эд хөрөнгөтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-24-29, 50, 72, 75-76, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

2. Бусад асуудал    

    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч О.Өыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Өыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Өт оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өт оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.                       

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР