Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/377

 

 

 

 

 

 

   2022         05           18                                       2022/ШЦТ/377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М овогт Л-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 0000000000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, “Хүннү молл” худалдааны төвийн “Мачай” хоолны газарт менежер ажилтай, ам бүл-3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

М овогт Л-ын Б (РД:АА00000000).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Л.Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвд байхдаа өөрийн хамт ажилладаг хохирогч Д.Э-ын Хаан банкны 000000000 дугаарын данс бүхий картыг шүүгээнээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч улмаар тус худалдааны төвд байрлах бэлэн мөнгөний машинд тухайн картыг уншуулан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч Д.Э-д бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-ээс: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.

Хоёр: Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн: “...Зурган файлуудыг нээж үзэхэд АТМ-ээс гүйлгээ хийсэн цагаан өнгийн амны хаалттай, цагаан өнгийн сорочктой, хар өнгийн цамцтай, гартаа 2 ширхэг гар утас барьсан 25-30 орчим насны эмэгтэй хүний зураг байв.

2022-03-22, 11-36-28_11-39-59 нэрээр хадгалсан 3 минут 31 секундийн бичлэгийг тоглуулахад АТМ-ийн дээрээс тусгалтай бичлэг байх ба цагаан өнгийн амны хаалттай, дотуураа хар өнгийн нимгэн цамцтай, гадуураа цагаан өнгийн сорочкон цамцтай, гартаа 2 ширхэг гар утас, 1 ширхэг А4 хэмжээтэй бичгийн цаас барьсан 25-28 орчим насны эмэгтэй АТМ-д виза карт уншуулаад гүйлгээ хийсэн. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

3. Хаан банканд Д.Ц-ын эзэмшдэг 000000000 тоот дансны 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-30 дахь тал), тус дансанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийхэд: “2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 000000000 тоот данснаас 000000000 тоот данс руу 1.000.000 төгрөгийг орлого гэх утгатай гүйлгээ хийсэн байсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дэх тал),

4. Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүннү Молл худалдааны төвийн В1 давхарт байрлах Мачай нэртэй Солонгос хоолны газарт 2021 оны 07 дугаар сард угаагчаар ажилд орсон. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн хуучин эцэст байрлах Хүнсний дэлгүүрээс 8400 төгрөгөөр хүнс худалдаж аваад Хаан банкны өөрийн 000000000 дугаартай дансны виза картаа уншуулахад гар утсанд 8400 төгрөгийн зарлага хийгдэж 420.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн зурвас ирсэн. Хаан банкны миний дансанд 1.430.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байсан. Тухайн өдөр ажлын цаг дууссан болохоор банк дээр очиж чадаагүй. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан банкны салбарт очиж дансны хуулга авахад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутад АТМ-ээс Хаан банкны 000000000 дугаартай данс руу 1.000.000 төгрөгийн зарлага хийгдсэн байсан. Хаан банкны миний 000000000 дугаартай дансны виза карт надад одоо байгаа. Би хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлын газрын менежер Баярцэцэг гэх эмэгтэйд ашиглуулсан. Баярцэцэг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надаас “эгчээ 350.000 төгрөг байвал зээлээч” гэхээр нь Хаан банкны өөрийн 000000000 дугаартай дансны виза картыг өгч Баярцэцэг “Хүннү Молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах АТМ-ээс бэлнээр 350.000 гарган авч виза картыг буцааж өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баярцэцэг надад танаас зээлсэн 350.000 төгрөгийг өгье гэж хэлээд дансны дугаар авсан. Мөн таны данс руу мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаад авчхаад буцаагаад өгье гэж хэлээд Хаан банкны 000000000 дугаартай дансны виза картыг авсан. Удалгүй 10 минутын дараа буцааж өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны миний 000000000 дугаартай дансны виза карт, миний цүнх дотор байсан. Баярцэцэг болон өөр хүнд виза картаа өгөөгүй. Тухайн өдөр ажил дээр очоод цүнхээ хоолны газрын ариун цэврийн өрөөний хувцасны шүүгээнд хийсэн. Тус шкаф болон ариун цэврийн өрөөнд цоож, камер байдаггүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

- хохирогчоор дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би Баярцэцэгээс өөрийн данснаас алдсан гэх 1,000,000 төгрөгийг эргүүлэн авснаас хойш хамт ажилладаг хүмүүс бид одоо нэг нэгэндээ буруу санаад яах вэ гэж бодож байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

5. Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Хаан банкны 000000000 дугаартай дансыг 2013 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хархорин хаан банкны салбарт нээж байсан. Уг дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Би Ерөнхий боловсролын сургуульд 2017 онд багшаар ажилд орсон. 2020 онд сургуульд физикийн багшаар Л.Б гэх хүн ажилд орсон. Баярцэцэг урьд өмнө надаас 11.500.000 төгрөг зээлсэн. Л.Б 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр чиний данс руу шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс болж цагдаагийн хэлтэс дээр байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

6. Яллагдагч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 30 минут орчимд ажил дээрээ ирээд хувцсаа солихоор ажлын ариун цэврийн өрөөнд байрлах шүүгээнд байх өөрийн цүнхээ авахаар нээтэл хажуу талын шүүгээний тасалгаанд байсан Энхжаргал эгчийн цүнхийг олж харсан. Би хүнээс урьд өмнө нь 10,000,000 төгрөг зээлээд тухайн зээлсэн мөнгөний хүү 1,000,000 төгрөгийг төлөх хугацаа нь тулчихсан байсан болохоор надад ямар ч хамаагүй аргаар мөнгө олох ёстой гэдэг бодол төрсөн. Тэгээд Энхжаргал эгчийн картаар урьд нь 2 удаа гүйлгээ хийж байсан тул кодыг нь мэдэж байсан, цүнхийг нээж үзтэл Хаан банкны виза карт нь байсан. Түүнийг авч гараад “Хүннү молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд картыг нь уншуулж кодыг нь хийгээд 1,000,000 төгрөгийг зээл төлөх ёстой байсан Цэрэнлхамын 000000000 дугаарын данс руу шилжүүлчхээд буцаж угаалгын өрөөнд байрлах шүүгээн доторх Энхжаргал эгчийн цүнхэнд буцаан хийсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

            7. Хохирогч Д.Э-ын гомдол саналгүй, хохирол мөнгийг хүлээн авсан талаарх бичгээр өгсөн баримт (хавтаст хэргийн 50 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Л.Бийн хүсэлт (хавтаст хэргийн 51 дэх тал), прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 52-54 дэх тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг  хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ялын саналыг танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч гэм хорыг арилгасан хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Б хэргийн үйл баримт, гэмт хэргийн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

   Шүүгдэгч Л.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвд ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг Д.Э-ын Хаан банкны 000000000 дугаарын данс бүхий картыг цүнхнээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, тус худалдааны төвд байрлах бэлэн мөнгөний машинд тухайн картыг уншуулан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Д.Э-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

-Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...000000000 дугаартай дансны виза картаа уншуулахад ...420.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн зурвас ирсэн. ...миний дансанд 1.430.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байсан. ...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ...Хаан банкны салбарт очиж дансны хуулга авахад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутад АТМ-ээс Хаан банкны 000000000 дугаартай данс руу 1.000.000 төгрөгийн зарлага хийгдсэн байсан. ...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны миний 000000000 дугаартай дансны виза карт, миний цүнх дотор байсан. Баярцэцэг болон өөр хүнд виза картаа өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

-Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн ...Хаан банкны 000000000 дугаартай дансыг ...надаас өөр хүн ашигладаггүй. ...Л.Б 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр чиний данс руу шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс болж цагдаагийн хэлтэс дээр байна гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

Яллагдагч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Энхжаргал эгчийн картаар урьд 2 удаа гүйлгээ хийж байсан тул кодыг нь мэдэж байсан, цүнхийг нээж үзтэл Хаан банкны виза карт нь байсан, түүнийг авч гараад “Хүннү молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд  уншуулж, кодыг хийгээд 1,000,000 төгрөгийг зээл төлөх ёстой байсан Ц-ын 000000000 дугаарын данс руу шилжүүлсэн. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал

-Хаан банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

-Д.Ц-ын эзэмшдэг 000000000 тоот Хаан банкны дансны 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

-Д.Ц-ын эзэмшдэг 000000000 тоот Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн: “2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 000000000 тоот данснаас 000000000 тоот данс руу 1.000.000 төгрөгийг орлого гэх утгатай орсон байсныг тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь “Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгох”-ыг ойлгоно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Д.Э-аас банканд эзэмшдэг өөрийн дансны картыг нууц дугаарын хамт шүүгдэгч Л.Б-т урьд нь шилжүүлэн өгч байсан байдлыг шүүгдэгч Л.Б ашиглан тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогчийн цүнхнээс нууцаар банкны картыг нь авч, бэлэн мөнгөний машинд уншуулан кодыг нь хийж мөнгийг хууль бусаар хулгайлан авсан байна. Энэхүү өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Л.Бийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.Б-ийн гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагыг хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нь хохирогчийн мөнгөн хохирлыг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 50 дахь тал), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогч Д.Э-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохиролцсон бөгөөд тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно” гэсэн  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс прокурортой тохиролцсон ялыг зөвшөөрч байгаа, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж тайлбарласан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Л.Б-ийн хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, урьд ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” -ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Шүүгдэгч Л.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруу, прокурорын ялын саналыг зөвшөөрч, ялаас зайлсхийвэл хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хангагдсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

   Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Л.Б-ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Л-ын Б-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Л-ын Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

              3. Шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

              5. Шүүгдэгч Л.Б-т хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

              7. Шүүгдэгч Л.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН