| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0665/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/665 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/665
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Э.Чанцалням,
хохирогч Г.С, Х.Ж,
шүүгдэгч Ц.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000842 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дүгээр баг, Хивсний ** гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чулуутын **дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух,
урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тоггоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Ц-гийн С(РД*******).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Ссогтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Стой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан чулуугаар дух руу цохиж, өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “бүсэлхий нурууны 3, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, чамархай, чихэнд шарх, зулгаралт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн цаг хугацаанд хохирогч Х.Жийн нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Ц.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Сорвины тосыг авч өгнө гэж бодож байгаа. Одоогоор боломжгүй байна. Уучлалт гуйя, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 4 дүгээр сарын 07-нд бид 3 уулзаж буудалд уусан. С11 цагийн үед ирсэн. 16 цагийн үед гараад “Хүн хүлээлгэлээ” гэж маргалдаад, намайг чулуугаар цохисон. Нүүр лүү өшиглөж байсныг санаж байна. Тэгээд ухаан алдсан байсан. Эм тариа, сорвины тосны үнэ 240,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр орой бид 3 уулзаж буудалд орж уусан. Сайлын хашаа даваад алга болсон. Тэгээд утсаар яриад ирсэн. С, С2 маргалдаад байсан. Салгах гэтэл намайг чулуугаар цохисон. 14 хоног ажлаа хийж чадаагүй. КТГ зураг авахуулсан. Сорвины тос авч өгөөгүй. 14 хоногийн цалин 1,080,000 төгрөг нэхэмжилж байна. Бусдыг нэхэмжлэхээ болъё” гэв.
Эрүүгийн 2208000000842 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Сын: “Би 2022 оны 04 сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 6 хороо байх, Депогийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах зочид буудалд хамт ажилладаг Ж бид 2 хоносон. Маргааш нь 07-ны өдөр хамт ажилладаг байсан С11 цагийн үед ирж бид нар архи уусан. 16 цагийн үед буудлаас гарахад Схаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болохоор залгасан чинь хаана байгаагаа хэлэхгүй, “одоо очлоо” гэсээр байгаад 19 цагийн үед ирсэн. Би “чи хаашаа явсан юм бэ, явах байсан юм бол явлаа гэдгээ хэлээд явахгүй яадаг юм бэ, зөндөө хүлээлээ” гэж хэлснээр хэрүүл болж улмаар Сгазраас чулуу авч миний толгойн зүүн тал руу 1 удаа цохисон. Өвдгөөрөө сөхрөөд суутал нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэр үед Ж ах миний урдуур орж салгах гэтэл Счулуугаар Ж ахын баруун талын хөмсөг рүү цохиж зодчихоод яваад өгсөн. Ж ах бид 2 цустайгаа холилдоод хоцорсон. СЖ ах бид 2-ын биед гэмтэл учруулсан. Сумъяасүрэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 9 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.04.13-ны өдрийн 5580 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Г.Сын биед бүсэлхий нурууны 3,4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, чамархай, чихэнд шарх, зулгаралт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Хохирогч Х.Жийн: “2022 оны 4 дүгээр сарын 06-ны орой Депогийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах нэрийг нь мэдэхгүй буудалд орж хоноод өнөөдөр сунгаж байтал С11 цагийн үед ирж, 16 цагийн үед гарч явсан. Тэгэхэд С “орхиод явчихлаа” гээд уурлаж утсаар ярьсан. С19 цагийн үед ирж С-эй буудлын гадаа муудалцсан. Би тэр хоёрыг салгах гэтэл миний толгой руу Счулуугаар 1 удаа цохисон. Дараа нь С-гийн толгойг бас чулуугаар цохичихоод яваад өгсөн. Хөмсөг сэтэрч хонхойж орсон, толгой өвчтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.04.13-ны өдрийн 5578 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Х.Жийн биед баруун хөмсөгт шарх, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Шүүгдэгч Ц.С-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 04 сарын 07-ны 9 цагийн үед найз Жтой утсаар ярьсан чинь “хүрээд ир, С бид 2 буудалд байна” гэхээр нь заалгаад 11 цагийн үед ирсэн. Бид нар архи ууж байгаад унтаад 16 цагийн үед босоод буудлаас гарсан. Би найзтайгаа уулзахаар СХД-ийн 6 дугаар хороо “Дүүхээ” худалдааны төв рүү явсан. Араас Ж, С алхаж явснаа алга болчихоор нь утсаар залгаад ярьсан чинь “намайг хаяад явчихлаа, явах байснаа хэлэхгүй яасан юм” гээд ууртай ярихаар нь би эргээд ирсэн. Стой уулзсан чинь “намайг хаяад явсан” талаар хэлээд уурлаж бид 2 маргалдаж эхэлсэн. Би газраас чулуу авч толгой руу нь 1 удаа цохисон чинь хажуунаас Ж салгах гэж дундуур орж ирээд миний гарт барьсан чулуунд цохиулсан. Ж, С хоёрын толгойноос цус гараад байхаар нь би зугтаагаад явчихсан. Хэсэг хугацааны дараа Жамболдоржийн утас руу яасан талаар асуух гэж залгатал утсаа аваад ярихгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-49), банкны дансны хуулга (хх-37-43), хохирогч Г.Сын “Ц.С-ээс 280,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-63), хохирогч Х.Жийн “Ц.С-гээс 130,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-64) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
хохирогч Х.Жоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн “С” ХХК-ийн ажлын байрны 1 хуудас тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Ссогтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Стой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан чулуугаар дух руу цохиж, өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “бүсэлхий нурууны 3, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, чамархай, чихэнд шарх, зулгаралт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн цаг хугацаанд хохирогч Х.Жийн нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Сын “...Бид нар архи уусан. ...Сгазраас чулуу авч миний толгойн зүүн тал руу 1 удаа цохисон. Өвдгөөрөө сөхрөөд суутал нүүр лүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-8, 9), шүүх эмнэлгийн 5580 дугаар “1. Г.Сын биед бүсэлхий нурууны 3,4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, чамархай, чихэнд шарх, зулгаралт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), хохирогч Х.Жийн “...Сүхээтэй буудлын гадаа муудалцсан ...би салгах гэтэл миний толгой руу Счулуугаар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-13), шүүх эмнэлгийн 5578 дугаар “1. Х.Жийн биед баруун хөмсөгт шарх, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-25-26), шүүгдэгч Ц.С-нгийн “...Бид нар архи уугаад ...Г.С бид 2 маргалдаж эхэлсэн, ...би газраас чулуу авч толгой руу нь 1 удаа цохисон чинь хажуунаас Ж салгах гэж дундуур орж ирээд миний гарт барьсан чулуунд цохиулсан...” гэх мэдүүлэг (хх-62) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.С-ийн хохирогч Г.Стой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан духанд нь чулуугаар цохиж унагаан хэд хэдэн удаа өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,
мөн шүүгдэгч Ц.С-ийн хохирогч Х.Жтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэнд чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 280,000 төгрөг төлөгдсөн,
хохирогч Х.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 130,000 төгрөг төлөгдсөнийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Г.Сын “эм тариа, сорвины тосны үнэ нэхэмжилсэн”, хохирогч Х.Жийн “ажилгүй байсан хугацааны цалин 1,080,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй буюу холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг харгалзан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Снь 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Стой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “бүсэлхий нурууны 3, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, чамархай, чихэнд шарх, зулгаралт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн цаг хугацаанд хохирогч Х.Жийн нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 660 цагаар оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нотлох баримттай хохирлыг төлж барагдуулна. Эхнэр хагалгаанд орж байгаа, 2 настай хүүхдээ харж байгааг харгалзаж торгох ял оногдуулж өгнө үү. Одоогоор ажилгүй байгаа ч төлөх боломжтой” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар зочид буудалд архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч Г.Сын эрх, эрх чөлөөнд духанд чулуугаар цохиж унагаан, өшиглөх үйлдлээр халдаж гэмтэл учруулсан, хохирогч Х.Ж маргааныг зогсоох зорилгоор салгах үед түүний эрх, эрх чөлөөнд нүүрэнд чулуугаар цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Г.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 280,000 төгрөг төлөгдсөн, “Нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч Х.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 130,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.С-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял дээр 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоолоо.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, тодорхой орлого олно гэх)-ыг харгалзан шүүгдэгч Ц.С-г 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял тул тухайн шүүгдэгчийн амьдралын ахуй нөхцөл, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзснийг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Сцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-г 1,500,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР