Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2020/0499/З |
Дугаар | 128/ШШ2020/0697 |
Огноо | 2020-10-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2020/0697
2020 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 128/ШШ2020/0697 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: З ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: ...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын З ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З ХХК нь 2016/238 дугаар гэрчилгээтэй, аялал жуулчлалын зориулалттай, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт байрлах Залаатын ам нэртэй 0.5 га газрыг ашигладаг. Хувьцаа эзэмшигч Ц.Т, Н.Б бид тухайн компанийг аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхтэй гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан. Ц.Т, Н.Б бид тухайн газар ашиглах эрхийг компанийн хамт худалдаж авснаас хойш сар гаруй хугацааны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас З ХХК-ийн нэр дээрх газар ашиглах эрхийг цуцлах тухай мэдэгдэл ирж, улмаар тус яамны сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/133 тушаалаар тухайн газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон. Энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/133 тушаал нь үндэслэлгүй байсан тул бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг хянан хэлэлцээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/133 дугаар тушаалын 1 дэх заалтын З ХХК-д холбогдох хэсгийн З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/133 дугаар тушаалын 1 дэх заалтын З ХХК-д холбогдох хэсгээс Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа 107,96 м.кв талбайн хэмжээтэй хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр 107.96 м.кв талбайг З ХХК-ийн ашиглах газраас хасч, бусад газрыг хууль зөрчөөгүй, зориулалтын дагуу ашиглах эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн. Өнөөдөр энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байна. Нэгэнт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/268 дугаар тушаалаар З ХХК-ийн газар ашиглах эрх сэргээж газрын ашиглах эрхийг бүртгэлд авах, баталгаажуулах, кадастрын мэдээллийн санд бүртгэх асуудлууд шийдвэрлэгдсэн. Гэтэл үүнээс 24 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалаар манай газар ашиглах эрхийг дахин үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрээр хууль зөрчөөгүй, ашиглах эрхтэй гэж тогтоогдсон газрын маань ашиглах эрхийг дахин хүчингүй болгоод байна.
Ийнхүү З ХХК-ийн газар ашиглах эрхийг холбогдох салбарын сайдын тушаалаар дахин хүчингүй болгосон нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, түүнийг давхар хүчингүй болгосон нь үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт /тушаал/ болоод байна. Үүнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 809 дугаар шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Залаат бийч турс ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгт нотлох баримтыг үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/133 дугаар тушаалын 1 дэх заалтын З ХХК-д холбогдох хэсгээс Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа 107.96 м.кв талбайн хэмжээтэй хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр 107.96 м.кв газрыг хасаад бусад хэсгийг нь хууль зөрчөөгүй, зориулалтаар нь ашиглах эрхтэй гэж шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон бол энэ шийдвэртэй холбогдуулж ямар нэг маргаан үүсгэх, шүүхийн шийдвэрт туссан нөхцөл байдлыг дахин нотлох шаардлагагүй юм. Илт хууль бус захиргааны акт болох 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын Залаат бийч турс ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон хүчингүй болгож өгөхийг хүсээд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц-ын нэр дээр гомдол гаргасныг тус яамнаас судалж байна, танайх хууль зөрчсөн асуудал байхгүй юм шиг байна, хүлээж бай гэх мэтээр хугацаа авсаар хариу өгөхгүй байсан тул бидний зүгээс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гомдлын хариу өгөхийг бичгээр шаардсан.
Энэ бүгдийн эцэст 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 06/4162 албан тоотоор хариу ирүүлсэн. Энэхүү албан тоот нь гомдол хянагдаж байх хугацаанд тус яамны холбогдох хүмүүсээс бидэнд хэлж, ярьж байснаас эсрэг буюу гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0809 дугаар шийдвэр, дээр дурдагдаж буй хэргийн бусад бодит нөхцөл байдлуудыг үндэслэл болгон 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын"
Аливаа захиргааны байгууллагаас гаргаж байгаа нийтээр дагаж мөрдөх хуультай холбоотой захиргааны акт нь өөрөө хуульд нийцсэн байхын зэрэгцээ холбогдох иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа бол хууль зүйн үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл сайдын тушаалын үндэслэх хэсгийг харахаар ямар үндэслэлээр нэхэмжлэгчид холбоотой газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь маш тодорхой бус байна. Энэ үндэслэлээр З ХХК-д холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.
Анхнаасаа цуцалттай холбоотой асуудал маань уулын шороо нураасан, уулын онгон байдлыг алдагдуулсан, усны голдрил алдагдуулсан, бургас мод сүйтгэсэн, тухайн үеийн цуцлах актууд иймэрхүү нөхцөлтэй ирж байсан. Харин З ХХК нь нэгдүгээрт ямар ч уул нураасан зүйл байхгүй, голын сав зайнаас мэргэжлийн байгууллага нь тогтоосон, бургас мод сүйтгэсэн гэдэг зүйл байхгүй харин ч бид нар бургас мод сөөг тарьсан. Иймэрхүү зүйлүүд нь нарийвчлан тухайлсан компани дээр авч үзсэн зүйл байхгүй.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0809 дугаар шийдвэр, дээр дурдагдаж буй хэргийн бусад бодит нөхцөл байдлуудыг үндэслэл болгон 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын З ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчиж газар олгосон асуудлыг цэгцлэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалыг гаргасан. Ингэхдээ Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана..." гэж заасныг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааны зохицуулалтыг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..." гэж заасныг тус тус үндэслэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д ...Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно..." гэж заасан байдаг бөгөөд А/355 дугаар тушаалд орсон иргэн, хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь бүхэлдээ сөрөг нөлөөтэй хууль бус тушаалууд болсон байдаг. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрсөн нөхцөлүүдэд "аялал жуулчлалын зориулалт" гэж байхгүй байхад ийм зориулалтаар зөвшөөрөл олгосон нь хууль бус юм.
Сайдын А/355 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн тушаал гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт биш гэж үзэж байгаа. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д долоон тохиолдлыг заасан. Илт хууль бус захиргааны акт нь дараах шийдвэрийг агуулсан байна гэж байгаа. Эдгээр шинжийг уг тушаал нь агуулаагүй юм.
Учир нь уг тушаалыг гаргахдаа чиг үүргийнхээ дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрх олгох, хүчингүй болгох эрхтэй. Эрхийнхээ хүрээнд гаргасан. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг үндэслэсэн. Энэ заалт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хууль тогтоомжид нийцүүлж тушаал гаргана гэсэн утга агуулгатай байдаг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн. Тусгай хамгаалалттай газар нутагт хориглох болон, үйл ажиллагааны зориулалтыг тусгаж өгсөн байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэсэн байдаг. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүргийг зааж өгсөн байдаг.
Энэ эрхийн хүрээнд 46 аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчид газар олгохдоо аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах зориулалтыг зааж өгсөн үүний дагуу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх байхгүй байна гэж үзсэн. Энэ бол хууль бус юм.
Иймд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль тогтоомжид нийцэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З ХХК-иас тус шүүхэд хандан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын З ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар З ХХК-нд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 0.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг анх олгосон.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн А/113 дугаар тушаалаар ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 431 дүгээр саналыг үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэх үндэслэлээр З ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0809 дугаар шийдвэрээр ...Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа 107.96 м.кв талбайн хэмжээтэй хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/268 дугаар тушаалаар ...З ХХК-нд олгосон 0.5 га газраас шүүхийн шийдвэрийн дагуу Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхац байгаа 107.96м.кв газрыг дуусгавар болгож, 4892.04 м.кв газрыг ашиглах эрхийг сэргээж, З ХХК-ийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2016/238 тоот гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээг хийсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн А/113 дугаар тушаал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0809 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/268 дугаар тушаал болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах заалтаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсний 43-т З ХХК, Залаатын ам, 0.5 га, 2016.06.03 А/179, аялал жуулчлал хэмээн тусгагджээ.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч З ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/268 дугаар тушаалаар З ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн ч үүнээс 24 хоногийн дараа 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн сайдын А/355 дугаар тушаалаар манай газар ашиглах эрхийг дахин үндэслэлгүйгээр хүчингүй болгож байгаа нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, түүнийг давхар хүчингүй болгосон илт хууль бус захиргааны акт хэмээн тодорхойлон маргаж байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:
47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;
47.1.2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;
47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;
47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;
47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;
47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй хэмээн заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11-т / Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах, 27 дугаар зүйлийн 27.1-т Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй хэмээн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно хэмээн тус тус заасан бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах хэсэг нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн[1] хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
5. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, З ХХК-ийн ашиглаж байсан Баянзүрх дүүрэг, Залаатын зүүн богинын амны 0.5 га газар нь бүхэлдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүстэй давхцалтай болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-04/4254, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1872 болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 06/6302 дугаар албан бичиг, тэдгээрт хавсаргасан сансрын ортофото зурган мэдээлэл, маргаан бүхий газар хийсэн шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан шүүх, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11, 27 дугаар зүйлийн 27.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын З ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус хэмээн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч З ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан ...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын З ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
[1] https://www.legalinfo.mn/additional/details/3524?lawid=216