| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 000/0000/0000/З |
| Дугаар | 221/МА2014/0432 |
| Огноо | 2014-11-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2014/0432
Д.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б гуравдагч этгээд Ж.Б-тай хуйвалдан намайг ажлаас чөлөөлж, түүнийг томилсон нь хууль бус гэж үзэж байна. Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд хууль зөрчсөн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Иймд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа'. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2014 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 111 дүгээр албан бичиг, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хурлаар сумын Засаг даргын орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцээд Д.А 0 саналтай, Ж.Б 7 тэргүүлэгч дэмжсэн тул Ж.Б-ыг сумын орлогч даргаар томилох захирамжийг гаргасан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Д.А 2012 оны 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд Засаг даргын орлогчоор нэр нь танилцуулагдан дэмжлэг аваагүй байхад хууль зөрчиж тухайн үеийн Засаг дарга н.Г томилсон. Мөн Д.А нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд дээр алдаа дутагдал гаргаж, геологийн дүгнэлт худлаа гаргуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-ыг түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын хууль бусаар ажилгүй байсан 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх цалинг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Засаг дарга Н.Л давж заалдах гомдолдоо: 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 49 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны болоод үндэслэл бүхий хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д заасны дагуу сум дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөж томилж чөлөөлнө гэж заажээ. Тухайн үеийн Засаг дарга Д.Г нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, Засаг даргын орлогчоор Д.А-ыг шууд томилж 2012 оны 305 дугаар захирамж гаргасан нь хуульд нийцээгүй шийдвэр юм. Шүүхээс хариуцагчийн талаас гаргасан нотлох баримтыг үнэлээгүй зэрэг гомдолтой байна.
2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамж нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдээс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар албан бичиг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар албан бичгийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/358 дугаар албан бичгийг хүргүүлсэн.
Тухайн албан бичгийн хариуд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр тоот албан бичгээр 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар сумын Засаг даргын орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцээд Засаг даргын орлогчоор Ж.Быг томилсон юм. Иймд, Хонгор сумын Засаг даргын 2014 оны 127 дугаар захирамж нь хуульд нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар давж заалдах гомдолдоо: Гуравдагч этгээд Ж.Б миний бие тус шүүхээс гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчиж миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт 1. Шүүгч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу нэхэмжлэгч гомдол гарган захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Д.А нь Засаг даргын захирамжид гомдол гаргасан гэх нотлох баримт хэргийн материалд байхгүйг баримтаар шүүх нотлоогүй. 2. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Л нь Д.А-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Гэтэл нэхэмжлэгч Д.А нь Захиргааны хэргийн 6 дугаар шүүхэд нэхэмжлэлээ 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Дээрх хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Дархан уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь Засаг даргын орлогч Д.А-д хэзээ ямар үүрэг даалгавар өгсөн, түүнийг хэрхэн биелүүлээгүй түүнийг шалгаж, дүгнэсэн байдал нь, ямар ажил үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн зэрэг нь дээрх захирамжаас тодорхойгүй гэжээ.
Гэтэл дараах баримтуудаар нотлогдож байхад шүүх: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйл 41 дүгээр зүйл заалтуудыг зөрчиж маргааныг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Хурлын даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр албан бичиг 2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1-438 дугаар албан бичиг 3. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар санал 4. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар албан бичиг 5. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаар хурлын тэмдэглэл 6. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог.
Мөн Үндэслэх хэсэгт: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” 127 дугаар захирамж нь хууль зөрчиж гаргаснаар Д.А-ын хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж дүгнэжээ.
Гэтэл Хонгор сумын Засаг дарга нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн тухай тодорхойгүй мөн заагаагүй шүүгчийн дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн. Д.А-ыг ажлаас чөлөөлж Ж.Б-ыг томилсон тушаал нь ямар хуулийн заалтыг зөрчсөн тухай шийдвэрт тусгаагүй ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч нь удаа дараа ажилдаа зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлж Ж.Б-ыг Засаг даргын орлогчийн албан тушаалд томилсон. Ж.Б-ыг ажилд томилохдоо Засгийн газрын 1996 оны 06 дугаар сарын 28 өдрийн 216 дугаар тогтоол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хуулийг үндэслэл болгон томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болоогүй байхад, зөрчсөн мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн Хонгор сумын Засаг даргын орлогч дарга Ж.Б-ыг албан тушаалд хуулийн хүрээнд томилсон тухай нотлох баримт хэргийн материалд хангалттай цугларсан атал шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Харин нэхэмжлэгчийг анх Засаг даргын орлогчоор томилсон нь хууль зөрчсөн үйлдэл байсан бөгөөд дараах баримтаар нотлогддог. Үүнд: 1. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэл 2. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаар албан бичиг 3. Хонгор сумын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 305 дугаар албан бичиг 4. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар албан бичиг 5. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар албан бичгүүд болно. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, улс төрийн албан тушаал байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д зааснаар сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчдтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх эрх сумын Засаг даргад олгогджээ. Энэхүү хуульд заасан журам, процессын дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн эсэхийг шүүх хянахад:
Сумын Засаг дарга нь Засаг даргын орлогч Д.А-ыг ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргахын өмнө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл[1], 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл[2], мөн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар албан бичиг[3], 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр албан бичиг[4], Хонгор сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/358 дугаар албан бичиг[5] зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ийм учраас хууль зөрчиж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлгүй.
Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар улс төрийн албан хаагч нь улс төрийн албан хаагчид итгэл хүлээлгэх эсэх нь тухайн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхэд хамаарч байх ба шүүхээс энэ асуудлыг хянах эрхгүй, улс төрийн намын дотоод асуудал байна.
Анхан шатны шүүх “сумын Засаг даргаас тус сумын Засаг даргын орлогч Д.А-д хэзээ ямар үүрэг даалгаврыг өгсөн, түүнийг нь хэрхэн биелүүлээгүй, түүнийг шалгаж, дүгнэсэн байдал, ямар ажил үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн зэрэг тодорхойгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан болохоос улс төрийн албан хаагчид хамааралгүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг хуулиар зохицуулахаар заасан ба улс төрийн албан хаагчийг ажилд томилох чөлөөлөх асуудлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийг энэхүү маргаанд хэрэглэхгүй.
Хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд, журмын дагуу шийдвэр гаргасан байх тул хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд, дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
| ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ШҮҮГЧИД Э.ХАЛИУНБАЯР Н.ХОНИНХҮҮ П.СОЁЛ-ЭРДЭНЭ |