Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

    2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00318

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны  танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3, өөрийн байранд байрлах Тагнуулын ерөнхий газрын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Д.Чимэд-Осорын гудамж, 11-1 тоотод байрлах “Э” ХХК-д холбогдох

         түрээсийн гэрээний үүрэгт 88.295.679 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э”ХХК-ийн засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33.667.020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15.000.000 төгрөг, нийт 48.667.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг иргэний хэргийг  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  төлөөлөгч Д.Цогбаяр, хариуцагч “Э”ХХК-ийн захирал С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун /ШТЭҮД:0974/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Тагнуулын ерөнхий газар нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 477 м2 талбай бүхий “Соёмбо” зочид буудлыг хариуцагч “Э” ХХК-д 1 м2 талбайг нь 7.000 төгрөгөөр тооцож, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр Төрийн өмчийн хорооны баталсан гэрээний загварын дагуу тус хорооны зөвшөөрөлтэйгээр 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14/05 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г хариуцагч “Э” ХХК-тай байгуулсан. Дээрх гэрээний 5.4-т зааснаар 1 сарын түрээсийн төлбөр нь 3.343.900 төгрөг бөгөөд нийт төлбөр 12 сар нь 40.126.800 төгрөг болно. Үүнээс хариуцагч “Э” ХХК нь 2014 оны 3, 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт нийт 10.031.700 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 9 сар буюу 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 2 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр болох нийт 30.095.100 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тус төлбөрийн үлдэгдлийг хариуцагч “Э” ХХК-ийн захирал С.Ж нь 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болно. Тагнуулын ерөнхий газраас дээрх үлдэгдэл төлбөрөө яаралтай төлж барагдуулах талаар хариуцагч “Э” ХХК-д удаа   дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 29-ний 06/472 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 30-ний 06/579 дүгээр, 2015 оны 4 дүгээр сарын 3-ны 01/736 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч тус компанийн зүгээс түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 2014 оны 14/05 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 5.7-д “Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги ногдуулна.” гэж заасны дагуу түрээсийн үлдэгдэл төлбөрийн нийт алданги нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 58.200.579 төгрөг болсон. Иймд хариуцагч “Э” ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт 30.095.100 төгрөгийг алданги 58.200.579 төгрөгийн хамт буюу нийт 88.295.679  төгрөгийг зохих хууль тогтоомж, гэрээний дагуу “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “Э”ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Тагнуулын ерөнхий газар нь тус шүүхэд хандаж түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 30.095.100 төгрөгийг алданги болох 58.200.579 төгрөг, нийт 88.295.679 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж энэхүү тайлбарыг гаргаж байна.  Тагнуулын Ерөнхий газрын харьяа зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хувьд түрээсэлж, ажиллахдаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, эдгээр хөрөнгө оруулалтыг түрээсийн төлбөрт тооцно гэж тохирсон хэдий ч тооцоо нийлж, энэ тухай асуудлаар тохиролцоогүй байгаа юм. Түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчийн хүсэлтээр хугацаанаас өмнө гэрээг цуцалж түрээсийн эд зүйлийг буцаан өгсөн тул мөн л түрээсийн төлбөрөөс эохих хэмжээгээр хасагдах учиртай болно. Энэхүү түрээсийн гэрээг Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтээр, тус байгууллагатай байгуулсан тусгай зориулалттай гэрээнд үндэслэн байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу зарим нэг төлбөр тооцоог хийж байсан болно. Дээрхи үндэслэлүүдээр түрээслүүлэгч байгууллагатай тохиролцож, тооцоо нийлэх хүсэлт тавьж байсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хариу ирүүлээгүй юм. Нэхэмжлэлд дурдсан тооцооллууд нь эргэлзээ төрүүлж байгаа тул түүнийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

          Хариуцагч “Э”ХХК-ийн захирал С.Ж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд түрээсийн гэрээг 10 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэхдээ түрээсийн байранд их засвар хийгдэж, хүлээлгэж өгсөний дараа гэрээ хэрэгжихээр заасны дагуу 2006 оноос хэрэгжиж эхэлсэн. 2010 онд Тагнуулын ерөнхий газрын дарга Г.Алтансүх, Тамгын газрын дарга Баатар нар ирж уулзаад түрээсийн байранд Ахмадын хороог оруулах хэрэгтэй байна гэхээр нь нэмж барилга байгууламжийн засвар, хөрөнгө мөнгө шаардлагатай гэхэд үүнийг түрээсийн төлбөртөө оруулаад тооцоё гэсний дагуу  10 дугаар сард гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Ингээд манай байгууллагаас тодорхой хэмжээний зардал гарган Ахмадын хороо байрлах байрыг засварлаж, тусад нь хаалга гарган ашиглалтанд оруулсан. 2014 түрээсийн гэрээнд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болоод түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Уг түрээсийн гэрээний дагуу тооцсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 30.095.100 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгийг төлөх боломжгүй учир нь Ахмадын хороог тухайн байранд оруулахад засвар хийсэн зардлыг түрээсийн төлбөрт харилцан суутгасан гэж үзэж байна. Бидний Ахмадын хороо байрлаж байгаа байрыг засварласан хөрөнгийг Тагнуулын ерөнхий газар хүлээн зөвшөөрөхгүй, түрээсийн төлбөрөөс хасахгүй байгаа учир бидний хооронд маргаан үүссэн. Иймд Тагнуулын ерөнхий газартай манай байгууллага ямар нэгэн тооцоогүй гэж үзэж байна. 2005 онд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2015 онд дуусна. Гэтэл 2014 онд түрээсийн гэрээг дахин байгуулсан. Гэтэл Тагнуулын ерөнхий газраас 2005 онд байгуулсан гэрээг дуусгасан, цуцалсан нь огт тодорхойгүй байна. Манай талаас Тагнуулын ерөнхий газрын эд хөрөнгийг энэ хугацаанд хадгалж, хамгаалж, аривжуулж, өргөтгөн үйл ажиллагаа явуулах боломжийг тодорхой хэмжээний зардал гарган засварласан гэх санхүүгийн эх сурвалж, баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл Тагнуулын ерөнхий газар эдгээр асуудлыг тооцохгүйгээр  мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн “Э”ХХК нь түрээсийн байрыг эзэмшиж байсан 8 жил гаруйн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтуудаа өөрсдөө болон үнэлгээний байгууллагаар тогтоолгосон. Эдгээр баримтаас үзэхэд “Э”ХХК нь Тагнуулын ерөнхий газарт төлөх төлбөр байхгүй. 2014 онд хагас жилийн төлбөр төлөөд тухайн байрыг хүлээлгэж өгсөн. Тухайн байрыг хүлээлгэж өгч байх явцдаа “Э”ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани Тагнуулын Ерөнхий газартай 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 06/25 тоот маш нууц гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан билээ. “Тус гэрээний 3.2-т урьдчилсан тооцоогоор 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөгдсөн ба хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэлээр тогтооно” гэсэн бол мөн гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөх ба энэ зардлаа түрээсийн төлбөрт суутган тооцохын зэрэгцээ түрээсийн гэрээг мөрдөж эхэлснээс хойш сар бүр түрээсийн төлбөрт 400.000 төгрөг төлж хөрөнгө оруулалтын зардал нөхөгдсөнөөс хойш түрээсийн төлбөрийн хэмжээнд хоёр тал тохиролцон өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан нь тухайн үед мөрдөж байсан Төрийн өмчийн хорооны 2001 оны 562 тоот тогтоолыг иш үндэс болгосон юм. Манай компани Соёмбо зочид буудлын их засварт 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэлийн актаар 84.547.322 төгрөг оруулсан билээ. “Соёмбо” зочид буудлын их засвар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн төсөв-актыг ТЕГ-ын ХҮХ-ийн Санхүүгийн тасгийн дарга Б.Баатархүү; ХҮХ-ийн Херөнгө оруулалт, барилга орон сууц хариуцсан ажилтан, мэргэшсэн төсөвчин х/ч Б.Ганхуяг; зөвшөөрсөн:      ХҮХ-ийн дарга, х/а Р.Оргилсайхан нар хянаж үзээд баталгаажуулсан юм. Үүний дээр зочид буудлын өрөө, кафе, биллиардын тавилга, тоног хэрэгсэл зэрэг эргэлтийн хөрөнгө компанийн балансад тусгагдсанаар 25.934.560 төгрөг болоод байна. Түрээсийн гэрээний 5.7-д: “гэрээ дуусгавар болсны дараа түрээслэгч барилга байгууламж, эд хөрөнгийг 9.2-т заасан актын дагуу буцаан өгөх үүрэгтэй” гэсэн заалт “Соёмбо” зочид буудлыг ургэлжлүүлэн зориулалтаар нь ашиглах шаардлагын хэмжээнд хүлээлгэн өгнө гэж тохиролцсон нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа болно. Иймд манай компанийн зүгээс оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 110.481.882 төгрөг болж байна. 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төрийн өмчийн хорооны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16/445 тоот албан бичиг, 06/58 дугаартай түрээсийн гэрээний 2.1,9.1 дэх заалтыг тус тус үндэслэн Соёмбо зочид буудлын түрээсийн төлбөрийг хөрөнгө оруулалтыг суутган тооцохоос гадна нэмж сар бүр 600.000 төгрөг төлж байхаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн 9.4-т: Түрээслэгч тал Соёмбо зочид буудлын 1 давхрын баруун жигүүрийн 2 өрөөг хонгилын хамт тусгаарлан. зохих зураг төслийн дагуу гадагш хаалга гарган нэмэлт хөлийн өрөөний байгууламж барьж, цахилгаан сантехникийн өөрчлөлт оруулж ТЕГ-ын Ахмадын хороонд 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор хүлээлгэн өгнө. Засварын зохих ажлыг Ахмадын хорооны хүсэлтийн дагуу гүйцэтгэнэ.Түрээслэгч тал Ахмадын хорооны үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарах ашиглалтын зардлыг хариуцна. Түрээслэгч тал Ахмадын хороонд зочид буудлын зохих талбайг шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан уг зочид буудлыг зориулалтаар нь ашиглахад мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагад нийцүүлэн зочид буудлын барилгын үүдний хэсгийн зохион байгуулалтад зохих өөрчлөлтийг оруулна. Ахмадын хороонд зочид буудлын зохих хэсгийг шилжүүлсэнтэй холбогдон гарсан зохион байгуулалт, засварын ажлын зардлыг барилгын түрээсийн зардалд тооцох гэж заасан болно. Энэ зардал нь гүйцэтгэлийн төсвөөр 33.667.020 төгрөг болсон болно. Мөн хөрөнгө оруулалтыг нөхен суутгах нөхцөлтэй түрээсийн гэрээ ТЕГ-тай байгуулсан тул манай компанийн зүгээс оруулсан 110.481.882 хөрөнгө оруулалтын 15.000.000 төгрөгийг нэмж нэхэмжлэх үндэстэй гэж үзэж нэхэмжилж байна. Иймд Тагнуулын Ерөнхий газраас засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33.667.020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15.000.000 төгрөг нийт 48.667.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

         Нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газрын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “Э”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 289.1.3-т зааснаар хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүрэг хүлээдэг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 2.20-д зааснаар Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглодог. Түүнчлэн ТӨХ-ны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмын 2.9-д зааснаар төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах зөвшөөрлийг ТӨХ-ны хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Тагнуулын ерөнхий газар “Э”ХХК-ийн хооронд 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 06/58 дугаартай төрийн маш нууц зэрэглэлтэй түрээсийн гэрээний 5.3-т түрээслэгч нь түрээслэн авсан барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, өргөтгөл шинэчлэлт хийх шаардлага гарвал түрээслүүлэгчээс албан ёсны зөвшөөрөл авна гэж заасан. “Э”ХХК-иас 2006 онд “Соёмбо” зочид буудлын барилгын их засварт оруулсан гэх 84.547.322 төгрөгийн засвар, үйлчилгээ нь дээр дурдсан хууль, журам, гэрээний заалтыг зөрчсөн байдаг. Тодруулбал, тус компани нь дээр дурдсан засвар үйлчилгээг хийхдээ ТӨХ, Тагнуулын ерөнхий газраас албан ёсоор зөвшөөрөл аваагүй бөгөөд зөвшөөрөл авсан эсэхтэй холбоотой нотлох баримт байхгүй. Мөн хянагдсан өртөг, зардлын тооцоо, судалгаа байхгүй болно. 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Э”ХХК-ийн захирлын баталсан “Соёмбо” зочид буудлын их завсар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн төсөвийг ТЕГ-ын Хангалт, үйлчилгээний хэлтсийн дарга болон холбогдох бусад албан тушаалтан хянаж зөвшөөрсөн байх боловч тухайн албан тушаалтнууд нь холбогдох төсөв, гүйцэтгэлийг хянах, зөвшөөрөх эрх бүхий субьектүүд биш юм. Учир нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.8-д заасны дагуу ТЕГ-ын дарга тус байгууллагыг дотоолд, гадаадад төлөөлөх, төсвийг захиран зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд ТЕГ-ын даргаас тухайн албан тушаалтнуудад “Соёмбо” зочид буудлын их засвар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн төсвийг хянах, зөвшөөрөх талаар тусгайлан эрх олгосон тушаал, шийдвэр байдаггүй. Түүнчлэн Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмын 5.16-д энэхүү журмыгн зөрчин дур мэдэн хийгдсэн бичиг баримтын бүрдэлгүй хөрөнгө оруулалтыг төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт гэж тооцохгүй гэж тусгайлан заасан. Мөн “Э”ХХК-д ТӨХ-оос хүргүүлсэн 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1б/1445 дугаартай албан бичигт “Соёмбо” зочид буудлын барилгад танай компани хөрөнгө оруулалт хийсэн нь ТӨХ-ны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн үйлдэл болсон байна гэж тодорхой дурдсан байдаг. Талуудын хооронд 2005 онд байгуулсан 06/58 дугаартай гэрээний 3.3-т хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөхөөр заасан байдаг бөгөөд түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай ТӨХ-ны 2007 оны 42 дугаар тогтоолд нийцүүлэн тус гэрээг 2014 онд шинэчлэх үед аль хэдийн 9 жил өнгөрсөн байсан нь гэрээний дагуу хөрөнгө оруулалт хангалттай нөхөгдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн 2014 онд гэрээг шинэчлэх үед “Э”ХХК-ийн зүгээс 2006 онд оруулсанг гэх хөрөнгө оруулалтын талаар албан ёсоор буюу бичгээр санал гаргаагүй нь гэрээний дагуу өнгөрсөн 9 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг хангалттай нөхсөн гэдгээ хүлээн зөвшөөрсийн илтгэж байна. “Э”ХХК-ийн балансад туссан 25.934.560 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна гэх асуудал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 326.1-д зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг. Талуудын хооронд 2010 онд байгуулсан 2005 оны 06/58 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Э”ХХК-иас “Соёмбо” зочид буудлын зохих хэсэгт хийсэн барилгын засварын ажилд оруулсан гэх 33.667.020 төгрөгийн гүйцэтгэлийн төсвийг сөрөг нэхэмжлэлд хавсаргасан гэх боловч тухайн гүйцэтгэлийн төсөв нь хавсаргагдаагүй, мөн дурдсан гүйцэтгэлийн төсөв нь ТЕГ-т байхгүй байгаа нь тухайн гүйцэтгэлийн төсвийг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Эцэст нь тэмдэглэхэд “Э”ХХК-ийн зүшгээс 2006, 2010 онуудад “Соёмбо” зочид буудалд оруулсан гэх хөрөнгө оруулалтууд нь холбогдох хууль тогтоомж болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн үйлдэл бөгөөд тухайн хөрөнгө оруулалтуудад санхүүгийн гүйцэтгэл байхгүй, хийгдээгүй нь сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтууд бүрэн хийгдсэн эсэхийг нотлох боломжгүй юм. Иймд “Э”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газар нь хариуцагч “Э”ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 88.295.679 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Э”ХХК-иас засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33.667.020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15.000.000 төгрөг, нийт 48.667.000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 45.142.650 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.053.146 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч “Э”ХХК нь нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газар, Сандуй овогтой Ж нар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан маш нууцын зэрэглэлтэй 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  гэрээ эрх зүйн худалдааны итгэмжлэгдсэн үйл ажиллагаа явуулах тухай гэрээний үндсэн дээр байгуулагдсан халхавчийн аж ахуйн нэгж болох нь зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.           

         Зохигчдын хооронд 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 06/58 дугаартай маш нууцын зэрэглэлтэй түрээсийн гэрээ байгуулагдаж, хариуцагч “Э”ХХК нь нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 477 м.кв талбай бүхий “Соёмбо” зочид буудлын барилгыг 10 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон байх ба түрээслэгч нь уг барилгад өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд өөрчлөлт оруулан өртгөтгөл шинэтгэл хийж, урьдчилсан тооцоогоор 50 сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөгдсөн ба хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэлээр тогтоож, хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөх ба энэ зардлаа түрээсийн төлбөрт  суутган тооцохын зэрэгцээ түрээсийн гэрээг мөрдөж эхэлснээс хойш сар бүр түрээсийн төлбөрт 400.000 төгрөг түрээслүүлэгчид төлж, хөрөнгө оруулалтын зардал нөхөгдсөнөөс хойш түрээсийн төлбөрийн хэмжээнд хоёр тал тохиролцон өөрчлөлт оруулахаар тохирчээ.           

            Зохигчид 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06/58 дугаартай түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний 3.3-т заасан түрээсийн төлбөр 400.000 төгрөг гэснийг 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 600.000 төгрөг гэж өөрчлөн, гэрээний 9.4 дэх хэсэгт түрээслэгч тал “Соёмбо” зочид буудлын 1 давхрын баруун жигүүрийн 2 өрөөг хонгилын хамт тусгаарлан, зохих зураг төслийн дагуу гадагш хаалга гарган нэмэлт хөлийн өрөөний байгууламж барьж, цахилгаан сантехникийн өөрчлөлт оруулж Тагнуулын ерөнхий газрын Ахмадын хороонд 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгч, Ахмадын хороонд зочид буудлын зохих хэсгийг шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан уг зочид буудлыг зориулалтаар нь  ашиглахад мэргэжлийн  хяналтын байгууллагын  шаардлагад нийцүүлэн  зочид буудлын  барилгын үүдний хэсгийн зохион байгуулалтад зохих өөрчлөлтийг  оруулна. Амхадын хорооны байрлах талбай түрээсийн төлбөрт хамрагдахгүй. Ахмадын хороонд зочид буудлын зохих хэсгийг шилжүүлсэнтэй холбогдон гарсан барилгын засварын зардлыг түрээсийн зардалд тооцохоор, гэрээний 9.5-д түрээсийн гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс талууд мөрднө гэж нэмэлт тус тус оруулжээ. /хх-79-80/

Төрийн өмчийн хороо болон Тагнуулын ерөнхий газраас Төрийн өмчийн хорооны 2002 оны 715 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар 2007 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг шинэчлэн байгуулах талаар удаа дараа шаардлага тавьсаны үндсэн дээр зохигчид 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг шинэчлэн төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, хариуцагч “Э”ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёмбо зочид буудлын 477.7 м.кв талбай бүхий өрөөг 1 м.кв талбайг нь 7000 төгрөгөөр тооцож сард 3.343.900 төгрөг, жилд 40.126.800 төгрөгөөр 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр тохирчээ. /хх-4-6/

             Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ болон түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг болон Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмын 14 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаагүй байх боловч талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэн аль нь улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавьж байгаагүй, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж төлбөр төлж байсан зэрэгт дүгнэлт хийвэл тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ бол эд хөрөнгө хөлслөх гэрээний төрөлд хамаардаг бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг болно.

            Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан түрээсийн болон түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, шинэчлэн байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр байх тул түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрөө түрээслэгчээс шаардах эрхтэй юм.

            Хариуцагч “Э”ХХК нь “Соёмбо” зочид буудлыг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд түрээсэлсэн, дээрх хугацаанд түрээсийн төлбөрт 10.031.700 төгрөг төлсөн, 30.095.100 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар тус тус нотлогдож байна. /хх-7-8/

            Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч нь  эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй тул хөлслүүлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30.095.100 төгрөгийг, түрээсийн гэрээний 5.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар  алданги тооцон нэхэмжлэх эрхтэй байна.

            Нэхэмжлэгч байгууллага алдангид 58.200.579 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30.095.100 төгрөгийн 50 хувиар тооцож 15.047.550 төгрөгийн алдангийн хамт нийт 45.142.650 төгрөгийг хариуцагч “Э”ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газарт олгох үндэслэлтэй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч “Э”ХХК-иас гаргасан засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33.667.020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15.000.000 төгрөг, нийт 48.667.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь хариуцагч “Э”ХХК-иас 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний үндсэн дээр хийгдсэн Тагнуулын ерөнхий газрын Ахмадын хороог “Соёмбо” зочид буудлын баруун жигүүрт оруулахтай холбоотой хийгдсэн засварын ажлын зардал 33.667.020 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон суутгаагүй гэсэн үндэслэлээр засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33.667.020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15.000.000 төгрөг, нийт 48.667.000 төгрөг гаргуулахаар шаардсан бол нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газар нь тус компани дээр дурдсан засвар үйлчилгээг хийхдээ Төрийн өмчийн хороо, Тагнуулын ерөнхий газраас албан ёсоор зөвшөөрөл аваагүй, хянагдсан өртөг зардлын тооцоо, судалгаа байхгүй, засварын ажлын гүйцэтгэлийн төсвийг хянасан Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтнууд нь эрх бүхий субьектүүд биш, түрээсийн гэрээнд заасны дагуу түрээслэгч нь барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд оруулсан хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөхөөр тохиролцсон ба 2014 онд гэрээг шинэчлэх үед аль хэдийн 9 жил өнгөрсөн байсан нь гэрээний дагуу хөрөнгө оруулалт хангалттай нөхөгдсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Тагнуулын ерөнхий газрын татгалзлын зарим хэсэг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Учир талуудын хооронд байгуулагдсан 2005 болон 2014 оны түрээсийн гэрээг Төрийн өмчийн хороо, Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлийн үндсэн Төрийн өмчийн хорооноос баталсан үлгэрчилсэн загварын дагуу тэдгээрийн эрх бүхий албан тушаалтнууд байгуулж, Төрийн өмчийн хорооны эрх бүхий этгээд баталсан, 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд “Соёмбо” зочид буудлын хийц хэсэг, төлөвлөлтөд засварын ажил хийхээр тусгасан зэргээс үзэхэд Төрийн өмчийн хороо, Тагнуулын ерөнхий газраас албан ёсоор зөвшөөрөл аваагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

            Мөн хэрэгт авагдсан 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Төрийн өмчийн хорооны 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1б/1445 тоот албан бичиг зэргээс үзэхэд хариуцагч “Э”ХХК нь “Соёмбо” зочид буудалд “Э”ХХК-иас 2005 онд хийсэн  их засварын төсөв нь тухайн оны үнээр 84.547.322 төгрөг, 2010 онд хийсэн өргөтгөлийн ажлын  төсөв 30.853.146 төгрөг болсон байна.

            Нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас 2005 онд хийсэн их засварын төсвийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болох нь хариуцагчийн тайлбар болон   Төрийн өмчийн хорооны 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1б/1445 тоот албан бичиг, Хөрөнийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. /хх-90-103, 164/

          Талууд 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагсдан 06/58 дугаартай түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны талаар тохиролцсон ба хариуцагч “Э”ХХК нь нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 477 м.кв талбай бүхий “Соёмбо” зочид буудлын барилгад өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд өөрчлөлт оруулан өртгөтгөл шинэтгэл хийж, урьдчилсан тооцоогоор 50 сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөгдсөн ба хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэлээр тогтоож, хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөх ба энэ зардлаа түрээсийн төлбөрт  суутган тооцохоор тохиролцжээ.

            Гэвч талууд хөрөнгө оруулалтын зардлыг түрээсийн төлбөрт хэрхэн суутган тооцож байсан, уг асуудлаар тооцоо нийлээгүй, үүнтэй холбоотой тайлбар болон татгалзлаа хэн аль нь нотлох үүргээ биелүүлээгүй болно.

2010 онд Тагнуулын ерөнхий газрын Ахмадын хороог тус барилгад оруулахтай холбоотой гарсан засварын ажлын зардал 33.667.020 төгрөгтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхнө гэсэн заалтад өөрчлөлт оруулаагүй байх бөгөөд 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээг шинэчлэн байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 8 жил гаруй хугацаа өнгөрсөн нь барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөх гэрээгээр тохиролцсон хугацаа дуусгавар болсон байна.

            Талууд түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулан хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг сунгаагүй, хариуцагч “Э”ХХК-иас зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт 15.00.000 төгрөг дутуу тооцогдсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нь түрээсийн төлбөрт тооцогдож дуусаагүй, 15.000.000 төгрөг үлдсэн гэх шаардлагаа хариуцагч тал нотлоогүй болно.

            Харин “Э”ХХК-иас 2010 оны 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний үндсэн дээр хийсэн засварын ажлын тооцоо, судалгаа байхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч уг засварын ажилд 30.853.146 зардал гаргасан гэх Хөрөнийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, татгалзлаа нотлоогүй болно.

            Дээрх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул үнэн зөв гэж тооцож нотлох баримтаар үнэлсэн болно.

            2016 онд Тагнуулын ерөнхий газрын ахмадуудын байрны өргөтгөлийн ажил 33.667.020 төгрөгийн өртөгтэй талаар мэргэшсэн төсөвчин А.Цэвэлмаагийн зохиосон төсвийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

            Учир нь энэ төсөв нь уг барилгыг барьж эхлэхээс өмнө зохигдсон эсэх, эсхүл баригдаж дууссаны дараа хийгдсэн гүйцэтгэлийн төсөв эсэх нь тодорхойгүй байх тул үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байна. /хх-38-57/

            Иймд 2010 оны 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 9.4-т зааснаар  хариуцагч “Э”ХХК нь дээрх завсарын ажилд зарцуулсан зардлыг түрээсийн зардалд тооцохоор тохиролцсон тул 30.853.146 төгрөгийн 26.800.000 төгрөгийг түрээсийн зардалд тооцох үндэслэлтэй юм.

            Учир нь 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 3.3-т 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 600.000 төгрөг гэж өөрчлөлт оруулсан тул 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж мөрдсөн 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жил 11 сарын хугацааны түрээсийн төлбөрт 26.800.000 төгрөгийг хариуцагч “Э” төлөх үүрэгтэй байсныг нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газар нь чөлөөлж, түрээсийн төлбөрийг суутган тооцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул үлдсэн 4.053.146 төгрөгийн засварын ажлын зардлыг нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас шаардах эрхтэй байна.

            Дээрх 4.053.146 төгрөгийн зардлыг 2014 онд түрээсийг гэрээг шинэчлэн байгуулахдаа түрээсийн төлбөрөөс суутгах талаар талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т зааснаар хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсоны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс  шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас 4.053.146 төгрөг гаргуулж хариуцагч “Э”ХХК олгох үндэслэлтэй байна.

            Хариуцагч “Э”ХХК-иас зочид буудлын  өрөө, кафе, биллъярдын тавилга, тоног хэрэгсэл зэрэг эргэлтийн хөрөнгө компанийн балансад тусгагдсанаар 25.934.460 төгрөг  болж байна. Иймд манай компанийн зүгээс Соёмбо зочид буудлын их засварт зарцуулсан 84.547.322 төгрөгийг оруулаад нийт оруулсан хөрөнгийн  нийт хэмжээ 110.481.882 төгрөг  болж байна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч талуудын хооронд 2005 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 5.7-д “гэрээ дуусгавар болсны дараа түрээслэгч барилга байгууламж, эд хөрөнгийг 9.2-т заасан актын дагуу буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан нь “Соёмбо” зочид буудлыг үргэлжлүүлэн зориулалтаар нь ашиглах шаардлагын хэмжээнд хүлээлгэн өгнө гэж талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

            Мөн зочид буудлын  өрөө, кафе, биллъярдын тавилга, тоног хэрэгсэл зэрэг эргэлтийн хөрөнгө компанийн балансад тусгагдсанаар 25.934.460 төгрөг болох нь “Мөнгөн капитал”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байгаа боловч уг баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч “Э”ХХК-ийн хүсэлтээр 2006 онд үнэлгээ хийгдсэнээс хойш хичнээн эд хөрөнгө шинээр нэмэгдсэн, элэгдэл хорогдолд орсон  болох нь тогтоогдохгүй байна.

            Иймд хариуцагч “Э”ХХК-ийг “Соёмбо” зочид буудалд 25.934.460 төгрөгийн хөдлөх эд хөрөнгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түрээсийн барилгыг хүлээлгэж өгөхдөө тухайн эд хөрөнгүүдийг салгаж авах боломжтой байжээ.

            “Хөрөнгийн үнэлгээ”ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хоёр удаагийн  хөрөнгө оруулалтын ашиглаагүй хугацаанд ногдох үлдэгдэл өртөгийг гэрээний дагуу тооцоход 17.960.489 төгрөг гэж дүгнэснийг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхгүй бөгөөд шинжээч нь талуудын хэзээ, ямар нөхцөлөөр гэрээ байгуулсныг судлаагүй, нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газар нь оруулсан хөрөнгө оруулалтаас хичнээн төгрөгийг түрээсийн төлбөрт тооцсоныг нягтлаагүй атлаа түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулсан болон шинэчлэн байгуулсан хугацаагаар тооцож, хөрөнгө оруулалтаа ашиглаагүй хугацаанд ногдох үлдэгдэл өртөггийг гэрээний дагуу тооцоход 17.960.489 төгрөг байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/04140 дугаартай шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас 2001, 2005, 2010 оны гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн шаардсан баримтууд нь төрийн онц чухал-маш нууцын зэрэглэлд хамаарч байгаа үндэслэлээр ирүүлэхээс татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргийн хүрээнд нууцыг задруулахгүй байх баталгаа гаргасны үндсэн дээр шүүгчийн захирамжид болон нэхэмжлэгч талын хүсэлтэд дурдсан төрийн маш нууц болон нууцийн зэрэглэлтэй баримтуудад үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулсныг нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

            Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 45.142.650 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.053.146 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллагаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401.285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 79.800 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 383.663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 45.142.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43.153.029 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас 4.053.146 төгрөг гаргуулж хариуцагч “Э”ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44.613.854 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 401.285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас 79.800 төгрөг гаргуулж хариуцагч “Э” ХХК-д олгож, хариуцагч “Э”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 383.663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР