Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,       

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Нд холбогдох 220 800 0000 203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, эхнэр, 5 хүүхдийн хамт *****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Н /РД:ух*********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр **** байрлах гэртээ төрсөн эцэг Б.Б “бие муутай байж архи уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн доод зовхи, хацар, дух, чамархай, хамар, доод эрүүнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 25-444а тоотод байрлах гэртээ төрсөн эцэг Б.Батжаргалыг “бие муутай байж архи уулаа” гэх шалтгаанаар зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :              

- Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын 25-444а тоотод хүү Б.Нд зодуулсан тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,  

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,  

- хохирогч Б.Б... Би 2021 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод ирж өөрийн төрсөн хүү Б.Нгийнд цуг амьдарч байгаа. 2021 оны 12 дугаар сард миний зүрх болон бөөр өвдөж даралт ихэссэний улмаас эм тариа ууж эмчилгээ хийлгэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи ганцаараа ууж байтал хүү Найдансүрэн 17 цагийн үед халамцуу байдалтай архи уучихсан орж ирээд намайг “Та бие муутай эмчилгээ хийлгэж байж архи дарс уулаа ” гэхээр нь би урдаас нь “миний идэж уух чамд хамаагүй” гэж хэлээд хоорондоо маргалдаж байтал хүү уурлаад миний нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дэх тал/,  

- гэрч Г.Б... 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр манай хадам аав ***л ганцаараа том өрөөнд 1 шил 0,75 литрийн Хараа нэртээ архи ууж байсан ба өдөр манай нөхөр халамцуу орж ирээд хадам аавыг “Та архиа болио. Эмчилгээ хийлгэж байж архи дарсаар яах вэ дээ” гэж хэлтэл хадам аав нөхрийн урдаас “Чамд миний ууж идэх хамаагүй” гэж хэлтэл нөхөр “та архиа уухаа болчих” гэж хэлээд уурлаад баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохичихсон юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад өөрийн 80248451 гэсэн дугаараас дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,     

- шинжээчийн дүгнэлт:...Б.Б биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн доод зовхи, хацар, дух, чамархай, хамар, доод эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.../хавтаст хэргийн 19-20 дахь тал/,  

- шүүгдэгч Б.Нгийн...Миний аавын зүрх, бөөр их өвддөг байсан болохоор манай гэрт гэрээр эмчилгээ хийлгэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би гэртээ ортол аав Б 0,75 литрийн Хараа нэртээ архи ганцаараа том өрөөнд ууж байхаар нь би “Та эмчилгээ хийлгэж байж яах гээд архи уугаад байдаг юм. Бие хаагаа боддоггүй юм уу” гэж хэлтэл аав хариуд нь “Чамд ямар хамаатай юм бэ. Би та нараар заалгах юм уу” гээд орилж хашгираад агсам согтуу тавиад байхаар нь би уурлаад гараараа нүүр лүү 1-2 удаа цохисон юм. Тэр үед эхнэр Б цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...Би ааваас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн, аавдаа гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-53/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогчийн хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэмт хэрэг”-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй.         

Иймд шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

3.Хохирол, хор уршиг :         

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, эвлэрсэн, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх /хх-59/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.              

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:     

 

Тус хэрэг нь “хохирогчийн согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэж, улмаар хүүхдийн хэлсэн анхаарвал зохих үгийг үл тоон зүй бус харьцсан”-аас буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн болохыг үгүйсгэх боломжгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 9, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувьдаа хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-ийн 31, 33-37, 39, 41-44, 52, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.  

 

2. Бусад асуудал    

    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Нд оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР