| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/03399/и |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 176
| 2018 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2018/00176 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Худалдааны ажилчдын гудамжны 2 тоотод оршин суух Жавтан овогт Цэрэндоржийн Н /РД /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгон 5-86 тоотод оршин суух Тугчин овогт Пүрэвжавын Ц /РД: /-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 820.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: П.Ц нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 150.000 төгрөг, бүгд 550.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 20 хувийн хүүтэй, барьцаагүйгээр хоорондоо ярьж тохироод зээлийн гэрээ хийж зээлсэн юм. Энэхүү мөнгийг цалин дээрээсээ хуваагаад төлнө гэж тохиролцсон. 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 65000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 130.000 төгрөг, нийт 195.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш зээлээ төлж дуусгаагүй, гэрт нь, ажил дээр нь олон удаа очиж нэхсэн боловч ажлаасаа гараад, гэрээ нүүлгээд зугтаад алга болсон. Нөхөр Хорлоотой нь ярихад 570.000 төгрөг Цд өгч зээлээ төлж дуусга гэж өгсөн гэх боловч надад өгөөгүй үрээд дуугасан байсан. Одоо П.Цаас үндсэн зээл 550.000 төгрөг, 1 сарын хүү 110.000 төгрөг, алданги 50 хувь болох 275.000 төгрөг, нийт 935.000 төгрөгөөс өгсөн 195.000 төгрөгийг хасаж, бүгд 740.000 төгрөг дээр эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөгийг нэмж, нийт 820.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч П.Цд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч П.Цаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 820.200 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 425.200 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдаж 200.000 төгрөгийг хариуцагч П.Ц зээлж авсан байх ба дахин 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 150.000 төгрөг тус тус нэмж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч П.Ц гарын үсэг зурсан зээлийн гэрээ гэх баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн зээлийн гэрээ гэх бичгийн баримт нь зээлийн гэрээ бичгээр байгуулагдсанд тооцох үндэслэл болж чадахгүй, уг баримт нь хүү болон алданги шаардах эрхийг үүсгэхгүй болно.
Учир нь дээрх баримтуудад П.Ц нь мөнгийг 20 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж төлөхөөр зээллээ гээд гарын үсгээ зурсан байх ба дээрх баримтад зээлийн гэрээний хугацаа тусгагдаагүй, зээлийн гэрээний зээлдүүлэгч тал хэн болох нь тодорхойгүй, зөвхөн зээлдүүлэгчийн гарын үсэг зурагдсан байгаа зэргээс үзэхэд бичгийн хэлбэрээр байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин мөнгө хүлээлгэн өгсөн баримт гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч нь нийт зээлдүүлсэн 550.000 төгрөгөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй юм.
Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү болон алданги авах эрхээ алддаг тул хүү болон алдангид шаардсан 385.000 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 195.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул үндсэн зээл 550.000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж, улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03540 дүгээр шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.
Хариуцагч П.Цыг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч П.Цаас үндсэн зээлийн төлбөр 355.000 төгрөг, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал 70.200 төгрөг, нийт 425.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгох үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 425.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 13.406 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цаас 425.200 /дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 395.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 13.406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР