Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

2022        02          24                                     2022/ШЦТ/186      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:185/2022/0123/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Б.Амармөрөн,

хохирогч Б.Гантөмөр,

шүүгдэгч Д.С /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2109016980194 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Д.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 51 дүгээр гудамж 230а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гантөмөртэй үл ялих зүйлээс болж маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүний оочны баруун хэсэг, зүүн булан хэсэгт хугарлууд, хугарлын улмаас 31, 41, 37-р шүднүүдийг унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирогчийг таньдаг болоод 5-6 жил болж байна. Тухайн өдөр болсон зүйлийг бага зэрэг л санаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Тухайн өдөр би Болд, Төгсөө гээд хоёр найзтайгаа гэртээ байж байсан. Болд Төгсөө хоёр гаднаас нэг шил архи, 1 пиво барьж орж ирсэн. Ингээд бид гурав сууж байхад Д.С 3 цагийн үед ирсэн. Удалгүй Төгсөө Д.С хоёр маргаад байхаар нь би хоёр найзыгаа явуулаад Д.С-тай хамт үлдсэн. Тэгээд удалгүй гэнэт  юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна, нүүр чинэрээд би ухаан орсон. Миний эрүүний яс хугарсан, үүдэн хоёр шүд унасан, доод уруул одоо нилээн уранги байгаа... Би тухайн үед мөнгөгүй байсан тул хиймэл шүд хийлгэсэн. Одоо хоол идэхэд хэцүү байгаа. Эрүү бүрэн гүйцэт бороолоогүй байгаа. Мах зулгааж идэж чадахгүй байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 15-нд эрүүндээ хийлгэсэн төмрөө авхуулах гэж байгаа.” гэх мэдүүлэг, 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 51-230а тоотод байхад манай найз Болд, Төгсөө 2 манай гэрт ирээд манай гэрт архи уусан. Тэгээд байж байтал зүс таних Д.С 17 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд хамт архи ууж байтал Д.С Төгсөө рүү агсам тавиад байсан юм тэгэхээр нь Төгсөөг гэр лүү нь явуулчихсан юм. Тэгээд Д.С бид 2 үлдсэн архиа ууж байсныг санаж байна. Тэрнээс хойш санаж байгаа зүйл байхгүй нэг мэдсэн чинь миний нүүр чинэрээд ам дүүрэн цус болчихсон байсан тэгээд өөрийн аав ээж хоёрыг утсаар дуудсан чинь Д.С намайг ганц цохиулсаны төлөө аав, ээж хоёрыгоо дуудаад сүртэй новш гэж хэлж байсан...тэгээд зүгээр болохгүй байхаар нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Гэмтлийн эмнэлэг орж зураг авахуулж үзүүлсэн чинь миний доод эрүү хугаралтай байна гэж хэлээд намайг Нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн...Д.С Төгсөө хоёр байхад нь Төгсөөг өмөөрснөөс болж намайг цохисон гэж бодож байна. миний биед өөр гэмтэл учраагүй" гэх мэдүүлэг (хх-ийн 36-37, 40-41 дэх тал)

Гэрч Л.Должингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний хүү Гантөмөр над руу залгаад би зодуулчихлаа би амаа ангайж чадахгүй байна хүрээд ирээч гэхэд би гэрт нь яваад очиход миний хүүхэд гэрийнхээ хойд талд суучихсан байсан. урдаа нэг хувин тавьчихсан байсан, хувин нилээд их цус болчихсон байсан...Д.С гэгчид зодуулчихлаа гэж надад хэлсэн. Тэгж хэлснийх нь дараа утасны дугаарыг нь аваад Д.Сг дуудахэд Д.С хүрч ирээд чи одоо ганц алгадуулаад аав, ээжээ шөнө орой дуудлаа гэж хэлсэн" гэх мэдүүлэг (хх-ийн 51-52 дахь тал)

Гэрч Ш.Бат-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...намайг гэрт нь ороход Гантөмөр, Гантөмөрийн найз Д.С хоёр архи уугаад сууж байсан. Тэр хоёртой юм яриад хийж өгсөн архинаас ганц хоёр татсан байх тэр хоёр нэг асуудлаар маргаад байх шиг байсан юуны талаар маргаж байгааг нь анзаараагүй өөд өөдөөсөө хараад сууж байгаад Д.С алгадаад авах шиг болсон тэгэхээр нь энэ хоёр зодолдох нь байна гэж бодоод салгаад Д.Сг аваад гараад явсан.буцаж Гантөмөрийн гэрт ороход Гантөмөр угаадас хийдэг саваа урдаа тавьсан түүнрүүгээ амнаасаа гарсан цусаа нулимаад мөн утсаар аав, ээж хоёроо дуудсан...Д.С тэр хоёр өөд, өөдөөсөө харж сууж байгаад нэг удаа алгадах шиг болсон. Гар нь тэнийлгээтэй алгадсан ямар нэгэн зүйлээр цохьсон зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хх-ийн 54-55 дахь тал)

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: "...Б.Гантөмөрийн эрүүний оочны баруун хэсэг, зүүн булан хэсэгт хугарлууд, хугарлын улмаас 31, 41, 37-р шүд унасан гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр эрүүнд цохих өшиглөх үед үүсгэгдсэн байна. уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид 3 шүд үгүй болсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 10% алдагдуулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно" гэх дүгнэлт (хх-ийн 74-75 дахь тал)

Д.Сн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бат-Өлзий бид гурав үлдсэн. Бид гурав үлдсэн архиа уугаад сууж байтал Гантөмөр согтоод янз бүрийн юм яриад надад агсраад миний нүүрэнд тулаад шүлсээ үсчүүлээд байсан тэгэхээр нь нэг удаа алгадаад авсан. Тэгтэл Бат-Өлзий боль гэж хэлээд би гараад явсан...би баруун гараараа нэг удаа шанаа руу нь алгадсан ...намайг маргааш өглөө нь очиход шанаа эрүү нь урд хэсгээрээ хавдсан байсан тэгэхээр нь би за хөгшнийгөө уучлаарай хөгшин чинь гараад нэг хавдар буулгадаг тос эм тарианы зүйл байвал аваад ирье гээд эмийн сангаас аваачиж өгсөн" гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Сн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Д.С нь 2021.09.01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 51 дүгээр гудамж 230а  тоотод хохирогч Базархүүгийн Гантөмөрийн гэрт түүнтэй архи ууж байх үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой нүүрэн тус газар нь цохиж эрүүний оочны баруун хэсэг, зүүн булан хэсэгт хугарлууд, хугарлын улмаас 31, 41, 37-р шүднүүдийг унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Д.С нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.С-н хувьд архидан согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцсан балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч нь шүүхээс өмнөх шатанд хохирогчид эмчилгээний төлбөрт 1 450 000 нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн байна.

Хохирогч Д.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрт тооцон 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.С нь уг 6 сая төгрөгийн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд сар бүр 1 сая төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар түүнтэй эвлэрэн хэлэлцэж, Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Хэрэв шүүгдэгч Д.С нь Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж  дурдсан хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд түүнээс үл маргах журмаар уг төлбөрийг албадан гаргуулах болохыг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр хохирогч болон шүүгдэгч нар нь хохирол төлбөрийн асуудлаар эвлэрэн хэлэлцсэн боловч хохирогч Б. Гантөмөрийн тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Д.С-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Д.С-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.С нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.С-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 4 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.С нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогчтой харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

 1. Шүүгдэгч Д.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 800.000 / найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Б.Гантөмөр, шүүгдэгч Д.С нар нь шүүх хуралдаан дээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудал дээр харилцан тохиролцож шүүгдэгч Д.С нь хохирогч Б.Гантөмөрт эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирол төлбөр болгон 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 6 сарын хугацааны дотор сар бүр 1 сая төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.С нь Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрийг заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд түүнээс үл маргах журмаар уг хохирол төлбөрийг албадан гаргуулах болохыг мэдэгдсүгэй.

7. Хохирогч Б. Гантөмөр нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Д.С-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.БОЛДБААТАР