Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/397

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,   

Улсын яллагч Р.Очирсүрэн,        

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Нд холбогдох 220 8008 200537 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эцэг, эх, дүү, охины хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Хангайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ша овогт Б.Н /РД: УП*****/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр **-** цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны урд талд байрлах “Гоо иог” нэртэй газарт тухайн газарт шинээр ажилд орох гэж ирсэн Б.Х хамт архидан согтуурах явцдаа “намайг тамхи их татлаа гэж хэллээ” гэдгээр шалтаглан Б.Х үснээс нь зулгааж газар унаган, дээрээс нь хөлөөрөө дэвсэж үснээс нь чирж, нүүрийг нь хумсаараа маажиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, зовхи, дух, хүзүүний баруун талд зулгаралтууд, нуруу, цээж, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :         

 Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15-16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, ** дугаар байрны урд талд байрлах “Гоо иог” нэртэй газарт шинээр ажилд орох гэж ирсэн Б.Х хамт архидан согтуурч, харилцан маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4/,

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан...иргэн Н.Ор 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Фанда гэх нэртэй паб-д ажилд орох гэж ирээд зодуулсан гэх...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

- хохирогч Б.Х... Би ажилд авна гэсэн зарын дагуу 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тухайн газарт очиход Панда гэх газар нь цоожтой байсан, гадаа зогсож байсан чинь подволоос нэг хүүхэн гарч ирээд холбоо барьсан хүн мөн үү гээд дагуулаад орсон. Би анх очихдоо аягаа таваг угаах ажил юм байна гэж ойлгож очсон тийм ажил биш байсан...Гайхаад асуухад, эгчээ энэ чинь хүний нуруу барина гэхлээр нь өө тэгвэл эгч нь ийм ажил хийхгүй гэсэн чинь та тэгвэл энд үүдэнд ресепшин хий гэсэн тэгэхээр нь хүлээн зөвшөөрсөн...Дэлгүүрээс 1 шил архи, нэг ундаа авчирч өгөхөд хувааж уух гээд байсан, би 2 удаад бага багаар уусан. Тухайн эмэгтэй согтоод тамхи их татаад байхлаар нь их тамхи татаад байсан гэхэд чи юу гээд байгаа юм гээд намайг шууд үсдээд унагаасан, зодсон...дэвссэн, чирсэн, үснээс зулгааснаас их үс унасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 24-25 дахь тал/,   

            - гэрч Д.О...Би 2022 оны 02 дугаар сарын 12-ний өдөр Панда гэдэг нэртэй пабад ажиллаж байтал 16 цагийн үед гаднаас нэг танихгүй согтуу эмэгтэй орж ирээд, би танай хажуу талын бариа заслын газарт угаагчаар ажилд орох гэж ирээд “ажилд авна” гэсэн эмэгтэйд зодуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэсэн. Үс нь сэгсийчихсэн, нүүр, ам, гар зэрэг нь маажуулчихсан байдалтай орж ирсэн. Хэрхэн юунаас болж зодуулсан талаараа надад хэлээгүй. Нэлээн согтуу байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

- гэрч У.Ш... Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бариа засалд хүн сургаж авна гэсэн зарын дагуу Гоо иог гэх нэртэй газарт Насанжаргал гэх хүнтэй уулзаж ажилд орохоор болсон. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 12-ны 12 цагийн үед ирсэн чинь Н эгч үл таних эмэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан...Массажны орон дээр байж байсан чинь нөгөө хоёр муудалцаад байсан...Настай эгч Н эгчийг би хүүхэд шиг хүнд зодуулахгүй гээд түлхээд унагаасан, би айгаад гарч явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт...Б.Х-д зүүн хацар, зовхи, дух, хүзүүний баруун талд зулгаралтууд, нуруу, цээж, баруун бугалганд цус хуралтууд тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

- шүүгдэгч Б.Нын...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Панда пабын доод талд Гоо иог гэх нэртэй газрыг ** оны ** сард түрээслэн ажиллуулж байсан. Энэ хугацаанд би угаагч, үйлчлэгч авч ажиллуулахаар фэйсбүүк дээр зар оруулсан...**** оны ** дугаар сарын **-нд зарын дагуу ирлээ, өчигдөр утсаар ярьсан, намайг Хишигжаргал гэдэг гээд нэг эмэгтэй ирж уулзсан...Манай ажлын газрын бие засах өрөө засвартай байсан учраас угаагчаар ажилд авах боломжгүй, та массаж хийж чадах уу, манайх бүтэн биеийн массаж хийдэг гэж хэлтэл эгч нь массаж хийж үзээгүй болохоор жоохон сандраад байна, зоригоо чангалаад архи уучих уу гэж хэлсэн...Х эгч дэлгүүр ороод 1 шил 0.5 граммын нэг шилтэй архи авч орж ирээд бид 2 хувааж уусан, мөн би Шижиртуяагаар 0.75 грамм архи авчруулан Х эгчтэй хуваан уугаад сууж байтал Х эгч ширээн дээр байсан ваартай цэцгийг согтуурхан газар унагаачихлаар нь яаж байгаа юм, наадахаа цэвэрлээрэй гэж хэлтэл яахаараа би цэвэрлэдэг юм, чи өөрөө цэвэрлэ гэж хэлээд бид 2-н дунд маргаан үүссэн. Энэ үед Х гэдэг эгч миний үснээс зулгаачихаар нь би өөдөөс нь адилхан үснээс нь зулгаагаад цохиж зодолдсон...Бид 2 хоорондоо маргалдаж зодолдсон учраас би дээрх гэмтлийг Хишигжаргал гэдэг эгчийн биед учруулсан гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-51-52/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан. 

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн улмаар тэдний хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэмт хэрэг”-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй.            

Иймд шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :      

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нь 345.000 төгрөгийн зардал гарч, 500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн /хх-25, 84/ байх тул шүүгдэгч нь  бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт 

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хх-75/, ам бүл 5, хувиараа гутал засварын газар ажиллуулдаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-54, 56, 58, 62, 63-71, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР