Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, 

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,      

Хохирогч А.Мягмарсүрэн,

Гэрч Б.Т,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б.Бэд холбогдох 2203000000127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, одоо “Прогресс” үсчин гоо сайхны газарт үсчин ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Бага наран **** тоотод оршин суудаг, урьд: 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Б.Б /РД: ДД*****/

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.Б нь *** оны ** дүгээр сарын **-ний 23 цаг 57 минутын үед Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Толгойтын **-ын баруун талын замд, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д заасан согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, “Toyota Prius” маркийн 30-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож яваад мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гэрлийн шон мөргөн онхолдож, зорчигч А.Мягмарсүрэнгийн эрүүл мэнд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний 23 цаг 57 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Толгойтын 65-ын баруун талын замд “Toyota Prius” маркийн 30-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.  Жолоочид дараах зүйлийг хориглоно : а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас гэрлийн шон мөргөн онхолдож, зорчигч А.М эрүүл мэнд хүнд хохирол учруулсан болох нь : 

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...2022 оны 01 дүгээр

сарын 24-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хорооны нутаг Толгойтын замд Toyota Prius-11 маркийн 30-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, явсан жолооч Б.Б нь онхолдож зорчигч нарын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 02/,

- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,

-...Б.Бийг   драйгер багаж ашиглан шалгахад 0.88 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- хохирогч А.М...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим намайг гэртээ байхад  ах над  B pуу залгаад 21 дүгээр хорооллын тэнд яваад очтол Тоёото Приус-11 маркийн саарал өнгийн машинтай ганцаараа намайг хүлээж байсан...Бид хоёр Б ахын найзтай уулзах гээд Их Нарангийн зүг явсан ба найз нь тухайн үедээ нэг эрэгтэй дүүгийнхээ хамт гарч ирсэн. Б ахын машинд 3 ширхэг лаазтай пиво байсныг бид нар хоорондоо танилцаад ууцгаасан. Оройны 23 цагийн үед намайг 21 дүгээр хороолол руу хүргэж өгөх гээд Толгойтын замаар баруунаасаа зүүн чиглэлд явж байтал урдуур нэг машин орох шиг болсон. Тэр үед Б ах сандраад хүрдээ хажуу тийш дартал машин хоёр тийш гуйвж явсаар байгаад замаас гараад юм мөргөөд унасан...Тэр үед би ухаан алдсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- гэрч Ч.Ц...2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой Б над руу залгаад гэрийн гадаа ирсэн, би Эрдэм гэх дүүтэйгээ хамт гарч ирсэн...Уулзаж байгаад гурван лаазтай пиво хувааж уусан. Хөдлөх гэхээр нь чи юм ууцан байна болж байгаа юм уу гэхэд манай дүү жолооны үнэмлэхтэй дүү барина гээд дүүг нь авах гээд 65 руу явсан. Доошоо явж байтал нэг машин шахаад жолооч баруун дартал урдаас нь машин ирж байсан, тэгээд буцаж дараад машин нь хоёр тийшээ дайвалзаад тэгээд рулиэ цааш нь дараад замын боржур гэрэл мөргөөд дээшээ хараад унасан байсан. Тэгээд бүгд машинаасаа гарч ирээд Б ажлын газрын залуу сууж байгаад дээшээ хараад хэвтчихсэн. Манай дүү над руу харсан чинь толгой нь хагарчихсан их цус гарчихсан байсан. Хүмүүс ирчихсэн цагдаа дуудаад удалгүй эмнэлэг ирээд бид нар явсан...60 км цагийн хурдтай явж байсан гэж өөрөө хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, 

- насанд хүрээгүй гэрч Х.Э...2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой би ах Цанлигтайгаа ахын найзын машинд нь ороод суусан. Урд сууж байсан ах манай ахтай танилцаад, тэр гурав нэг нэг ширхэг лаазтай пиво уусан. Манай ах, чи пиво уучихаад машин барьж болж байгаа юм уу гэхэд зүгээрээ андаа миний дүү хүргэж өгөөд, замдаа жолооч аваад чамайг хүргээд өгье гэсэн. Тэгээд хөдлөөд явж байтал уулзвар дээр хажуу талаас машин шахаад жолооч огцом дарсан чинь өөдөөс машин ирээд, буцаагаад дарсан чинь машин нь хоёр тийшээгээ дайвалзаад тэгээд манай ах миний толгойноос тэврээд нэг мэдсэн манай ах намайг дуудаад машинаас гаргасан. Тэгээд баахан хүмүүс ирээд түргэн ирээд эмнэлэг явсан гэх мэдүүлэг /хавтас хэргийн 108 дахь тал/,  

- гэрч С.Ц...2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчим би өөрийн Тоёота Филдер маркийн автомашинтай гэр лүүгээ Сонгинохайрхан дүүргийн нутаг 65 дугаар сургуулийн урд замаар баруунаас зүүн чиглэлд явж байтал осол гаргасан уг машин нь Толгойтоос зүүн чиглэлд явж байгаад хойшоогоо эргэх гэж байгаад гэнэт болиод төв зам руугаа ороод чигээрээ яваад өгсөн...хурдтай явж байсан...Би араас нь явж байтал замын хажуугийн гэрлийн шонгуудын гэрэл нь нэг нэгээрээ унтраад байсан. Би тог тасарч байна гэж бодоод явж байтал нөгөө урд гараад явсан машин замын хажууд онхолдсон байдалтай байсан. Би дуудлага өгчихөөд машинаасаа буугаад очиход нэг хүүхэд нь ухаан алдсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал/,     

- шинжээчийн дүгнэлт...А.М биед зүүн талд титэм заадаснаас  арагш суман заадас дагуу баруун болон зүүн зулайн орой хэсэг рүү 2 тийш салсан шугаман хугарал, зүүн титэм заадаснаас доош зүүн дух, зүүн нүдний ухархайн арын хана, бага далавч руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун зүүн зулайн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, баруун зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т болон 3.1.3 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

- хохирогч А.M эмнэлгээ өвчтөн илгээх хуудас /хавтаст хэргийн 42-

48/,  

- шинжээчийн дүгнэлт...Х.Э биед зулайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

- мөрдөгчийн магадлагаа...Toyota Prius 11 маркийн 30-65 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2-д заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй.../хавтаст хэргийн 80 дахь тал/,

- шүүгдэгч Б.Бийн... 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн орой би аавынхаа машиныг унаж гараад М 21 дүгээр хорооллоос аваад, үсчний багажаа авах гэтэл хаасан байсан...Харих замдаа Ц руу залгаад гэрийнх нь гадаа очсон, Ц Э гэх дүүгийн хамт гарч ирсэн. Миний машинд 3 лааз пиво байсныг Ц, М бид гурав ууцгаасан. Тэгээд М хүргэж өгөх гээд хөдлөх гэтэл Ц надад, чи уучихаад машин барьж болж байгаа юм уу гэхээр нь би өөрийн төрсөн Буянт руу залгаад машин бариадах гэж хэлсэн...Ойрхон учир машинаа барьж хөдлөөд 65 дугаар сургуулийн зүг зүүн эргээд төв зам руу ороод явж байтал урсгал сөрөөд нэг машин чигээрээ урдаас ирсэн. Би баруун гар тийш дараад гаргаад буцаагаад зүүн дартал машины хойд хэсэг ганхаад байсан...тоормосоо гишгээд баруун дартал замын хажуугийн боржур...гэрлийн шон мөргөөд машин унасан...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж, осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн103 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-103/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан.  

2.2. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл ба хохирогч А.Мягмарсүрэнгийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

Мөн Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон болохыг тэмдэглэв.          

Тус гэмт хэргийн улмаас Х.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул энэ нь гэм буруутайд тооцоход хамааралгүй.   

Иймд шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ ; хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :            

 

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч : хохирогч А.М эмчилгээ, эм тариа, оношилгооны зардалд нийт 536.000 төгрөг төлсөн, энэ талаар  хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн /хх-103, 132, шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний нэхэмжлэгч Х.Э 120.000 төгрөг төлсөн /хх-33, 108, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрлийн шон гэмтээсний зардалд иргэний нэхэмжлэгчид 3.000.000 төгрөг төлж, 525.000 төгрөгт шон ухах, шон босгох ажилд биечлэн оролцож тооцуулсан /хх-26, 73-78, 125, шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний хариуцагч, нэхэмжлэгч Д.Б нэхэмжилсэн зүйлгүй /хх-67-69, 17-20/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.     

Харин хохирогч А.М нь тус гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн байх боловч тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хүнд хохирлын үлдэц, хор уршгийг дахин оношлуулах, эм тариа хэрэглэх болон бусад зардал учирсан тохиолдолд хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч тус гэмт хэргийн улмаас хохирогч А.М учирсан бусад хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тэмдэглэв.       

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт :   

  

Шүүгдэгч урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /86, 128/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгт нарт  учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эхнэр, бага насны хүүхэдтэй,  үсчин ажилтай болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-17, 35, 87-96, 112, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгч, хохирогч нар хамтран “үсчний суудал” түрээслэн ажиллаж байгаа  болох нь тэдний мэдүүлэг, шүүхэд гаргасан баримтаар /шүүх хуралдааны тэмдэглэл/ илэрхийлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Бэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах; оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

 

2. Бусад асуудал 

    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

                                                                        ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ ; хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Бэд тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас хохирогч А.Мягмарсүрэн нарт учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Б.Бэд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогч А.М уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР