Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

      2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00404

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 6 дугаар гудамжны 57 тоотод оршин суух Шарнууд овогт Жны Э /РД: /-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, 29в байрны 26 тоотод оршин суух Хорол овогт Сын Л /РД: /-д холбогдох

          гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

           Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:Миний бие 2009 онд С.Лтэй танилцаж, улмаар 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд хүү Л.Гүнбилэг нь 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. 2016 оны 01 дүгээр сараас бид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас салж тусдаа амьдрах болсон. С.Л нь тусдаа амьдарч байх хугацаандаа өөр хүнтэй гэр бүл болсоноор хамтран амьдрах боломжгүй болсон. Үүнээс хойш хүү Л.Гүнбилэг нь миний асрамжинд өсч торниж байна. Миний бие мөн өөр хүнтэй хамт амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Л.Гүнбилэгийг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч С.Л шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид 2016 оны 1 дүгээр сараас тусдаа амьдарч байгаад хоёулаа өөр хүнтэй гэр бүл болцгоосон. Иймд дахин нийлэх бодол байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээжид нь үлдээгээд хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.  

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч С.Л нар 2009 онд танилцаж, 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү Л.Гүнбилэг төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оны 1 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр хүнтэй амьдрах болсон зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

    Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

    Насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар болон  гэрлэгчид тусдаа амьдарсан 2016 оны 1 дүгээр сараас хойш хүү Л.Гүнбилэг нь  эх Ж.Эын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа байдалд дүгнэлт хийн хүү Л.Гүнбилэгийг эх Ж.Эын асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Л.Гүнбилэгийг эцэг С.Л нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлтэй байна.          

    Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогт Жаргалсайханы Э, Хорол овогт Сармандалын Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү Л.Гүнбилэгийг эх Ж.Эын  асрамжинд үлдээсүгэй.       

         3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2  дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү Л.Гүнбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  эцэг С.Л нь тэжээн тэтгэсүгэй.

         4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 33148 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

         5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

         6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР