Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

2022        02            24                                   2022/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0080/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

улсын яллагч: М.Сүхчулуун,

хохирогч Б.Баянмөнх,

шүүгдэгч Т.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 2109000001634 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол ...... тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Т.Т

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 2 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Оppein” нэртэй тавилгын дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Баянмөнхийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж түүнийг гараараа олон удаа цохиж зодон хоншоор яс, ухархайн дотор хана, ар хана, хамар ясны нийлмэл хугарлууд, таславчийн мурийлт, тархи доргилт, зовхи хацар, шанаа, эрүү, өвдөгт цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голомт” хотхоны баруун талын асфальтан хучилттай зам дээр хохирогч Ц.Энхбаттай “машин мөргөлөө, машины толь санаатай цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун нүдний зовхины дотор булан, хамрын нурууны зулгаралт, цох, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал баруун гарын эрхий хурууны 2 дугаар хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч боломжгүй байсан. Би эмчилгээний зардалд гарсан бодит хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

Хохирогч Б.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Мягмарнаран гаднаас нилээн согтуу орж ирсэн. Тэгээд би найздаа хэлээд хоёулаа ор руу өргөөд хэвтүүлье гэж хэлээд өргөсөн. Мягмарнаран над руу “Чи өмнө яагаад том дугараад байсан бэ? хоёулаа асуудлаа одоо шийдье” гээд намайг түлхэж унагаад цохисон. Би буцаагаад цохисон. Тэгээд Т.Т ирж над руу дайрч намайг цохисон. Мягмарнаран намайг араас тэврээд хоёр гарыг маань бариад Т.Т намайг нүүр рүү доороос цохиод л байсан. Мягмарнаран уг нь зодож байгаа хүнийг болиулах байтал намайг барьж байгаад л Т.Т-гээр цохиулаад байсан. Энэ гэмт хэргийн улмаас би 2 удаа бүтэн норкозонд орж хамрын хагалгаанд орсон. Гэмт хэрэг гарснаас хойш надтай ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Би гомдолтой байна. Би Гэмтлийн эмнэлэгт 3 сая гаруй төгрөгийн хагалгаанд орсон. Даатгалаас 50 хувийг гарсан. Эмнэлгийн төлбөр 700.000 гарсан. Сая хацарны хагалгаанд орсон. Дараагийн хагалгаанд бас орох ёстой байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд 1.500.000 төгрөг гарсан байх. Шүүгдэгч Т.Т-гээс өмнөх хагалгаа, дараагийн удаа хийлгэх хамрын хагалгааны төлбөр гээд нийт 3 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Баянмөнхөөс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан
гомдол  (1 дэх хавтаст хэргийн 10, 11 дэх тал)

Хохирогч Б.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын эхээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Энхтайван"-ы  гүүрний зүүн доор байрлалтай "Оррет" нэртэй тавилгын
дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 19-
нөөс 20-нд шилжих шөнө манай ажлынхан ажлын байран дээрээ нэгнийхээ төрсөн
өдрийг тэмдэглэсэн юм. Энэ үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн
бөгөөд манай нэг ажилтан Амарбаясгалан гаднаас маш их уучихсан орж ирэхээр
нь манай ажлын Мягмарнаран, бид 2 орон дээр хэвтүүлж унтуулсан. Тэгээд Мягмарнарантай би өмнө нь болсон сагсны тэмцээний үед үүссэн маргаантай холбогдуулан маргалдаж харилцан түлхэлцсэн, энэ үеэр би баруун гараараа Мягмарнарангийн зүүн хацарлуу нь нэг алгадаж, Мягмарнаран миний зүүн хацарлуу нэг алгадсан. Ингээд маргалдаж байхад манай дэлгүүрт нярав хийдэг Т.Т /88826655/ хүрч ирж салгасан бөгөөд Мягмарнаран бид 2-ыг нэг нэг алгадсан. Тэгээд би Т.Т-тэй юм яриад эвлэрч байгаад босоод явахад Мягмарнаран буцаж ирээд дахин хэрүүл хийж, баруун гараараа намайг алгадаж би болиулах гэхэд Т.Т над руу дайрч Мягмарнаран миний хүзүүнээс гараараа барьж баруун гараараа ээлжлэн намайг тонгойчихсон байхад миний нүүрний зүүн хэсэгт 10 орчим удаа цохисон. Тэгээд манай ажлынхан ирж салгасан. Би томографид зураг харуулахад нүдний ухархайн яс цөмөрсөн, хамрын яс хугарсан байна. Хамраас тогтмол цус гарч байгаа. Намайг Т.Т, Мягмарнаран нар хоёулаа алгадсан боловч үүнээс үүсээгүй. Сүүлд Мягмарнаран миний хоолойноос боож Т.Т гараараа 10 гаруй удаа цохихдоо миний нүүр хэсэг рүү цохьсоноос болж үүссэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал)

Гэрч Д.Мягмарнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би "Орреin" дэлгүүрт дизайнер хийдэг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын
19-нөөс 20-нд шилжих шөнө Энхтайваны гүүрний зүүн доод талд байх дэлгүүрийн
байрандаа ажлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд 01 цагийн үед би
хамт ажилладаг залуу болох Баянмөнхийн хамт ажлынхаа согтоод тасарчихсан
залууг орон дээр хэвтүүлчхээд хоорондоо өмнөх сагсны тэмцээн дээр маргалдсан зүйлийг дахин ярьж хэрэлдэж бие биенийгээ түлхэж би Баянмөнхийг баруун
гараараа зүүн хацарт нь нэг удаа, Баянмөнх баруун гараараа миний зүүн хацарт
нэг удаа алгадсан. Бид 2-г манай ажлын нярав Т.Т ирж салгасан бөгөөд бид
2-г Т.Т баруун гараараа нэг нэг алгадсан. Тэгээд бид 3 эвлэрч хоорондоо юм
ярьж байгаад би өөр өрөө рүү яваад өгсний дараа Т.Т, Баянмөнх нар үлдсэн
Тэгээд би хэсэг хугацааны дараа буцаж ирээд Баянмөнхтэй дахин маргалдаад
түлхэлцсэн. Тэгэхэд Т.Т уурлаж "та 2 больчих эсхүл учраа олчих" гэж
хэлсэн. Т.Т Баянмөнх нар хоорондоо барилцаж аваад зодолдож эхэлсэн
бөгөөд би салгах санаатай Т.Тгийн зүүн гар нь Баянмөнхийн баруун мөр
дээрээс барьчихсан байхаар нь салгах зорилгоор татаад байсан юм. Тэгээд бид 3
газар унасан, удалгүй ажлынхан ирж салгасан. Баянмөнхийг Т.Т зүүн
гараараа мөр дээрээс нь барьчихаад баруун гараараа 10 гаруй удаа цохисон. Би
гараа атгаж цохиж зодсон зүйл байхгүй." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал)

Гэрч Э.Мөнхбулганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны гүүрний доор байрлах "Орреin" нэртэй тавилгын дэлгүүрт ерөнхий дизайнераар ажилладаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ажилчдын төрсөн өдрийг нийлж тэмдэглэсэн, ажлын байран дээр 13 ажилчид 2 шил 1 литрийн виски, хүний 1 лааз 05 литрийн "Сэнгүр" пиво уусан. Шөнө 01 цаг 05 минутын үед манай тавилгын дэлгүүрийн 2 давхрын үзэсгэлэнгийн танхимын зааланд зодоон болоод байсан бөгөөд би захирал Чингүүний хамт яваад очиход үзэсгэлэнд тавьсан орны урд талд Т.Т нь Баянмөнхийг баруун гараараа 2-3 удаа цохиж байсан, үүний хажууд Мягмарнаран салгах гээд Баянмөнхийг татаад дийлэхгүй байж байсан. Тэгээд би очиж салгасан бөгөөд миний араас Чингүүн төд удалгүй гарч ирсэн юм. Мягмарнаран нь огт Баянмөнхийг цохиж зодож байгаа зүйл анзаарагдаагүй, Баянмөнхийг тэврээд салгах гээд татаад дийлэхгүй байсан тэгээд татаж байгаад газар руу унаж байсан. Миний харснаар Баянмөнхийг Мягмарнаран огт зодож цохисон зүйл байхгүй.” Гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал)

СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл: “Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 408 тоот албан өрөөнд явуулав. Албаны "Дэлл" загварын суурин компьютерт тус цагаан өнгийн "СД"-г уншуулж үзэхэд нийт 05:00 секундын камерын бичлэг байх ба тус бичлэг рүү орж үзэхэд хар өнгийн цамц, хар саарал өнгийн жинсэн өмдтэй /Баянмөнх/ нь цагаан өнгийн цамц, саарал өнгийн өмд, шар өнгийн гуталтай хүн /Мягмарнаран/ нар нь орон дээр хүн хэвтүүлж байх бөгөөд бичлэгийн баруун дээд буланд гарч буй цагаар 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01:03:41 секундэд харилцан түлхэлцэж Баянмөнх баруун гараараа нэг удаа алгадаж, Мягмарнаран баруун гараараа нэг удаа Баянмөнхийг алгадаж байна. Бичлэгийн 01:04:10 секундэд хар цамц өмсөж ханцуйгаа шуусан /Т.Т/ ирж Баянмөнхийг баруун гараараа нэг удаа, Мягмарнаранг баруун гараараа нэг удаа нүүрлүү нь тус тус алгадаж байна. Үргэлжлүүлэн Т.Т нь Баянмөнхтэй харилцан түлхэлцэж, цаад өрөөний орон дээр сууж байхад Мягмарнаран тухайн өрөөнөөс гарч явж байна. Бичлэгийг үргэлжлүүлэхэд Т.Т, Баянмөнх нар нь хоорондоо гар барин наад заал руу алхаж ирэх үед урдаас нь Мягмарнаран гарч ирж, Т.Т нь Мягмарнаранг түлхэж байх бөгөөд үргэлжлүүлэн бичлэгийн 01 цаг 07 минут 54 секундэд Мягмарнаран нь Баянмөнхийн ардаас тэвэрч Т.Т нь Баянмөнхийг баруун гараараа 7-8 удаа нүүр болон бие хэсэг рүү нь цохиж байна. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд Т.Т, Баянмөнх нар нь ноцолдож байх бөгөөд нэг эмэгтэй болон 2 эрэгтэй ирж Т.Т, Баянмөнх нарыг салгаж байх бөгөөд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй,..гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11670 дугаартай: “Б.Баянмөнхийн биед хоншоор яс, ухархайн дотор хана, ар хана, дотор хана хамар ясны нийлмэл хугарлууд, таславчийн мурийлт, тархи доргилт, зовхи хацар, шанаа, эрүү, өвдөгт цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал)

Хохирогч Ц.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голомт” хотхоны баруун талын зам дээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 50 минутын үед "Нарны гүүр"-с хойшоо чиглэлтэй өөрийн эзэмшлийн 8017 УБЭ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн загварын машинтай би 2 дугаар эгнээгээр явж байхад миний баруун талын толийг "Тоёота сай" загварын саарал өнгийн 8586УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа шүргээд толийг арагшаа болгоод яваад өгсөн. Би араас нь машинтайгаа "Голомт"-н баруун талын уулзвар дээр очоод машинаасаа буугаад "чи машин мөргөчихлөө, яаж байгаа юм" гэсэн чинь 25 орчим насны залуу бууж ирээд "машин чинь зүгээр байна" гээд яваад би дахиж араас нь очоод машиныхан нь толийг нь өшиглөсөн чинь тэр залуу гарч ирээд миний машины толийг доош дараад байсан. Би өөрийн машин дээр очоод
болиулах гэтэл намайг заамдаж аваад машины ар тал руу түлхээд миний машины
хойд талын баруун крылог хонхойлгоод баруун гараараа миний нүүрний баруун
хэсэг рүү нэг удаа цохиод би газар унасан. Маргааш миний баруун нүд болон
хамрын дээд хэсэг хөхөрсөн байсан.” Гэх мэдүүлэг (1-р хх-ийн 83 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11
дүгээр сарын 18-ны өдрийн 11236 дугаартай: “Ц.Энхбатын биед баруун нүдний зовхины дотор булан, хамрын нурууны зулгаралт, цох хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хурууны 2 дугаар үеийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь 2021 оны 11 дүгээр сарын 12-нд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал)

Хохирогч Ц.Энхбатын: “миний эзэмшлийн 8017 УБЭ улсын дугаартай Toyota Prius маркийн машин эвдрэл гэмтэл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал)

Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед би Баянмөнхийг цохиж эхлэхэд Магмарнаран нь өөрт ойр байсан хүн болох Баянмөнхийг салгах гэж зуурсан гэж бодож байна. Магмарнаран бид хоёр Баянмөнхийг нийлж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал)

Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “миний бие 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах Голомт хотхоны баруун гар талд өөрийн 8586 УНК улсыг дугаартай Тоёота Сай машинаар явж байтал хажуу талаас ногоон өнгийн Приус 30 машины толийг би машинаараа шүргэчихсэн. Ингээд зогсож машинаасаа бууж  очоод толийг нь үзтэл эвдэрсэн зүйл байхгүй байсан тул би энэ талаар машины жолоочид хэлж өөрийн машиндаа буцаад суугаад 10 метр орчим яваад байтал араас ногоон Приус 30 машины жолооч ирж миний машины жолооч талын толийг өшиглөсөн. Би уурлаж машинаасаа буугаад уг жолооч залууг заамдаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохиж гэмтээсэн...Хохирогч бид хоёр харилцан ярилцаж тохиролцож, улмаар хохиролгүй болсон.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-98 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Түвшинбилэгийн Т.Т нь согтуугаар 2021.11.19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайвны гүүрний доод талд орших  “Оppein” нэртэй тавилгын дэлгүүрт Д.Мягмарнаран, Б.Баянмөнх нарын маргаанд оролцож шалтгаангүйгээр хохирогч Батдэлгэрийн Баянмөнхийг нүүр толгой, цээжин тус газар нь олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хоншоор яс, ухархайн дотор хана, ар хана, хамар ясны нийлмэл хугарлууд, таславчийн мурийлт, тархи доргилт, зовхи хацар, шанаа, эрүү, өвдөгт цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн энэ гэмт хэрэг үйлдэхээс өмнө 2021.11.12-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Голомт хотхоны баруун талын авто зам дээр хохирогч Цэрмаагийн Энхбаттай “машин мөргөлөө, машины толь санаатай цохилоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хурц маргалдаж, улмаар хохирогчийн толгой нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины дотор булан, хамрын нурууны зулгаралт, цох, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал баруун гарын эрхий хурууны 2 дугаар хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Баянмөнхийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж түүнийг гараараа олон удаа цохиж зодон улмаар Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хоншоор яс, ухархайн дотор хана, ар хана, хамар ясны нийлмэл хугарлууд, таславчийн мурийлт, тархи доргилт, зовхи хацар, шанаа, эрүү, өвдөгт цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,  

-мөн хохирогч Ц.Энхбаттай “машин мөргөлөө, машины толь санаатай цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун нүдний зовхины дотор булан, хамрын нурууны зулгаралт, цох, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал баруун гарын эрхий хурууны 2 дугаар хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Т.Т нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь уг эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Т.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Т-н хувьд согтуурсан үедээ бусдыг илтэд дээрэлхэн харгис хэрцгий хандан, уур омог, хүч бяраар үүссэн асуудлыг шийдэх гэсэн  дээрэнгүй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан ял, хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.Энхбатын зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь түүнд одоогоор төлөх хохирол төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Т.Т, хохирогч Б.Баянмөнх нар нь шүүх хуралдаан дээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудал болох өмнө хийгдсэн хамрын хагалгааны зардал болон дахиж хийгдэх хагалгааны зардал төлбөр дээр 3 000 000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэж, эхний 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Т шүүх хуралдаан дээр шууд төлсөн бөгөөд үлдэх 1 500 000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар Эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд заасан хугацаанд уг 1.500.000 төгрөгийг хохирогчид төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж хохирогчид олгуулах болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр хохирогч Ц.Энхбат нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй байгаа гэх боловч хохирогч Ц.Энхбат, Б.Баянмөнх нар нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бие махбодь эрүүл мэндээр хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгч хүмүүс болохын хувьд цаашид шүүгдэгчээс өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул энэ эрхийг нь тус тус нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангиудад заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгчид дээрх гэмт хэргүүдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг хэрэглэхээр тогтов.

 Шүүгдэгчид ял оногдуулахад түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын заримыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Т.Т-д үйлдсэн дээрх гэмт хэргүүдэд тус бүрт нь торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Т-н биечлэн эдлэх торгох ялыг 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 1450 /нэг мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд буюу 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

6. Хохирогч Б.Баянмөнх, шүүгдэгч Т.Т нар нь шүүх хуралдаан дээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудал дээр харилцан тохиролцсон 3 000 000 /гурван сая/ төгрөгийн төлбөрөөс үлдэх 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дотор шүүгдэгч нь төлж барагдуулахаар Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Т.Т нь Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох үлдсэн 1 500 000 төгрөгийн төлбөрийг заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд түүнээс үл маргах журмаар уг хохирол төлбөрийг албадан гаргуулж хохирогчид олгуулах болохыг мэдэгдсүгэй.

8. Хохирогч Б.Баянмөнх, Ц.Энхбат нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Т.Т-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР