Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2019/01084/И |
Дугаар | 001/ХТ2021/00257 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/00257
Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/01612 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1533 дугаар магадлалтай,
Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах, 12.253.605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нандин эрхэм ХХК-тай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх тухай А1/59 тоот гэрээ байгуулсан. Тэрхүү гэрээгээр миний бие тус компанийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд барьж байгаа Санто смарт апартмент хотхоны А блокын 3 дугаар давхрын 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцон орон сууцны үнэ 128,310,000 төгрөгийг гэрээнд заасан ёсоор төлж дуусгасан. Нандин эрхэм ХХК нь орон сууцыг 2017 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгнө гэж гэрээний 3.2-т заасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлэн орон сууцны түлхүүрийг 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр надад хүлээлгэн өгснөөр би орон сууцанд орох боломжтой болсон. Нандин эрхэм ХХК-ийн зүгээс орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй удаж байна. Орон сууц захиалгын гэрээний 3.4-т заасан үүргээ биелүүлэхгүй байх тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг Нандин эрхэм ХХК-иас гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү.
Мөн Нандин эрхэм ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулж, орон сууц захиалагч надад хүлээлгэн өгөөгүй бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаар орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас 60 хоног хэтрүүлсэн бол 61 дэх хоногоос эхлэн захиалагч талд хоног тутам 0.05 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн орон сууцын түлхүүрийг хүлээж авсан 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 151 хоногийн алдангийг 128,310,000 төгрөгийн 0.05 хувиар тооцоход /64,155x151=9,687,405/ мөн НӨАТ-ын баримт өгөөгүй ба НӨАТ буцаан олголтын 2% болох 2,566,200 төгрөг нийт 12,253,605 төгрөг болж байх тул Нандин эрхэм ХХК-иас орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй алдангийг гаргуулан өгч нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Чулаанбаатарт Санто смарт аппартмент хотхоны А блок, 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулаагүй болно. Учир нь ******* нь Эвт-Үүд ХХК-тай 2016.09.29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр Эвт-Үүд ХХК нь *******-ийн хэрэгжүүлж буй Санто смарт аппартмент хотхоны төсөл /1 -р ээлж буй А блок/-д шаардагдах 714 ширхэг хаалга суулгах ажлыг, 314,160,000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. ******* болон Эвт-Үүд ХХК-иудын хооронд байгуулагдсан 2016.09.29-ний өдрийн гэрээний 3.1-д заасны дагуу ******* нь ажлын хөлсийг 100 хувь бартераар төлөх бөгөөд гэрээний төлбөрт 2016.12.16-ны өдөр №А1/59 тоот Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг Эвт-Үүд ХХК-тай байгуулж, А блок, 3-р давхарт байрлах 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч Эвт-Үүд ХХК-ийн зүгээс 2017.01.11-ний өдөр орон сууцны захиалгын бүрэн эрхийг Б.Чулуунбаатарт шилжүүлэх хүсэлт гаргасан ба тус хүсэлтийн дагуу ******* нь нэхэмжлэгч Б.Чулуунбаатартай 2017.01-р сард Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх №А1/59 тоот гэрээ /огноог 2016.12.26-ны өдрөөр/-г байгуулсан. Эвт-Үүд ХХК болон *******-иуд нь 2019.04.11-ний өдөр тооцоо нийлэхэд Эвт-Үүд ХХК нь 62,012,460 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан юм. Өөрөөр хэлбэл Эвт-Үүд ХХК нь *******-иас авах төлбөрийн эрхийг Б.Чулуунбаатарт шилжүүлсэн болохоос биш Б.Чулуунбаатарт 2019.09.29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүргийг шилжүүлээгүй байна. Нэгэнт манай компанийн зүгээс Эвт-Үүд ХХК-тай 2016.09.29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул тус гэрээнээс үүдэх үр дагаврыг Эвт-Үүд ХХК болон *******-иуд нь хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь *******-д орон сууцны үнийг төлж, тус орон сууцыг захиалан бариулаагүй тул НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэхэмжлэгчид олгох боломжгүй байна. Мөн Эвт-Үүд ХХК нь төлбөрийн үлдэгдэлтэй тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/01612 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 8,789,235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт олгож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент /Santo smart apartment/ хотхоны А блок 3 дугаар давхрын 302 тоотод орших 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэлээс 3,464,370 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,208 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-иас 225,777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1533 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/01612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент /Santo smart apartment/ хотхоны А блок 3 дугаар давхрын 302 тоотод орших 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт гаргаж өгөхийг хариуцагч Нандин-Эрхэм ХХК-д даалгаж, хариуцагч Нандин Эрхэм ХХК-иас 8,789,235 төгрөгийг гаргуулан... гэснийг 5.324.865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт олгож, үлдэх 6,928,700 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т 225,777 гэснийг 100,147.84 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 225,780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн дугаар 1533 магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх Нандин-ЭрхэмХХК болон *******нарын хоорондох харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлсон бөгөөд Нандин-Эрхэм ХХК болон Эвт-Үүд ХХК нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасанчлан худалдан авагч *******нь худалдагч *******-д ямар нэг байдлаар гэрээнд заасан байрны төлбөрийг төлөөгүй. Мөн Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр байрыг шилжүүлэн авах эрх шилжүүлсэн этгээд болох Эвт-Үүд ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь талуудын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үргэлжилсээр байгааг харуулж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасанчлан Худалдах, худалдан авах гэрээний хувьд байрны үнийг төлснөөр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болно. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл байрны үнийг төлснөөр байрыг шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнд заасан 128,310,000 төгрөгийг төлөөгүй. Энэхүү төлбөрийг төлсний үндсэн дээр байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх боломжтой гэдгийг тогтоогоогүй байдаг. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т заасны дагуу хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж зохих өр төлбөрийг төлж барагдуулах хүртэл уг байрыг Нандин-ЭрхэмХХК нь өөрийн өмчлөлд саатуулан барих эрхтэй. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т зааснаар орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг төлж, байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу байрны үнийг огт төлөөгүй, шаардах эрхээ шилжүүлсэн гэх Эвт-Үүд ХХК нь одоог хүртэл Нандин-Эрхэм ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө төлөөгүй байгаа зэрэг нь гэрээний үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу байрны төлбөрөө төлөх үүрэгтэй этгээд үүргээ гүйцэтгэсний үндсэн дээр байрыг өөрт шилжүүлэх шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлнэ. Нөгөө талаар байрны төлбөрийг төлөөгүй байхад бид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлтэй.
Иймд Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн дугаар 1533 магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
*******нь Нандин эрхэм ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримт гаргуулахыг даалгах, алданги 9.687.405 төгрөг, НӨАТ-ын буцаан олголт 2.566.200 төгрөг нийт 12.253.605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент /Santo smart apartment/ хотхоны А блок 3 дугаар давхрын 302 тоотод орших 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг *******-д даалгаж, хариуцагчаас 8.789.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.
1.Зохигчийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээгээр Нандин эрхэм ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй Санто смарт апартмент /Santo smart apartment/ хотхоны А1 блок 3 дугаар давхрын 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, *******нь 128.310.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 5-8 дугаар тал/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд дээрх гэрээг дурдсан, хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...орон сууцыг 2017 оны 8 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгсөн, төлбөрийг тус компанид төлөөгүй тул НӨАТ-ын буцаан олголтыг шаардах эрхгүй, Эвт үүд ХХК-тай төлбөрийн тооцоотой тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй... гэсэн тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг гаргуулахыг даалгах шаардлагыг хангасан нь зөв боловч зохигчийн хооронд үүссэн харилцааг үндэслэл бүхий тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Эвт үүд ХХК нь Санто смарт апартмент хотхоны А блокийн айлын дотор хаалгыг захиалгын хуудасны дагуу үйлдвэрлэж, суурилуулах, Нандин эрхэм ХХК нь нийт ажлын хөлс 314.160.000 төгрөгийг 100 хувь бартераар төлөхөөр харилцан тохиролцож 2016.9.29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба 2016.12.16-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, Нандин эрхэм ХХК нь 128.310.000 төгрөгийн үнэ бүхий А1 блок, 3 давхарт байрлах 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд Эвт үүд ХХК-д шилжүүлэхээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажлын хөлсөнд орон сууц шилжүүлэх үүрэг хүлээжээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба Эвт үүд ХХК болон Нандин эрхэм ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч үгүйсгээгүй байна.
Эвт үүд ХХК нь гэрээнд заасан орон сууцыг Б.Чулуунбаатарт 128.310.000 төгрөгөөр худалдаж, мөнгийг хүлээн авсан тул 2017.1.11-ний өдөр орон сууцны захиалгын эрхийг түүнд шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Б.Чулуунбаатар, Нандин эрхэм ХХК-ийн хооронд гэрээ байгуулагджээ.
Эвт үүд ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дүгээр зүйлийн 123.1-т заасны дагуу Б.Чулуунбаатарт шилжүүлсэн, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, Эвт үүд ХХК нь хариуцагчаас ажлын хөлсөнд авах орон сууцны шаардах эрхээ Б.Чулуунбаатарт шилжүүлж, энэ тухайгаа үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэний үндсэн дээр зохигчийн хооронд гэрээ байгуулагдсан, энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөөгүй тул шүүх энэ шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.
2. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т зааснаар орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2017 оны 1 дүгээр улирал гэж тодорхойлсон ба гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас 60 хоног хэтрүүлсэн бол 61 дэх хоногоос эхлэн захиалагч талд хоног тутам 0.05 хувийн алданги төлнө гэжээ.
Нэхэмжлэгч байрны түлхүүрийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаа үгүйсгээгүй, давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс түлхүүр хүлээн авсан хүртэл хугацааны 83 хоногийн алдангид 5.324.865 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-г зөрчөөгүй байна.
3. Давж заалдах шатны шүүх ...орон сууцны үнэ 128.310.000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн нэхэмжлэлээс НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт 2.566.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1533 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 170.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН