Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0433 |
Огноо | 2014-11-13 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2014/0433
Л.У-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор 2013 оны 11 сарын 06-ны өдөр 189 дугаар тушаал гарган Л.У-ыг Завхан аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалд эгүүлэн томилсон байдаг. Ийнхүү ажил албан тушаалдаа буцаж томилогдон 3 сар 8 хоног ажиллаж байтал Ерөнхий аудиторын 2014 оны 02 сарын 14-ны өдрийн 59 дугаар тушаалаар Завхан аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалаас 02 сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.
Энэхүү чөлөөлсөн асуудал нь илтэд хууль бус үндэслэлгүй хүний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзээд Төрийн албаны зөвлөлд хандахад "... маргаан үүсгэн хянан шалгах боломжгүй” гэх хариуг 2014 оны 3 сарын 5-ны 312 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 02 сарын 14-ны өдрийн 59 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн тухай 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин нөхөн олговрыг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг хүргүүлж байна.Үүнд:
Иймд Төрийн аудитын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторын албан тушаал нь хасагдсан үндэслэлээр Л.У-ыг Завхан аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу тэтгэлэг /6 сарын/ олгох шийдвэр гаргасан болно гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.У-ыг Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймаг дахь Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар Үндэсний аудитын газраас гаргуулан олгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс Л.У-ыг Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймаг дахь Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилж зохих акт гаргаж, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацааны цалинг зохих журмаар тооцон олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Иргэн Л.У-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Ерөнхий Аудиторт холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Үндэсний аудитын газрын харьяа аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.”, мөн "... өөрөөр хэлбэл өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, зарим чиг үүрэг хасагдсан эсхүл, нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байх тул төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэж ...” хэмээн дүгнэсэн байна.
Захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэр нь нотлох баримтыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй шийдвэрлэсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж байна. Тухайлбал: Завхан аймгийн ИТХ-аас Л.У-ын ажиллаж байсан албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд тус аймгийн ИТХ-аас уг тодорхойлолт хадгалагдаагүй хэмээн гаргаж өгөөгүй. Шүүхийн зүгээс өмнө нь шийдвэрлэгдэж байсан захиргааны хэргээс ажлын байрны тодорхойлолтыг хайж үзнэ хэмээн үндсэндээ 2 сар гаруйн хугацаа Л.У-ын ажлын байрны тодорхойлолтыг хайхад зарцуулсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлаас 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр баталсан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох тухай хуулиар МУ-ын Ерөнхий Аудиторт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд баталсан аймгийн тэргүүлэх аудиторын ажлын "... ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж тусгасан нь дүгнэлтийг нотлох баримтгүй байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтыг баримтлаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх нотлох баримт дутуу буюу хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл байна.
Нэхэмжлэгч Л.У-ын ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргасан ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзсэн бол ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, эсхүл өөрчлөгдсөн тухай дүгнэж болох байсан. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтыг үзэж ийнхүү хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Улсын Их Хурлын 2013 онд баталсан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хүчингүй болгож, аймаг, нийслэлийн ерөнхий аудиторын албан тушаалыг хассан, мөн аймгийн Аудитын газрын эрх зүйн байдлыг зохицуулсан 9, 10 дугаар зүйл хүчингүй болсноор аймгийн аудитын газрын эрх зүйн үндэслэл хасагдсан. Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэлийн аудитын газар, түүний төсөв хуульд зааснаар хүчингүйд тооцогдож, уг газар байхгүй болж шинээр төрийн аудитын орон нутаг дахь байгууллага хуулиар үүссэн болно.
Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалд ажиллаж байсан Л.У-ын эрхэлж байсан албан тушаал, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн тул ажлаас чөлөөлөх тушаалын хууль зүйн үндэслэлийг Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4-6 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт “ ... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх ( хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”-аар тодорхойлсон болно.
Иймд анхан шатны шүүхийн 2014 оны 358 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Л.У-т албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгон, Завхан аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлжээ.
Хариуцагчаас “хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн улмаас ... аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторын албан тушаалыг хасагдсан ..-аар аймгийн аудитын газрын эрх зүйн үндэслэл, чиг үүрэг өөрчлөгдсөн, ... аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторын албан тушаал хасагдсан тул Л.У-ыг чөлөөлж, тэтгэлэг олгосон” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь,
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ...” гэж өөрчлөн найруулж, 6.2 дахь хэсэгт "Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо батална” гэж нэмснээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Аймгийн аудитын газрын чиг үүрэг, бүтэц, орон тоог батлах тухай” 22 дугаар тушаалын 2, 3 дугаар хавсралтаар аймгийн аудитын газрын дарга буюу Тэргүүлэх аудитор, санхүүгийн аудитын баг, гүйцэтгэлийн аудитын ажилтан, бусад ажилтантай байхаар аймгийн аудитын газрын бүтцийг баталжээ.
Төрийн аудитын тухай хууль /2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө/-ийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Ерөнхий аудитор нь “...аудит хийх төлөвлөгөө, хөтөлбөрийг хянаж батлах, энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, нягтлан бодох бүртгэл, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж, шийдвэр гаргах, эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах, хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, аудитын байгууллагын ажилтны нэмэгдэл баталгаагаар хангахтай холбоотой харилцааг зохицуулан зохион байгуулахаас гадна аймгийн аудитын газрын төсвийг захиран зарцуулж, бүтэц орон тоог нь батлах” бүрэн эрхийг тухайн аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр хуульчлагдсан байсан.
Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Үндэсний аудитын газрын харьяа аймгийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод[1] зааснаар Тэргүүлэх аудитор нь “Төрийн аудитын тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тухайн орон нутагт хийх аудитыг удирдах, хэрэгжүүлэх, зохион байгуулах, чанарын хяналт тавих, тухайн орон нутгийн аудитын байгууллагыг удирдах” зорилгын хүрээнд “тухайн орон нутгийн төсвийн бүх шатны захирагч нарын санхүүгийн тайлангийн аудитыг удирдан, зохион байгуулж, тайланг баталгаажуулах, ... холбогдох байгууллагууд үүргээ хэрэгжүүлэхдээ үр ашигтай, үр нөлөөтэй байгаа эсэхэд хийх аудит болон хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа талаар нийцлийн аудитыг удирдан зохион байгуулах, аймгийн аудитын газрын санхүүгийн үйл ажиллагаа, хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” зэрэг ажлын байрны үндсэн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхээр тогтоосон.
Үүнээс үзвэл Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу “Завхан аймгийн Аудитын газар” нь “Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн Аудитын газар” болж өөрчлөгдөн, улмаар аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалын нэр өөрчлөгдсөн хэдий ч Ерөнхий аудиторыг хэрэгжүүлж байсан чиг үүрэг, гүйцэтгэх албан тушаал нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгчийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулалгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгон ажлаас халах шийдвэр гаргасныг Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт "... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн дагуу Завхан аймгийн Ерөнхий аудиторын ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан ч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаар албан бичгээр[2] "... Завхан аймгийн Ерөнхий аудиторын ажлын байрны тодорхойлолтын баримт байхгүй болно” гэсэн хариуг ирүүлжээ.
Хэдийгээр Завхан аймгийн Ерөнхий аудиторын ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй ч Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын Ажлын байр (Албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 2 дугаар хавсралтын 4-т “Ажлын байрны тодорхойлолтыг ... тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна” гэж заасан байх тул төрийн аудитын тогтолцоо, төрийн аудитыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн аудитыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Төрийн аудитын тухай хуульд тодорхойлсон 5 “аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор”-ын бүрэн эрх, чиг үүргийг тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тогтоосон “Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор”-ын бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд харьцуулан дүгнэх боломжтой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "... нотлох баримтгүй байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Тодруулбал, Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд боловсруулах талаар Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон зааварт заасан тул “аймаг нийслэлийн Ерөнхий аудитор гэх төрийн албан хаагчийн бүрэн эрх чиг үүргийг" аудитын байгууллага түүний тогтолцоо бүрэн эрх, эрх зүйн үндсийг тодорхойлсон Төрийн аудитын тухай хууль болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд харьцуулан дүгнэх боломжтой байна.
2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар орон нутагт төрийн аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан байгууллага болох “Аймгийн аудитын газар” нь Үндэсний аудитын газрын харьяанд байгуулагдан “Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага’’[3] болж, уг байгууллагын Тэргүүлэх аудитор нь тухайн аудитын байгууллагын төсвийг захиран зарцуулах, үйл ажиллагааг нь Үндэсний аудитын газар тайлагнах[4]-аар зааж, аймгийн Ерөнхий аудиторын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр, түүнчлэн төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжих[5] -ээр, уг төсөвт Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны зардал[6] зэргийг тусгах талаар хуульчилсан байх тул хариуцагчийн “...аймаг, нийслэлийн аудитын газар, түүний төсөв хуульд зааснаар хүчингүйд тооцогдож, уг газар байхгүй болж, шинээр төрийн аудитын орон нутаг дахь байгууллага хуулиар үүссэн” гэх гомдол[7] үндэслэлгүй.
Шүүх "... өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, зарим чиг үүрэг хасагдсан, эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байх тул ... чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзнэ” гэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Хэдийгээр Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7-д “эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д "... батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэж Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийг хуульчилсан ч энэ нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчих үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, “ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журамд нийцсэн байх учиртай.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧИД: П.СОЁЛ-ЭРДЭНЭ Б.ТУНГАЛАГСАЙХАН Н.ХОНИНХҮҮ
|
[1] Хавтаст хэргийн 20 дахь тал
[2] Хавтаст хэргийн 69 дэх тал
[3] Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг
[4] Төрийн аудитын тухай хуулийн 7Т4 дэх хэсэг
[5] Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1
[6] Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2
[7] Хэргийн 120 дахь тал