Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/391

 

 

 

 

    2022            05           23                                       2022/ШЦТ/391

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,  

улсын яллагч Б.Одонтуяа, 

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   . Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211001779 0968 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.Г нь эхнэр Б.Мг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн . дүгээр хороо, . . дүгээр байрны . дүгээр орцны . тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний баруун урд хэсэг, дээд уруул, цээжний зүүн хажуу дунд хэсэг, баруун бугалганы гадна, ар хэсэг, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуйн үе, баруун дал, зүүн дал, ар нуруу, баруун ташаа, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяны гадна дунд, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: Би “.” компанид ажилладаг бөгөөд ковид гээд гэрээсээ ажиллаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 5 дахь өдөр байсан. Хүүгийн хичээл онлайнаар орж байсан. Ажлаа хийж дуусаад байж байтал эхнэр 20 цагийн орчим гэртээ ирсэн. Хоол хүнс авсан байсан. Тортой юм аа гаргаж байхад нь нэг шил архи байсан. Би түүнд нь уурласан. Учир нь манай эхнэр сүүлийн 1 жил гаран архи ууж, донтох болсон. Түүнээс хэд хоногийн өмнө Архангай руу томилолтоор явсан. Би түүнд уурлаж үглээд гайгүй болсон байсан. Архи гаргаж ирэхэд нь би уурлаж энийг уугаад уухгүй шүү маргааш нөгөөдөр амарна гэж хэлсэн. Уугаад дуусаж байтал эхнэр 2 пиво нэмэх үү гэж хэлсэн. Би ууя гээд дэлгүүр гарч пиво авсан. Би ухаанаа алдсан байсан. Нэг мэдэхэд баруун тал руу түлхэж зүүн шанааны ар хэсгээр хана мөргөж унасан. Би яаж байгаа юм гээд маргалдаж барилцаж авсан. Гэтэл эхнэр хүүгээ аваад явна гэж хэлсэн. Би яаж явах юм гээд маргалдаж цохисон байсан. Тэгээд ухаан орж ирээд байж байхад цагдаа орж ирж авч явсан. гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогч Б.М мэдүүлэхдээ: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг гарсан. Тухайн үед манай нөхөр, хүү хоёр цахимаар ажил хичээлээ хийж байсан. Би оффис дээр хийж байсан. Архи авсан нь үнэн. Бид хоёр хувааж уугаад хоол хийх гэсэн оройтчихсон байсан. Намайг очиход нөхөр хоол хийгээгүй, тоглоод сууж байсан. Байнга тийм байдалтай байдаг. Би дэлгүүр гарч өндөг хиам авч хүүхдэдээ өгсөн. Нөхөр нэмж пиво авсан гэж байна. Архи авсан. Нэг нэг татчихаад унтъя гэхэд нөхөр би уугаад чамд агсам тавина гэж хэлсэн. Би архийг нь авах гээд болиулсан. Түүнийг цохисон гэж бодож намайг зодож эхэлсэн. Тэр үед хөрш орж ирээд та нар болиоч цагдаа дуудлаа шүү гэхэд дууд гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгээд намайг багалзуурдаж зодож байхад хүү боль л доо гээд дундуур орж иртэл нөхөр хүүхдээ өшиглөсөн. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирээд нөхрийг аваад явсан. Явсных нь дараа би хувцсаа аваад хүүхдээ аваад аав ээжийнхээ гэр рүү явсан. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 211001779 0968  дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Нөхөр Д.Г 2021 оны 09 дүгээр сарын 17-ны орой гэрт байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар ...уулгахгүй гэхэд дахин архи ууна гэдэг шалтгаанаар агсан тавьж архи ууж байх үедээ намайг зодож гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хоолой боож гэмтэл учруулсан. Бид хоёр 2012 оны сүүлээс хамт амьдарч эхэлсэн. Дундаасаа 7 настай хүүтэй. Түүнээс албан ёсны гэр бүлээ баталж чадаагүй. Д.Г намайг өмнө нь нэг хоёр удаа цохиж зодож байсан. Тухай үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байгаагүй.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

            - 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Анх 2021 оны 01 сард, 7 сард ямар шалтгаанаас болж зодсон талаар санахгүй байна. Тухайн үед саяны гэмтэл шиг гэмтэл авч байгаагүй. Ямар ч цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед намайг зодуулсан талаар манай найз А мэдэж байгаа. Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, эмчилгээний зардал 370.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор хохирол барагдуулаагүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...Би Б.Мгийн нөхрийг сайн мэдэхгүй. Миний найз архины хамааралгүй. Бид хоёр хааяа уулзаад хоол унд идэж байхад нөхөртэйгөө утсаар ярьж байгааг нь сонсохоор дээрэнгүй өнгө аястай ярьж байгаа юм шиг санагддаг. Б.М нөхөртөө миний мэдэхээр 2 удаа зодуулж байсан. 2021 оны 01 сард над руу шөнө 12 цагт залгаад нөхөр намайг зодсон, ирээд аваач гэхээр нь гэрийнх нь ойролцоо очиж авсан. Тэр үед гар хөл нь хөхөрсөн хүзүү хэсэг нь улайсан байсан. Сүүлд 7-8 сарын орчим гэрийнхээ гадаа байна нөхөр гэрээсээ хөөчихлөө гэж хэлэхээр нь очиж авсан, хөл гар нь хөхөрсөн цүнхтэй хувцастайгаа байсан. Гэрт нь орсон чинь нөхөр нь бага зэргийн халамцуу архи уусан байдалтай байсан. Тэгээд дахиад зодох гээд байхаар нь аваад явсан. Б.М ажлынхаа хүмүүстэй “Алтай таван богд” явах гэхээр нь нөхөр нь явуулахгүй байсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

4. Гэрч Ө.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Би өөрийнхөө 89008352 дугаарын утаснаас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуудлага өгсөн. Манай хажуу талын айлд хүмүүс орилолдоод, эд зүйл хагарах чимээ гараад, эмэгтэй хүн орилоод, хүүхэд уйлаад байх шиг болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Би тухай айл руу ороогүй, анх удаа тийм дуу чимээ гарсан болохоор цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

5. Насанд хүрээгүй гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр аав, ээж хоёр маргалдаад байхаар нь би болиулах гээд очсон чинь аав хөлөөрөө над руу харахгүй байж байгаад өшиглөсөн. Миний хамар руу нэг удаа өшиглөсөн. Яагаад өшиглөсөн талаар би санахгүй байна. Аав намайг өшиглөж байгаагаа мэдээгүй. Намайг зодно гээд зодоогүй. Аав ээжийг гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Өмнө нь бас зодож байсан, хэдэн удаа зодож байсныг мэдэхгүй....”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8910 дугаартай дүгнэлтэд:

- Б.Мгийн биед тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний баруун урд хэсэг, дээд уруул, цээжний зүүн хажуу дунд хэсэг, баруун бугалаганы гадна, ар хэсэг, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуйн үе, баруун дал, зүүн дал, ар нуруу, баруун ташаа, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяны гадна дунд, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

7. Шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5 дахь өдөр байсан. Би гэрээсээ ажиллаж байсан. Манай эхнэр Б.М 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхдээ хоол хүнс, 0.5 литрийн архи авчирсан, цуг уухаар болсон. Бид хоёр хоолоо маргааш хийж идэхээр болоод надад авчирч өгсөн архийг хувааж уусан. Архиа ууж дуусгаад байж байтал эхнэр дахиж нэмэх үү гээд дэлгүүрээс 4 ширхэг лаазтай пиво авчирч хоёрыг уугаад бид хоёр нэлээд согтоод ухаан санаа орж гараад байж байтал эхнэр надад уурласан юм уу, миний толгой руу цохиод унагаасан. Би унаж босож ирээд бид хоёр маргалдсан. Маргалдаад байж байтал эхнэр хүүхдээ аваад явна гэхээр нь явуулахгүй гээд зууралдаад авсан. Тэр үедээ эхнэрийг түлхэх, цааш болгох зорилгоор гараараа биед нь хүрсэн. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Манай эхнэр архины хамааралтай болоод удаж байгаа. 2021 оны 01 сараас архи ууж эхэлсэн. Би эхлээд тоохгүй байсан сүүл рүүгээ донтож эхэлсэн. Би олон удаа архи уухгүй байх талаар сануулж шаардлага хэлсэн. Нэг удаа архи уугаад болохгүй байсан болохоор нь цагдаа дуудаж найз руу нь залгасан. Тэгээд найз нь ирж авч байсан. Дараа нь нэг удаа архи уусан байхад найзыг нь дуудаж өгч явуулсан. Маргааш нь найзынхаа гэрт хоноод ирсэн. Гол нь эхнэр архины хамааралтай болж үүнээс хэрүүл маргаан үүсдэг. Эхнэрийн биед үүссэн гэмтлийг би ноцолдож, зодолдож байх үедээ учруулсан. Эхнэр архи авчирч уугаагүй бол хэрүүл маргаан болохгүй байсан. Гэмтэл учруулсан асуудал дээрээ маргаан байхгүй. Бид хоёр гэр бүлээ батлуулаагүй, 9 жил хамт амьдарч байгаа, дундаасаа 7 настай хүүхэдтэй. Би 379.000 төгрөгийн хохирол барагдуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-107 дахь тал),

- 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Би хүүхдээ санаатай цохиогүй. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхнэртэй маргалдаж байхад хүү дундуур орж ирээд санамсаргүй цохиулсан байсныг сүүлд мэдсэн. Түүнээс хүүхдийн хамар цохисон байсан талаар мэдээгүй байсан. Надад хүүхдээ санаатай цохих шалтгаан байхгүй. Эхнэр бид хоёрыг маргалдсан зууралдсан байхад дундуур орсон байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал),

8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 55-69 дэх тал),

9. Хохирогч Б.Мгоос мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт ирүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн 8.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 71 дэх тал), 2021 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “Мед траума” Цээж, толгойн дүрс оношилгооны зургийн төлбөрт төлсөн 160.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 72 дахь тал), Сэтгэл судлалын хүрээлэнгийн Цогц оношилгооны 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 178.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 81 дэх тал), Монос эмийн сангаас авсан эмийн төлбөр 33.400 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 81 дэх тал),

10. Шүүгдэгч Д.Гийн Голомт банкин дахь эзэмшлийн 201.14665 тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 379.000 төгрөгийг Б.Мгийн Голомт банканд эзэмшдэг . тоот данс руу шилжүүлсэн тухай баримт (хавтаст хэргийн 92 дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал),  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 120 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 118 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 132 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Г нь эхнэр Б.Мтой 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх байх тул шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч нь 22.379.400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч 379.000 төгрөг төлсөн байна,  22.000.400 төгрөгийг төлөөгүй байна. 2.000.000 сая төгрөг өмгөөллийн хөлс, 20.000.000 төгрөгийг сэтгэл санааны төлбөрт нэхэмжилсэн. Засгийн газрын тогтоолд төлбөрийн чадваргүй тохиолдолд өмгөөлөгчийн хөлсгийг гаргуулахаар заасан. Сэтгэл санааны хохирлын тухайд удаа дараа тарчлаан, зовоосон нөхцөл байдал харагдахгүй байгаа тул сэтгэл санааны хохирол төлөх үндэслэл байхгүй байна. 22.000.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох саналтай байна. Иймд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Болгоомжгүй үйлдлийн улмаас хүү Гарьдын биед гэмтэл учирсан, тийм учраас хүүхдэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна..” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа шүүх хуралдаанд хэлсэн санал, дүгнэлтдээ “Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдож байна. Хохирогчийн хувьд зодуулж, эмчилгээ хийлгэсэн. Өмгөөлөгч, сэтгэл санаагаар хохирсон гэж байна. Сэтгэл санааны хувьд маш тогтворгүй болсон. Шүүгдэгчийн хувьд анх удаа зодсон асуудал биш, хамт амьдрах хугацаандаа 2-3 удаа ийм үйлдэл гаргаж байсан. Энэ нь гэрч А болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хүү Гарьдын биед нь хөнгөн хохирол учирсан боловч Гарьд аав намайг хараагүй өшиглөсөн гэж мэдүүлсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 379.400 төгрөгийг шууд хохиролд  гэж нэхэмжилсэн. Бусад хохирлыг шууд бус хохирол гэж нэхэмжилсэн. Д.Гийн үйлдлийн улмаас хохирогч 8-9 жил сэтгэл санааны дарамттай амьдарсан, энэ хугацааны сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн. Гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдэж өгнө үү. Гарьдын тухайд 18 насанд хүрээд мэс засал хийлгэх шаардлагатай тул Б.М болон Гарьдын хувьд хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү..” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов хэлсэн санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч  хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байгаа учраас сайн дураараа 379.000 төгрөгийг төлсөн, ч үлдэх 400 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Эмэгтэй хүн архи уугаад хоорондоо эвтэй амьдарна гэдэг зүйл байхгүй. Энэ хүмүүс архи уусны улмаас ийм зүйл болсон. Хохирогч өмгөөлөгчийн зардал нэхэмжилж байгаа, үүнийг төлөөгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт Б.М өмгөөлөгчдөө төлнө гэж байгаа болохоос Д.Г төлнө гэж байхгүй. Хохирогч өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг. Мөн Засгийн газрын тогтоолд заасан бага насны хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг гаргана гэж заасан, уг зардал нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш юм. Мөн сэтгэл санааны хувьд хохирсон гэж 22.000.000 төгрөг нэхэмжилсэн ба, ямар дүгнэлтэд үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, юунаас гарч ирсэн тоо гэдгийг нотолж чадаагүй, нотолсон байвал шүүх хангана. Тиймээс хэрэгсэхгүй болгох саналтай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын . дүгээр байрны 1 дүгээр орцны . тоот гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ эхнэр Б.Мтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн  маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний баруун урд хэсэг, дээд уруул, цээжний зүүн хажуу дунд хэсэг, баруун бугалганы гадна, ар хэсэг, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуйн үе, баруун дал, зүүн дал, ар нуруу, баруун ташаа, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяны гадна дунд, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нь:

 

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

 -Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...Нөхөр Д.Г 2021 оны 09 дүгээр сарын 17-ны орой гэрт байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар ...уулгахгүй гэхэд дахин архи ууна гэдэг шалтгаанаар агсан тавьж архи ууж байх үедээ намайг зодож гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хоолой боож гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 13-15 дахь тал) болон 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

 -Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн ”...2021 оны 01 сард над руу шөнө 12 цагт залгаад нөхөр намайг зодсон, ирээд аваач гэхээр нь гэрийнх нь ойролцоо очиж авсан. Тэр үед гар хөл нь хөхөрсөн хүзүү хэсэг нь улайсан байсан. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 -Гэрч Ө.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “...Би өөрийнхөө 89008352 дугаарын утаснаас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуудлага өгсөн. Манай хажуу ...айлд хүмүүс орилолдоод, эд зүйл хагарах чимээ гараад, эмэгтэй хүн орилоод, хүүхэд уйлаад байх шиг болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 -Насанд хүрээгүй гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...Аав ээжийг гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8910 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

 -Шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-107 дахь тал),

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 55-69 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг болон бусад баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тогтоогдсон үйл баримт болон нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Г хохирогч Б.Мгийн биед халдсан, улмаар хөнгөн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх ба мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Д.Г хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний нэг шинж нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх шинжээр тодорхойлогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томъёо, ойлголтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч Д.Г, хохирогч Б.М нар гэрлэлтээ батлуулаагүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч, хохирогч нар нийлж архидан согтуурсан нь хэрүүл маргаан үүсэх шалтгаан болж гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн байна.  

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г нь хүү Г.Г эрүүл мэндэд гэмтэл учруулсан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой талаар дүгнэсэн. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

- 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Д.Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардлын 379.400 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг болон сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтуудыг судалж, хянаад:

1/Хохирогч Д.Б.М эмчилгээний зардалд 379.000 төгрөгийг нэхэмжилж баримтыг ирүүлсэн байх тул (хавтаст хэргийн 71, 72, 81 дэх тал) уг зардлыг гаргуулах үндэстэй гэж үзсэн. Шүүгдэгч нь 379.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

2/ Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн хүрээнд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тусгайлан заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан. Тодруулбал эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй, бага насны хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг зардалд тооцох ба, бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3/ Шүүх хуралдаанд хохирогч Б.Мгоос сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилсэн ба сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, эрх зүйн зохицуулалтгүй тул 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир шүүгдэгч энэ тогтоолоор хохирогч Б.Мд төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн;  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдовоос “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бодит хохирлыг сайн дураараа төлсөн, гэмт хэрэг зөвхөн Д.Гийн үйлдлээс шалтгаалж гараагүй. Шүүгдэгч өр авлага барагдуулах хэлтэст ажилладаг, хүү Гарьд сургалтын төлбөрийг төлдөг зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа улсын яллагчийн хэлсэн ялын саналыг дэмжиж байгааг илэрхийлсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий болон мөн хуулийн тусгай ангид заасан хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ ялын төрөл хэмжээний дотор гэмт хэргийн шинж чанар, үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзаж хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

              Шүүгдэгч Д.Г нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгч нь эрхэлсэн тогтмол ажилтай, цалин хөлс, орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

              Шүүгдэгч торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч . Д.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар . Д.Гийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч Д.Гэд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Мгийн өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

              8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ДОРЖСҮРЭН