Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2329

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/02329

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  хороо, тоотод оршин суух, Б овогт Ч.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг,  хороо,  хороолол, байрны тоотод оршин суух Б овогт Х.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэннадмид, хариуцагч Х.Б, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2001 онд С.Б-тай танилцаж, 2002 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Т төрсөн.

Нөхөр Баянхангайгийн гэр бүлийн тогтворгүй харьцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн.

Тэр үеэс хойш хүү миний асрамжинд байгаа. Одоо нөхөр маань эхнэр хүүхэдтэй, тусдаа амьдралтай учраас гэрлэлтийг цуцалж, хүүг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг болон 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б бид 2 найзууд. Хүний амьдрал болохоор 3 сарын хугацаатай БНСУ яваад, хүүгээ түр манайд үлдээсэн. Энэ хоёр тусдаа амьдраад удаж байна. Нэхэмжлэлийн шардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б-ын шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Х.Т бол миний том хүү. Би хүүгээ тэтгэлгээр зогсохгүй цаашид их сургуульд сурах төлбөр, орон байрны асуудалд туслаж дэмжинэ. Компаниа хөл дээр нь зогсоох гээд ажиллаж байна. Бидний харьцаа удаан хугацаагаар хөдөө ажилладаг байснаас үүдэлтэй гэж боддог. 2.000.000 төгрөгийг тухайд хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан бичиг үйлдэж өгсөн. 2017 оны 12 сараас өмнө хуваагаад төлж өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Х.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Х.Б нар 2002 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Т төрсөн болох нь Г-1218 дугаарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж мөн охин төрсөн цагаасаа хойш эхтэйгээ хамт амьдардаг болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэснээр хуулинд харшлахгүй байх тул хүү Б.Тг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулан, охин Б.Т төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Х.Б-гаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Т-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.150 төгрөг, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд  

 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 50528 төгрөг, нийт 168.150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Х-ын Б, Б овогт Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Тг эх Ч.Б-ын асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Тг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Х.Бг-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Бадамхандад даалгасугай.

5.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Х.Бгаасгаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

8.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгтдаалгасугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 168.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА