Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,  

Улсын яллагч Р.Очирсүрэн,       

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн 210 801 449 0572 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймаг Баян-Адрага суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн станцын оператор мэргэжилтэй, Шинэ дэлхий ХХК-нд морины уяач ажилтай, ам бүл *, эх, * ахын хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Уяачдын * дүгээр гудамж ** тоотод оршин суух хаягтай урьд : 2020 оны 01 дүгээр 23-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Э.Б /РД: СB******/.  

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч Э.Б **** оны ** дугаар сарын **-ны шөнө ** цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн * дүгээр гудамж *а тоот хашаанд байрлах байшинд Э.Б “эхнэр чинь ямар хоол хийсэн юм бэ гэж хэллээ” хэмээн түүний цээжин тус газар хөлөөрөө өшиглөж газар унаган, толгой, нуруу руу өшиглөж, дэвсэж зодон эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                       

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Э.Б нь *** оны ** дугаар сарын **ны шөнө ** цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн * дүгээр гудамж ** тоот хашаанд байрлах байшинд өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Э.Б хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                  

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл:...иргэн Э.Б-с ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Боогий гэх найзынхаа гэрт зодуулсан тухай /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- хохирогч Э.Б...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр найз Болорбаярын ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилга дээр ирсэн. Тухайн үед Болорбаяр, Баяр-Эрдэнэ түүний найз охин нь хоол хийгээд сууж байсан. Би гаднаас 1 шил архи авч ороод бид гурав архи хувааж уусан. Бид нар архиа хувааж ууж дуусаад...Баяр-Эрдэнэ гурван том пивотой орж ирээд задлаад ууцгаасан...Тэр үед Баяр-Эрдэнийн найз охин нь бид нарт хоол хийж өгсөн...би тоглоомоор Баяр-Эрдэнэд хандаж эхнэр чинь ямархуу хоол хийсэн юм бэ гэж хэлэхэд уурлаад цээжний хэсэг рүү өшиглөхөд би газар унасан ба дээрээс Баяр-Эрдэнэ толгой, нуруу руу өшиглөөд дэвсээд цохиод байсан. Удалгүй Баяр-Эрдэнэ...гэрээс гараад явахаар нь ардаас нь гадаа гарахад Баяр-Эрдэнэ гадаа зогсож байгаад дахин толгой нүүр цээж, гэдэс нуруу руу өшиглөөд цохио  найз охиныхоо машинтай хөдлөөд зугтаагаад явсан. Яг тэр машиных нь дугаарыг харж чадаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт : Э.Баярхүүгийн биед зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ХӨНГӨН зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

- гэрч И.Б...2021 оны 7 дугаар сарын эхээр хэдний өдөр байсныг санахгүй байна. Баяр-Эрдэнэ бид хоёр ажлаасаа тараад гэртээ ирэхэд Баярхүү нэлээн халамцуу, архитай ирсэн...Тэгээд бид нар 1 жил гаруй хугацаанд уулзаагүй байсан учраас тухайн архийг ууцгаасан. Тэгээд Баяр-Эрдэнэ дэлгүүрээс дахин 2 ширхэг пиво авчраад эхний пиво бид гурав хувааж ууцгаасан...Баярхүү заавал архи нэмж ууна гээд...хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаж эхэлсэн. Тэгээд эдгээр хүмүүс нь гэрийн баруун орон дээр бие биеэ заамдаж, давхралдаж унацгаасан. Тэгээд гаднаас Бүжинтуяа орж ирээд Баяр-Эрдэнийг аваад гарахад ардаас Баярхүү дагаад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрээс гарахад Баярхүү гэрийн ард суучихсан, толгой нь хагарч цус гарч байсан, Э.Баярхүүг Баяр-Эрдэнэ зодсон байх...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,   

- шүүгдэгч Э.Б...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна,үйлдсэн хэрэг, гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй. Тухайн үед би Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 1 дүгээр гудамж 4а тоот хашаанд баригдаж байсан барилга дээр байрлаж ажиллаж байсан. 2021 оны 7 дугаар сарын 02-ны орой ажлаа хийж дуусаад амралтын гэртээ байхад гаднаас Б гэх хамт ажилладаг ах орж ирсэн, 1 шил бүтэн архи авч орж ирсэн. Тэр үед манай найз охин Б хоол хийж өгөөд бид нар хоол идээд архи уусан...1 шил архи хувааж ууж дуусгаад, тал шил архийг Б ах аягал гэхээр нь хүний ууж байсан архи дэмий гэж хэлэн...Гэтэл Б ах чи муу шоронгийн хадаас, томроод байх шаардлага байхгүй шүү гэж хэлээд намайг доромжлоод, нүүр лүү шүлсээ хаяхаар нь та яаж байна гэж хэлэхэд Б ах над руу дайраад босоод ирэхээр нь би босч хоолойг нь боогоод хойшоо түлхэх үед Б ах гэрийн хананы үдээр  толгойн орой хэсгээр мөргөж газар унасан. Тэр үед нь миний уур хүрээд дахин Б ахыг заамдаж босгож ирээд зүүн талын шанааны хэсэгт 2, 3 удаа цохисон. Гэрээс гарахад 23 цаг өнгөрч, Б бид хоёр явах гэж байхад Б ах ардаас гарч ирэхээр нь түлхэж унагаагаад машинд суугаад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-125-126/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан. 

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн улмаар тэдний хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаа үүссэнтэй холбоотойг байгааг тэмдэглэх нь зүйтэй.            

Иймд шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :        

Гэмт хэргийн улмаас хохирогчид 138.000 төгрөгийн хохирол учирсан /хх-42/, шүүгдэгч нь 140.000 төгрөгийг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт 

 

Шүүгдэгч нь урьд 2020 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-71, 74-78, 80/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уяач ажилтай гэх, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-46-48, 50-51, 54-70, 101-112, 125, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, бүтүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  

учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.              

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР