| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0163/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/195 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
2022 02 25 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2022/0163/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгч Ц.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 2209001940274 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, компьютерын техник хангамж сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ц.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах авто засварын газарт хохирогч П.Буяннэмэхтэй “худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүнийг эвдэрхий гэж хэллээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирогч намайг хэл амаар доромжлоод байхаар нь цохисон. Хохирлоо төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч П.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15-аас 16 цагийн үед өмнө нь утсаар ярьж байгаад хайж байгаа сэлбэг маань байгаа гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн салдаг уулзварын зүүн урд талын Приус засварын газар очсон. Тэгээд очоод машины лонжромыг нь үзсэн чинь ямбийсан эвдэрхий юм үзүүлэхээр нь би холоос ирж байхад ийм юм хүнд зараад байхдаа яадаг юм гэсэн чинь тэр залуу намайг пизда минь энийг лонж гэхгүй юуг лонж гэх юм гэж хэлээд шууд барьж аваад миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь зууралдаад байж байсан чинь дотроос нь нэг залуу гарч ирээд намайг бариад авсан чинь нөгөө залуу намайг үсдээд бариад дээрээс 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дэх тал)
Гэрч Б.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Буяннэмэх бид хоёр машины сэлбэг авах гээд тоосгоны үйлдвэрийн тийшээ очсон. Тэгээд Буяннэмэх граш луу нь ороод би машинд үлдсэн. Тэгээд гарч ирээд сэлбэг авах гэж байгаа машин дээрээ очоод муудалцаад байсан. Тэгж байгаад хамт гарч ирсэн залуу нь Буяннэмэхийн хацар руу 2-3 удаа цохисон. Тэгээд зууралдаад байж байсан чинь грашаас өөр нэг залуу гарч ирээд Буяннэмэхийг барьж байхад өмнө нь цуг гарч ирсэн залуу нь Буяннэмэхийг цохиод үсдээд газар унагаахаар нь би гарч болиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28 дахь тал)
Гэрч Д.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ц.О бид хоёр грашид юм хийж байхад гаднаас нэг залуу орж ирээд лонж үзье гэхээр нь Ц.О гадаа байгаа гэсэн чинь тэр залуу лонж гэж ийм юм байдаг юм уу гэж ууртай хэлсэн. Тэгээд Ц.О тэр залуутай хамт лонж үзэхээр гараад явсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа гараад очиход тэр залуу Ц.О-г унагаачихсан байж байхаар нь би дундуур орж салгаад буцаж орсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1309 дугаартай: “...П.Буяннэмэхийн биед тархи доргилт, баруун завжинд шарх, зүүн чихний дээд хэсэг, хүзүүний урд доод зүүн хэсэг, баруун эгэмний дотор хэсэгт цус хуралт” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-39 дахь тал)
Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...машины сэлбэг авах гэж ирээд гэмтэлтэй сэлбэг байна гээд маргаж... заамдалцаж аваад эрүү рүү нь түлхэж, шахаж цохисон... учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ц.О-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц.О нь 2022.01.04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Приус авто засварын газарт хохирогч Пүрэвдаваагийн Буяннэмэхтэй “худалдан борлуулах авто машины эд ангийг нь эвдэрхий байна гэж хэллээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун завжинд шарх, зүүн чихний дээд хэсэг, хүзүүний урд доод зүүн хэсэг, баруун эгэмний дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ц.О нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.О-н хувьд үл ялих зүйлээр шалтаглан бусадтай зүй бус харьцсан, уур омгоо дарж сураагүй балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Буяннэмэхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч П.Буяннэмэх нь хавтаст хэргийн 72 дугаар талд “2022.01.28-ны өдөр хохирлыг маань барагдуулсан учир гомдол санал байхгүй...” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.О-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулж, одоогоор бусдад төлөх төлбөргүй боловч хохирогч П.Буяннэмэхийн тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ц.О-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Ц.О-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.О нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.О нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч П. Буяннэмэх нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ц.О-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР