Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0002 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/498

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, 

Улсын яллагч У.Анхжаргал,

Хохирогч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

Шүүгдэгч Ш.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.З холбогдох 220 800 556 0382 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл *, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Баянгол дүүргийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ш. З /регистрийн дугаар: ЧP******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.З нь согтуурсан үедээ ** оны ** дүгээр сарын **-ний шөнө *** цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Баянгол ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.Ө хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгаар цээжин хэсэгт нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ш.З нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 05-06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Баянгол ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.Ө хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгаар цээжин хэсэгт нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :              

- гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн...иргэн Б.Ө нь ** настай цээжиндээ хутгалуулсан байдалтай, ***-аар ирж хэвтлээ гэх...тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

- дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

- хэргийн газар үзлэг хийсэн....хэргийн газрын цус мэт бохирлогдсон бор өнгийн иштэй хутгыг хураан авсан болно...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-15 дахь тал/, 

- хохирогч Б.Ө...2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр нэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр яваад шөнө нь буюу үүрээр 03-04 цагийн үед найзаараа гэртээ хүргүүлээд гэртээ орохгүй өөрийн танил З гэх ах руу залгаад надад нэг шил архи байна, би танайд яваад очих уу гээд З ахын гэрт очсон. Намайг очиход З ах гэртээ ганцаараа нэлээн их хэмжээний согтолттой байсан бөгөөд 0.75 граммын Хараа нэртэй нэг шил архийг хувааж ууж дуусгасан...Бид хоёр хоорондоо юм ярилцаж байгаад З ах би тэтгэвэртээ гарч байгаа, миний тэтгэвэр их багаар тогтсон....гэхээр нь би та өөрөө сайн хөөцөлдөхгүй яасан юм...гэхэд чамд ер нь ямар хамаатай юм гээд тэрнээс болж хоорондоо муудалцаад 5-10 минут ноцолдсон. Тэр үед ширээн дээр байсан хиам талх зүсэж байсан хутгаар миний цээжний урд хэсэг рүү хатгасан бөгөөд би тухайн үедээ гэмтсэнийг анзаараагүй, цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн бөгөөд тэгэхэд миний цээжээр хөндүүр оргиод, нойт оргиод байсан учир цамцаа тайлж үзэхэд миний цээжний урд хэсэгт 1 удаа зүсэгдсэн шарх байсан учир түргэн тусламжаар ГССҮТ-рүү очиж хэвтэн эмчлүүлээд 4 хоноод гарсан. Намайг З гэх хүн өөрийнхөө гэрт байсан том хутгаар цээжний урд хэсэг рүү 1 удаа хутгалж гэмтээсэн байсныг би сүүлд нь мэдсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- гэрч Ш.Г...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр Ө бид хоёр нэг найзынхаа төрсөн өдөр дээр очсон. Шөнө гэртээ ирэнгүүтээ манай нөхөр гэрт байсан 1 шил архийг аваад З ахын гэрт очиж хоночхоод ирье гээд явсан...Тэгсэн өглөө 07 цагийн орчимд З ах над руу залгаад нөхрийг чинь эрүүлжүүлэх дуудаад өгчихлөө гэж байсан. Өдөр 17 цагийн орчим 103-аас залгахдаа танай нөхөр цээжиндээ шархтай байна, гэмтлийн эмнэлэг дээр ирээрэй гэсэн. Манай нөхөр цээжиндээ шарх авч, 5 оёдол тавиулж эмчлүүлсэн. З ах бид хоёр нэг юмнаас болж маргалдаад миний цээж рүү хутгалчихсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт.... Б.Ө биед цээжний хөндий өмнөд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

- Б.Ө өвчний түүх /хавтаст хэргийн 80-85, 87-92 дахь тал/,

- шүүгдэгч Ш.З...2022 оны 01 дүгээр 08-ны өдөр гэртээ ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглээд унтчихсан байсан ба сэрж босоод эрүүл байдалтай байж байхад 2022 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 02-03 цагийн үед гэж санаж байна, Ө над руу залгаад...З ахаа би танайд очлоо шүү ... гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд байж байтал эхнэр Г над руу залгаад Ө танайх руу явлаа гээд явчихлаа шүү гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал Ө гаднаас ганцаараа согтуу байдалтай 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн, бид 2 архийг нь хувааж уугаад манай ширээн дээр байсан хоол цай идэж уугаад архийг нь дөнгөж талд нь оруулж байгаад би...миний тэтгэвэр маш бага тэтгэвэр тогтож байна гэж хэлэхэд яасан сонин юм, яахаараа ингэж бага тогтдог юм гээд миний тэтгэврийн дэвтрийг үзээд 13.6 жил байна ш дээ гэхээр нь үгүй ээ 28 жил байгааг ингэж бичиж орууллаа гэхэд юу гээд эргүүтээд байгаа өвгөн бэ гээд маргалдаад гэнэт босож ирээд ширээ хөмрөөд ширээн дээр байсан юм нураагаад намайг дараад авчихсан, тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй, нэг мэдэхэд чи надад агсам тавилаа гээд би цагдаа дуудаж Ө өгч явуулсан. Би Ө хутгалах нь хутгалсан...Бид 2 маргалдаад Өлзийбаярыг агсам тавиад байхаар нь биеэр дийлэхгүй гэж бодоод л хутга авсан байх гэж бодож байна. Тэр хутга манай гэрийн ахуйн хэрэглээнийх...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :          

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Иймд шүүгдэгч Ш.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :        

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нь нотлох баримтын хангалттай эх сурвалжгүйгээр 4.000.000 төгрөг нэхэмжилсэн байх ба /хх-31/ шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 994.158 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөг нийт 1.994.158 төгрөгийн баримт гаргаж өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ бөгөөд үүнээс хууль ёсны шаардлага хангасан, тус гэмтэлтэй шалтгаан холбоотой эм тариа, оношилгоо шинжилгээнд 850.454 төгрөг, тус хэргийн хохирогч болсонтой шалтгаант холбоотойгоор өөрийн хууль ёсны эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалуулахаар 1.000.000 төгрөг зарцуулсан байх тул нийт 1.850.454 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй, харин хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.З нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт 

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 1 болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-108-111, 112-123, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн улмаар тэдний хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байгааг үгүйсгэх боломжгүй болно.              

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хураагдсан шаргал өнгийн 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу устгуулах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ш.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З-с 1.850.454 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ө олгосугай. 

5. Шүүгдэгч Ш.З цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай. 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР