Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,   

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогч М.Отгонбат,

Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалбаяр,

Шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.У холбогдох 220 300 0000 173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Э овогт Ж.У/РД: ХЙ**********

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын зам, Үндэсний аврах бригадын урд замд Toyota Prius 20 маркийн 68-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “жолоочийн дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно”, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, М.О жолоочтой H.Mighty маркийн 70-17 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.От эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                       

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :   

           

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын зам, Үндэсний аврах бригадын урд замд Toyota Prius 20 маркийн 68-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид  дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, М.О жолоочтой H.Mighty маркийн 70-17 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.O эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь :  

- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2/,

- зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан...Prius 20 маркийн 68-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Жаргалсайхан овогт Уранчимэгийг драйгер багаж ашиглан шалгахад 2.21 хувийн  тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- хохирогч М.От...” 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 10 минутын орчим би “Грийн импекс” ХХК-ны эзэмшлийн H.Mighty маркийн 70-17 УБЕ  улсын дугаартай автомашинтай түгээлтэнд Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойргийн эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замаар баруунаасаа зүүн чиглэлд 40 орчим км\цаг хурдтай явж байтал эсрэг урсгалд T.Prius-20 маркийн саарал өнгийн автомашин зүүн гар тийшээ эргэх гээд нэлээд зайтай дохио өгөөд зогсож байсан, ойролцоогоор 50 орчим метрийн зайд, тэгээд би дөхөөд 1 метр орчимд очиход дээрх автомашин шууд хаазлаад зүүн гар тийшээ дараа миний автомашины зүүн урд хэсэг рүү мөн зүүн урд хэсгээрээ мөргөөд зогссон. Тэр даруй би автомашинаасаа буугаад мөргөсөн автомашин дээр очиход жолооч нь шал согтуу эмэгтэй хүүхэн байсан... Би борлуулагч Эхамт явсан. Ослын улмаас миний автомашины зүүн урд гэрэл дохио, гупер зэрэг зүйлс эвдэрсэн. Ослын улмаас миний баруун гарын бүдүүн нарийн яснууд хугарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- гэрч Д.Э...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд би хамт ажилладаг М.О хамт Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог орох гээд ажлынхаа H.Mighty маркийн 70-17 УБЕ улсын дугаартай автомашинтай, эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замаар баруунаасаа зүүн тийш чиглэлд явж байтал эсрэг урсгалд t.prius-20 маркийн саарал өнгийн автомашин зам дээр зогсож байгаа харагдсан, тэгээд автомашин руу дөхөөд очих үед гэнэт М.О бид хоёрын явж байсан эгнээ рүү хаазлаад ороод ирсэн, энэ үед жолооч М.О баруун тийшээ дараад замын хашлага даваад гарсан боловч нөгөө автомашин зүүн урд хэсгээрээ манай автомашины зүүн урд хэсэг рүү мөргөсөн...согтуу жолооч эмэгтэй ослын газраас явах гээд байхаар нь автомашиных нь түлхүүрийг нь булаан авсан, цагдаад жолооч М.О дуудлага өгсөн. М.О осол болох үед баруун гараа гэмтээсэн...Согтуу жолооч эмэгтэй тухайн үед орчноо мэдрэхгүй, миний автомашиныг хэн ийм болгосон, та 2 надад зам тавьж өгөх байсан, та 2 урсгал сөрсөн гээд байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт...М.О биед баруун шуу, босго ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 45 дахь тал/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны автомашины техникийн үнэлгээний: H.Mighty маркийн 70-17 УБЕ улсын дугаартай автомашинд 1.250.000 төгрөгийн шууд, 1.698.000 төгрөгийн нийт  хохирол учирсан гэх тайлан /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

- мөрдөгчийн магадалгаа... T.Prius 20 маркийн 68-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочийн дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно”, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. H.Mighty маркийн 70-17 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Отгонбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.../хавтаст хэргийн 60 дахь тал/,

- шүүгдэгч Ж.У... Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Орбитын тойргийн хойд талд байх Жаргалант нэртэй пабаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 13 цаг өнгөрч байхад пиво уугаад гарсан. Паб руу ирэхдээ би өөрийн эзэмшлийн Т.Приус 20 маркийн 68-45 УНБ улсын дугаартай автомашинаа унаад Орбитын тойргоос баруун тийш явж байгаад зүүн гар тийшээ буюу урагшаа эргэж замаас гарах гэж байгаад эсрэг урсгалд явсан ачааны автомашинтай зүүн урд хэсгээрээ нөгөө автомашины зүүн урд хэсэг рүү нь мөргөж осол гаргасан...Аавтомашинд учруулсан хохирлыг барагдуулсан, жолоочид 500.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлогдох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.   

2.2. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эс үйлдэхүй ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.   

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгч тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул тус гэмт хэргийн зүйлчлэл зөв, энэ талаар маргаан, эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч Ж.У авто ээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :  

 

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас учирсан 1.698.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-36, 54, 73, шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний нэхэмжлэгчээс борлуулалтын орлого гэх 2.283.900 төгрөгийг нэхэмжлэхээс  татгалзсан /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй.   

Хохирогч М.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтгүйгээр нийт 4.094.500 төгрөгийг нэхэмжилсэн /хх-16/ байна.    

Тус хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт эм тарианы 206.000 төгрөг, мөн өөрөө машин барих боломжгүй тул эмнэлэг, цагдаа болон холбогдох бусад байгууллага руу автомашинаар зорчиход зарцуулсан гэх бензин шатахууны зардлаас давхцсан 19.500 төгрөгийг хасаж тооцсоноор 282.280 төгрөгийн баримтууд гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч нь хохирогч талд  500.000 төгрөг төлсөн /хх-17, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул тус нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн гэж үзнэ.     

Харин хохирогч М.O гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин буюу сарын дундаж цалинг 1.850.000 төгрөгөөр тооцож, мөн ажил руугаа явах, буцаж гэртээ ирэхэд таксины үйлчилгээнээс олох орлогыг өдөрт 20.000 төгрөгөөр тооцож тус тус гаргуулах болон жижиг бизнес эрхэлж олох байсан орлогод хамаарах хохирол нэхэмжилсэн боловч тус хохирогч ажлаасаа хэзээ, ямар хугацаанд цалингүй чөлөө авсан эсэх, эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй байсан хугацааны тэтгэмж авсан эсэх зэрэг тухайн нэхэмжилж буй бүхий л хохиролд холбогдох хууль ёсны ба үндэслэлгүй бүхий нотлох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, харин хохирогчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг бүрэн, хохирогчид учирсан нотлох баримт бүхий 500.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-27-30, 33, 36, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Уранчимэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.У тус хэргийн хохирогч М.О учирсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,  зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн 683034 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ж.У авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  

журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Ж.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.   

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн

2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Уранчимэгт тэнссэн хугацаанд тус хэргийн хохирогч М.О учирсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Ж.У тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.       

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бусад хохирлыг нотлох баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.              

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай. 

7. Тус хэрэгт хураагдсан 683034 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.       

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.        

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР