Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

2022        3          02                                    2022/ШЦТ/210     

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0165/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч Д.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 2109012330075 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Дархан-Уул аймгийн 15 дугаар баг, Мангирт 5 дугаар хэсэг, 13-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт          02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлж, тухайн үед насанд хүрээгүй байсан тул шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 02 жилийн хорих ялаар шийтгэж, урьд шийтгэх тогтоолоор хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар хорих ялыг нэмж нэптэн, нийт 02 жил 02 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1787 дугаартай тогтоолоор "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 6 сар 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан Хүчиндэх гэмт хэрэгт 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр шүүгчийн захирамжаар "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаас 02 жилийг өршөөн хасч, үлдсэн 01 жил 2 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, долоон буудлын орчим хохирогч П.Идэрбаттай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Идэрбатыг 2 удаа цохисон нь үнэн. Гэвч ийм олон шарх үүсэх хэмжээний цохиогүй. Би зөвхөн баруун хөмсгөнд нь цохисон. Энэ хэрэг дээр хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг авхуулмаар байна. Идэрбат намайг маш их доромжилсон. Идэрбат байнга архи ууж, энд тэнд унаж тусаж явдаг.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч П.Идэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр би Сүхбаатар дүүргийн 14-р хороо 7-н буудал дээр явж байсан юм. Миний танил хүн таараад бид хоёр нэг шил архи хувааж уугаад нэлээд халамцуу явж байхад 7-н буудал дээр нохойны хоол зардаг байсан Цоомоо гэх хүний хамтран амьдрагч Д.Г таараад бид хоёр жаахан маргалдсан юм. Гэтэл намайг цохьчихоод яваад өгсөн надаас уучлалт гуйх болов уу гэж бодсон чинь уучлалт гуйгаагүй. Ингээд би цагдаад хандсан юм... Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, энэ гэмтлийг тухайн үед Д.Г бид хоёр маргалдаад Д.Г намайг зодсоноос болоод учирсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 8438 дугаартай: “...П.Идэрбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, баруун хөмсөгт шарх, зүүн сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал)

Яллагдагч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр би 7-н буудал дээр авлагатай хүнээсээ мөнгө авах гэж явж байгаад Идэрбаттай таараад маргалдаж намайг гудамж руу чирж ороод зодох гэхээр нь би буцаагаад цохичихсон юм тийм л зүйл болсон. ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

Хохирогч П.Идэрбатын гаргасан: “...миний бие гомдолгүй, саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэх хүсэлт (хавтаст хэргийн 87 дахь тал)

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.02.10-ны №01/285 дугаартай: “...ялтан Д.Г 368 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг хэрэгжүүлээгүй байгаа болно.” гэх албан тоот зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Д.Г нь согтуугаар 2021.09.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын орчим хохирогч Пунцагын Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г нь “би Идэрбатыг 2 удаа цохисон, хөмсгөн дээр нь цохисон нь үнэн боловч шинжээчийн дүгнэлт дээр гарсан шиг тийм олон шарх биед нь үүсгээгүй. Идэрбат өөрөө архи их уудаг, байнга л унаж тусаж явдаг хүн байгаа юм. Би гэрчийн мэдүүлэг авхуулмаар байна” гэж мэдүүлсэн бөгөөд гэрчийн нэрийг зааж хэлээгүй, мөн хэрэг гарсан цаг хугацаанд хэргийн газарт шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй, хохирогч П.Идэрбат өөрийг нь               Д.Г зодсон гэдгийг анхнаасаа шууд заан мэдүүлдэг, мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Идэрбатын биед үүссэн гэмтэл, шарх нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх  ШШҮХ-ийн шинжээчийн 8438 дугаартай:дүгнэлт зэргээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Г-н хувьд согтуурсан үедээ бусдын эрх чөлөөнд халдан үг сөргөсөн байдлаас шалтаглан хохирогчийг шууд зодож байгаа дээрэнгүй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч П.Идэрбат нь хавтаст хэргийн 87 дугаар талд “...би өөрөөс гарсан    138 000 төгрөгийг Д.Г бид хоёр яриад тохирчихсон. Миний бие гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан боловч тэрбээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бие махбоди, эрүүл мэндээрээ хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгч учир цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй тул энэ эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №01/285 дугаартай албан бичиг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Д.Г нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №274 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмын үүднээс шүүгдэгчид ял завших нөхцлийг олголгүй уг ялыг эдлүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн           1 дэх хэсэгт заасан Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэхээр тогтов.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Г-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 368 /гурван зуун жаран найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 718 /долоон зуун арван найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь түүнд оногдуулсан 718 /долоон зуун арван найм/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.   

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч П.Идэрбат нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Д.Г-с нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР