Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 331

 

М.Д, Б.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Чинзориг,

          яллагдагч М.Д-н өмгөөлөгч Ц.Амар,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 511 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр М.Д, Б.А нарт холбогдох 1808 02217 0807 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц овгийн М-н Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......-ийн ...................-н дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ............ дүүргийн .. дугаар хороо, .......... дүгээр байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

2. Б овгийн Б-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .............. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, .......... Их сургуулийн ахлагчийн сургуулийн ........... дамжааны сонсогч, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт ............... дүүргийн .. дугаар хороо, “........” хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

М.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Улаанчулуутын хогийн цэг дээр иргэн Б.Н-г өөрийн эхнэр С-тай бэлгийн харьцаанд орсон гэж шалтаглан, түүнд шээс уулгах, гутлын ул долоолгох зэргээр тохуурхан даажигнаж, улмаар зодож хөнгөн хохирол учруулсан,

мөн Б.А-тай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Замын цагдаагийн хэлтсийн гадаа зогсоол дээрээс Б.Н-г хүч хэрэглэн, эрхшээлдээ оруулан авч явсан,

Б.А нь М.Д-тай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Замын цагдаагийн хэлтсийн гадаа зогсоол дээрээс Б.Н-г хүч хэрэглэн, эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 2 дугаар сарын 31-ний өдөр “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай тогтоол үйлдсэн атлаа уг тогтоолыг яллагдагч М.Д-д танилцуулахыг мөрдөгчид даалгаагүй, мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэж хуулиар хамгаалсан яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд яллагдагч ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдэх эрх нь зөрчигдсөнөөр прокуророос тогтоосон буюу яллагдагчийг яллаж буй хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар болон хэргийн талаар нэмж мэдүүлэх, хэрэгт ач холбогдолтой баримт сэлт гарган өгөх, эсхүл нотлох баримт шалгуулах талаар хүсэлт гаргах зэргээр өөрийгөө хамгаалах бодит боломж нь хязгаарлагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор ... яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” хэмээн хуульчилсны үндсэн үзэл санаа нь дээр дурдсан яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг бодитойгоор хангуулах зорилготой бөгөөд прокурорт үүрэг болгосон энэ зохицуулалт нь яллагдагч тогтоолыг уншиж танилцахгүйгээр, түүнчлэн танилцуулах бодитой ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдэхгүйгээр “танилцсан” гэж бичсэнээр хэрэгжих хэлбэрийн заалт биш юм.

Шүүхийн хэлэлцүүлгээс үзвэл, прокурор яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулах үедээ байгууллагынхаа харуулын постод байлгаж байгаад тогтоол дээр "танилцсан” гэж бичүүлсэн болох нь харагдаж байна. Прокурор нь хүнийг ямар хэрэгт яллаж байгааг ийм аргаар танилцуулах нь хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлгүй хандсан хэрэг болно.

Иймд яллагдагч М.Д, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Д-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 511 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хүлээн аваад яллагдагч М.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцуулахдаа тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид тайлбарлан өгч, яллагдагч өөрөө тогтоолтой танилцан тэмдэглэл үйлдсэн байдаг. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч нь нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцсан тухай хуралдааны үед мэдүүлсэн болно. Яллагдагч М.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг зөвтгөж журамлан, өөрчлөлт оруулсан болно. Мөн яллагдагчид тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж заагаад ноцтой зөрчлийг хуульчилсан байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөрдөгч бус прокурор танилцуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймээс шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хийгдэх ажиллагаа байхгүй, яллагдагчийн эрхийг хязгаарлаагүй тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 511 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

   Яллагдагч М.Д-н өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Д нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд М.Д, Б.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заажээ.

            Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон үүрэг оролцоог харгалзан, ялыг ялгамжтай оногдуулах зохицуулалт нь оногдуулах ялыг хүндрүүлж авч үзэх нөхцөл болж байх тул бүлэглэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг удирдлага болгон ял сонсгосон тохиолдолд энэ талаар заавал мэдүүлэг авах шаардлагатайг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг шуурхай, бүрэн хянан шийдвэрлэх зорилтын үүднээс магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас М.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М.Д нь хохирогч Б.Н-г өөрийнх нь эхнэр Г.С-тай бэлгийн харьцаанд орсон гэсэн шалтгааны улмаас түүнийг хүч хэрэглэн айлгах зорилгоор хүчээр авч явсан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байж болох нөхцөл байдал байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй.  

Гэтэл М.Д, Б.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн эсэх нь эргэлзээ бүхий байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч М.Д, Б.А нар нь хохирогч Б.Н-г авч явсан нь хүн хулгайлах гэмт хэргийн зорилготой байсан эсэх, эсхүл хохирогчийг тодорхой шалтгааны улмаас, тодруулбал өс хонзон, хардалтын улмаас айлгах зорилгоор хүч хэрэглэн авч явсан эсэхийг ялган дүгнэж, хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийн үйл баримтад тулгуурлан зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй.  

Иймд прокурор Б.Чинзоригийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.