Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0665

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0665

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Н ХХК 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл /картель/ байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэхгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг журмын 4-р зүйлд заасан мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг гаргаж, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй А ХК, М ХХК-ийг нар нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцлийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан нь хууль зөрчсөн байгаа тухай Н ХХК-иас албан бичгээр, нотлох баримтын хуулбарын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2019 оны 01 дүгээр сард хүргүүлсэн. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийн хэрэг нээж шалгасан. Ингээд зөрчил үйлдсэн нь тогтоогдож А ХК-ийг 113 196 980 /нэг зуун арван гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун ная/ төгрөгөөр, М-ийг 13 265 110 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга нэг зуун арав/ төгрөгөөр тус тус торгосон. Уг шийтгэлийг дээрх хоёр компани эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0706 тоот шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 81 тоот магадлал, 2020 оны 3 дугаар сарын 27-ны Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 103 тоот тогтоол тус тус гарч зөрчил үйлдсэнийг тогтоож өнөөдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод байна. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4. Энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаарх бодит мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн этгээдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж заасан байна. Үүнээс үзэхэд манай компани нийт торгуулийн мөнгөн дүнгийн 5 /тав/ хувь болох 6 323 104 /зургаан сая гурван зуун хорин гурван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг урамшуулалд авахаар байна. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргаж, 4.3-т заасны дагуу Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ёстой. Хууль болон журамд заасны дагуу мөнгөн урамшуулал авах хүсэлтээ Н ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 20/70 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01/1103 тоот албан бичгээр уг урамшууллыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Төрийн захиргааны байгууллагын уг эс үйлдэхүй нь манай хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байх тул уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, мэдээлэл ирүүлэгчид олгох мөнгөн урамшууллаа зохих ёсоор авах үндэслэлтэй юм. Иймд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэхгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг журмын 4 дүгээр зүйлд заасан Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг гаргаж, Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.А нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан ******* ХХК-иас Гэрээг шалгуулах тухай гэх гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн. Гомдолд А ХК болон М ХХК-иуд Хамтран ажиллах гэрээг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ байгуулж, зах зээлийг хоорондоо үгсэн хуйвалдах замаар хуваарилсан. Энэ гэрээгээрээ дээрх 2 компани нь нийт зах зээлийг 60:40 харьцаагаар буюу М ХХК нь 60 хувийг, А ХК нь 40 хувийг хангахаар хуваарилж Н ХХК-ийг зах зээлээс хавчин гаргаж, Өрсөлдөөний хуулийг зөрчлөө. Иймд уг асуудлыг нэн даруй шалгаж, хуулийн дагуу арга хэмжээг авч өгнө үү гэх гомдлыг гэрээний хуулбарын хамт ирүүлсэн боловч гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг.

Н ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19/12 тоот дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдолд зөрчлийг нотлох баримт хангалтгүй байсан тул Нийслэлийн прокурорын газарт зөрчлийн хэрэг нээж нотлох баримт бүрдүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2 удаа сунгаж нийт 58 хоногийн хугацаанд шалгасан.

Дээрх компаниуд хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул А" ХК-ийг 113.196.980 төгрөгөөр М ХХК-ийг 13.265.110 төгрөгөөр тус тус торгосон. Уг шийтгэлийг дээрх хоёр компани эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0706 тоот шийдвэрээр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 81 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 103 тоот тогтоолоор улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмын 2 дугаар зүйлийн 2.2-т Мэдээллийг бичгээр хүлээн авна. Мэдээлэл нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Хэрэв мэдээлэл нь энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай шалтгааныг тодорхой дурдсан үндэслэл бүхий хариуг мэдээлэгчид бичгээр хүргүүлнэ. гэж, 3 дугаар зүйлийн 3.2-т Мэдээлэл нь өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасан зөрчлийг анх илчилсэн, нотолсон байна. Өмнө нь тухайн зөрчлийн талаар шаардлага хангасан мэдээлэл, нотлох баримт ирсэн эсхүл төрийн захиргааны байгууллагын хийсэн хяналт шалгалтын явцад тухайн зөрчлийг илрүүлж нотолсны дараа мэдээлэл ирүүлсэн бол түүнийг хүлээж авахгүй. гэж, 3.3 Мэдээлэгч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт, мэдээллийг ирүүлсэн байна. гэж заасан байдаг. Гэтэл Н" ХХК-иас анх гомдол гаргахдаа гэрээний хуулбар /гар утсаараа авсан зураг/ нотлох баримтын шаардлага хангахгүй материал ирүүлсэн.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1-т Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: гэж, 6.6.1.1-т зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасан байдаг. Н ХХК-иас ирүүлсэн гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан тул нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж Зөрчлийн хэрэг нээн шалгасан.

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хүрээнд дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

а) Ашигт малтмал, газрын тосны газраас Дорнод аймагт нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл, Д ТӨХК-иас "Д ТӨХК-ийн А ХК-тай байгуулсан Нүүрс худалдан авах гэрээ зэргийг гаргуулан авах ажиллагаа хийсэн.

b) А ХК болон М ХХК нарын №154-0218 дугаартай хамтран ажиллах гэрээг гаргуулан авахаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 1/82, 1/83 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

c) А ХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгээр А ХК болон М ХХК-иудын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №154-0218 дугаартай хамтран ажиллах гэрээний хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн.

d) 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Н ХХК-ийн ерөнхий менежер Ш.Б-ээс хохирогчийн мэдүүлэг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-ийн хуульч Т.Ж-аас холбогдогчийн мэдүүлэг, А ХК-ийн хуульч Ч.Э-аас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр холбогдогчийн мэдүүлгийг тус тус авсан.

4. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01 дугаартай тогтоолоор А ХК болон М ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан.

Учир нь Дорнод аймагт нүүрсний бөөний болон жижиглэн борлуулалтын цэгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулах зэрэг ажиллагаануудыг явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан тул зөрчлийн хэргийг 14 хоногоор сунгасан.

2019 оны 02 дугаар сарын 12-ны 38 дугаартай прокурорын тогтоолоор А" ХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар авах, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас нүүрсний жижиглэн болон бусад шаардлагатай ажиллагаануудыг хийх тул зөрчлийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 58 хоног үргэлжилсэн.

Иймд Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.1-т Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулсан этгээдийн талаарх бодит мэдээллийг нотлох баримтын хамт өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн иргэн, хуулийн этгээдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Н ХХК-иас тус шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл /картель/ байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэхгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг журмын 4-р зүйлд заасан мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг гаргаж, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Н ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19/12 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан ...А ХК болон М ХХК нар нь хамтран ажиллах гэрээг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, зах зээлийг хоорондоо үгсэн хуйвалдах замаар хуваарилсан. ... иймд уг асуудлыг нэн даруй шалгаж, хуулийн арга хэмжээг авч өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргасан.

Өргөдөл, мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар А ХК-нд, 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар М ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасныг үндэслэн шийтгэл оногдуулжээ.

2. Н ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20/70 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан ...Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т ... заасан журмын дагуу... нийт торгуулийн мөнгөн дүнгийн 5 хувь болох 6.323.104 төгрөгийн урамшууллыг авахаар байна. ... Иймд ... зохих урамшууллыг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01/1103 дугаар албан бичгээр ...танай компаниас ... албан бичгээр ирүүлсэн гомдолд зөрчлийг нотлох баримт хангалтгүй байсан тул зөрчлийн хэрэг нээж нотлох баримт бүрдүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ... нийт 58 хоног явуулсан. Өөрөөр хэлбэл танай компаниас ирүүлсэн мэдээлэл нь Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2-т заасан шаардлагыг хангаагүй байсан болно. ...иймд Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй байна хэмээн татгалзаж шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан Н ХХК-иас тус шүүхэд хандан Засгийн газрын 2012 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл /картель/ байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэхгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг журам-ын 4-р зүйлд заасан мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг гаргаж, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах...тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино,

11 дүгээр зүйлийн 11.4-т Энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаархи бодит мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн этгээдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй хэмээн тус тус заасан бөгөөд

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журам[1]-ын 1.1-т Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулсан этгээдийн талаархи бодит мэдээллийг нотлох баримтын хамт өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх)-д ирүүлсэн иргэн, хуулийн этгээд (цаашид "мэдээлэгч" гэх)-д тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө, 1.2-т Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасан зөрчлийг иргэд, олон нийтийн оролцоотой шуурхай илрүүлэн богино хугацаанд арилгах, цаашид тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байхад энэ журмын зорилго оршино, 3.1-т Мэдээлэлд мэдээлэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, регистрийн дугаар байна. Мэдээлэгчийн хүсэлтээр түүний нэр, хаяг, утас, электрон шуудан зэрэг хувийн мэдээллийг нууцалж болно, 3.2-т Мэдээлэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасан зөрчлийг анх илчилсэн, нотолсон байна. Өмнө нь тухайн зөрчлийн талаар шаардлага хангасан мэдээлэл, нотлох баримт ирсэн эсхүл төрийн захиргааны байгууллагын хийсэн хяналт шалгалтын явцад тухайн зөрчлийг илрүүлж нотолсны дараа мэдээлэл ирүүлсэн бол түүнийг хүлээж авахгүй, 3.3-т Мэдээлэгч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт, мэдээллийг ирүүлсэн байна, 4.1-т Төрийн захиргааны байгууллага нь мэдээлэл, нотлох баримтад дүн шинжилгээ хийж, торгууль ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болж, торгууль зохих дансанд төлөгдсөн өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан шийдвэр гаргана хэмээн тус тус заажээ.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт ашиг малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж буй А ХК, М ХХК нар нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбогдуулан Н ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19/12 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан ...дээрх 2 компани нь нийт зах зээлийн 60:40 харьцаагаар ... хуваарилж манай компанийг зах зээлээс хавчин гаргаж, өрсөлдөөний хуулийг зөрчлөө. Иймд уг асуудлыг нэн даруй шалгаж, хуулийн дагуу арга хэмжээг авч өгнө үү гэсэн өргөдлийг, холбогдох нотлох баримт болох А ХК, М ХХК нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний гэрэл зурган хуулбарын хамт гаргажээ.

5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасанчлан өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болохын хувьд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасанчлан нэхэмжлэгч Н ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19/12 дугаар албан бичгээр гаргасан өргөдлийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг 58 хоног явуулан, Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд А ХК, М ХХК нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 1.6-д Энэхүү гэрээгээр Нүүрс нийлүүлэх гэрээ-ний дагуу Д ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 (М..-60 хувь, А ХК-40 хувь) гэсэн харьцаагаар, мөн Дорнод бус нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд (жижиг хэрэглэгчид) нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 (М..-60 хувь, А ХК-40 хувь) харьцаагаар тус тус хуваан нийлүүлэх...-ээр харилцан тохиролцсон асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоож Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар А ХК-нд 113 196 980 /нэг зуун арван гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийн, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар М ХХК-нд 13 265 110 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга нэг зуун арав/ төгрөгийн торгох шийтгэл тус тус оногдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0706 тоот шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

6. Үүнтэй холбогдуулан Н ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20/70 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан ...Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т ... заасан журмын дагуу... нийт торгуулийн мөнгөн дүнгийн 5 хувь болох 6.323.104 төгрөгийн урамшууллыг авах хүсэлт гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01/1103 дугаар албан бичгээр гомдолд хавсаргасан нотлох баримт нь журмын 2.2-т заасан шаардлагыг хангалтгүй, хариуцагчаас зөрчлийн хэрэг нээж нотлох баримт бүрдүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ... нийт 58 хоног явуулсны үндсэн дээр зөрчлийг тогтоосон гэх үндэслэлээр Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй хэмээн татгалзаж шийдвэрлэснийг шүүх хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаархи бодит мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн этгээдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно хэмээн заасан.

Өрсөлдөөн, түүнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэх асуудал нь өөрийн мөн чанараараа хэлэлцэн тохирогч талуудад ашигтай, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг чиглэсэн агуулгатай, хууль бус үйл ажиллагаа болохын хувьд уг үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг гуравдагч этгээд хуульд заасан арга хэрэгслээр олж авах боломж хязгаарлагдмал,

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ийм төрлийн гэрээ, хэлцэлтэй холбоотой мэдээлэл ирүүлсэн мэдээлэгчээс хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтыг гаргаж өгөх ёстой хэмээн шаардах нь эл төрлийн зөрчлийг цаашид илрүүлж, төрийн хянан шалгалтын ажиллагааг явуулах боломжийг хязгаарлах, цаашлаад Өрсөлдөөний тухай хуулийн үндсэн үзэл баримтлалд нийцэхээргүй үр дүнд хүргэх эрсдэлтэй.

Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн тохиолдолд мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй бөгөөд Н ХХК-иас ирүүлсэн мэдээлэл, холбогдох нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 58 хоног явуулсан гэх асуудал нь нэхэмжлэгчид Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан мөнгөн урамшууллыг олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл /картель/ байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэхгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н ХХК-нд Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан мөнгөн урамшуулал олгох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Үүнтэй холбогдуулан, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товийг шүүхээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүх хуралдааныг хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл /картель/ байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэхгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н ХХК-нд Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан мөнгөн урамшуулал олгох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,119.66 /нэг зуун арван зургаан мянга нэг зуун арван есөн төгрөг, жаран зургаан мөнгө/- төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 45,919.66 /дөчин таван мянга есөн зуун арван есөн төгрөг, жаран зургаан мөнгө/-төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогоос, 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

 

 

 

 

 

 


[1] https://www.legalinfo.mn/annex/?lawid=2746