Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 310

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын прокурор Б.Ганбулган,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Т.Мэндсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тулгын Мэндсайханд холбогдох эрүүгийн 201519000666 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймаг Бүрэн суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Төв аймаг Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хиад овогт Тулгын Мэндсайхан /РД:НК82082511/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Мэндсайхан нь бусадтай бүлэглэн шунахайн сэдэлтээр, машин механизм ашиглаж 2015 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутгаас иргэн Д.Бэрхнямын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж бусдад 3 сая төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээрээ 2015 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Мангир” гэх газраас иргэн А.Бүрэнжаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж бусдад 1 сая 450 мянган төгрөгийн буюу нийт 4 сая 450 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыгтал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн  судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мэндсайхан мэдүүлэхдээ: 2016 оны 08 сарын өдөр Жаргалант сумын Өгөөмөр багийн нутгаас Буян-Аривиж, Баян нартай бүлэглэн Гантөмөрийн машинтай Бэрхнямын 3 тооны үхрийг хулгайлчихаад ууланд аваачаад уячихсан байсан чинь эзэн нь авчихсан байсан. Мөн 2016 оны 8 сарын 6-7-д шилжих шөнө Буян-Аривжих, Баян нартай портер машинтай яваад 2 тооны үхэр аваад Сэлэнгэ аймаг ороод маханд өгсөн гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч А.Бүрэнжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манайх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Эрхэтийн нуга гэх газарт зусаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд үхэрнүүдээ бэлчээрт нь Орхон голын эрэгээр бэлчээрт нь гаргаад орой 21 цагийн орчимд гэртээ ирдэг байгаа юм. Тэр өдөр манай үхрүүд хээр Мангиртын бригадын орчим хоносон. Би тэр үед Дархан-Уул аймаг руу хувийн ажлаар явсан байсан. Тэгээд үхэрнүүдээ хурааж чадалгүй хээр хонуулаад маргааш орой нь буюу 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой Дарханаас 18 цагийн орчимд  Зүүнбүрэн суманд гэртээ ирсэн. Энэ үед манай 3 тооны цоохор нүүртэй шүдлэн охин үхэр, цоохор нүүртэй хязаалан гунж, хүрэн халзан хязаалан бух байхгүй болохоор нь айлын үхэрүүдээр эрж хайхад хүрэн халзан үхэр бух маань Амарсанаа ахын үхэртэй нийлсэн байсныг олж авсан. Нөгөө хоёр тооны Цоохор нүүртэй шүдлэн охин үхэр, цоохор нүүртэй хязаалан гунж хоёрыг хайгаад олоогүй. Би маргааш өдрийн орой буюу 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой ойр хавийн айлуудаар болон гол дагуу бэлчиж байгаа айлуудаар явсан. Цоохор нүүртэй шүдлэн охин үхэр зүүн чихний үзүүр нь онь имтэй, цоохор нүүртэй хязаалан гунж зүүн чихний үзүүр нь онь имтэй байгаа. Миний бэлчээрээс алдсан 2 тооны үхэр маань тарга тээвээргийн хувьд тарган байсан. Би сувиа хязаалан үхрээ зах зээлийн үнээр 1 сая төгрөгөөр үнэлж байна. Нөгөө шүдлэн үхрээ 800 000 төгрөгөөр үнэлж байна. ..Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна. Миний хоёр тооны үхрийг хохирлыг хурдан барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-26 тал/,

 

Хохирогч Д.Бэрхням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг болох төвд эхнэр Цэрэндуламын хамт мал маллаж амьдарч байгаа. 2015 оны 08 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн орчим үхэрнүүдийнхээ сүүг нь саагаад хашаанаас гаргасан ба маргааш өглөө нь буюу 2015 оны 08 дугаар 03-ны өглөөний 06 цагийн орчим үхэрнүүдээ саагаад бүртгэсэн чинь хар алаг эр шүдлэн үхэр, духан дээрээ сартай хар гунж, хүрэн охин бяруу нийт 03 тооны үхэр дутсан юм. Тэгээд би ойр хавиар хайгаад огт олдохгүй байсан болохоор энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгэхэд Буянравжих, Баян гэх хүмүүс манай 3 тооны үхрийг хулгайлсан байсан. Би алдагдсан гэх 3 тооны үхрийнхээ 1 үхрийг нь 1000 000 /нэг сая/ төгрөгөөр нийт 3 000 000 / гурван сая/ төгрөгөөр үнэлж байна. Хэсгийн төлөөлөгч Мөнгөнхүү миний алдагдсан гэх 3 тооны үхрийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-24 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..Тулгын Мэндсайхан бол миний төрсөн ах , Цогтын Буянравжих бол миний төрсөн дүү байгаа юм. Мэндсайхан ээжээр овоглодог, харин дүү бид хоёр ааваараа овоглодог юм. Харин би Нямын Баян гэх хүнийг танихгүй. Тухайн тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийнх байгаа юм. Би тус тээврийн хэрэгслийг 2013 оны 09 сард Улаанбаатар хотоос 7000 000 / долоон сая/ төгрөгөөр худалдаж аваад хөдөө байдаг ээж Тулга, дүү Буянравжих нарт өгөөд Буянравжихыг тус тээврийн хэрэгслээр ойр зуурын өвс, тэжээл, усаа зөөж бай гэж авч өгсөн юм. Би өөрийн эзэмшлийн автомашинаа  4000 000  төгрөгөөр үнэлж байна. Би энэ талаар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Буянравжихыг баривчлагдахад ээж Тулгаас мэдсэн ба Мэндсайханг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Манай дүү Ц.Буянравжих 1991 оны 11 сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн ба сургуульд сууж байгаагүй учир уншиж бичиж чадахгүй. Уг хүний хувьд хүнд тусархуу, төлөв даруу, манай ээжийн хөдөө гэрт ганц хань болж байгаа хүн байгаа юм. Урьд өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдоод тэнсэн авч байсан ба архи хэрэглэдэггүй, тамхи бага зэрэг татдаг. Миний автомашиныг битүүмжлэлээс гаргаж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/

 

Гэрч Н.Цэрэнбадам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн үед Мөнгөнцэцэг гэж эмэгтэй над руу залгаад “.. 2 үхрийн мах байна. Та худалдаж авах уу? ...” гэж асуусан. Ингээд ажил дээр ирээд удаагүй байхад 10 цагийн үед Мөнгөнцэцэг эмэгтэй 2-3 залуучуудын хамт хөх өнгийн портерт машин дээр байгаа 2 бүтэн махыг үзүүлээд худалдаж авах санал болгосон. Махны толгой, шийр нь байгаагүй, насны хувьд шүдлэн, хязаалан болов уу гэмээр том жижиг үхрийн шинэ мах, хонож удаагүй. Хамт ажилладаг гэж хүнтэй ярилцаад махыг  540000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн жижиг үхрийн махыг нь үлдээсэн. Мөнгөнцэцэг гарал үүслийн гэрчилгээ гээд 1 тооны хүрэн зүсмийн үхрийн бичиг байсан. 2  тооны үхэр гэж байгаагүй. Нөгөө үхрийн бичиг баримт тусдаа гэж бодсон. Тусдаа эсэхийг нь үзэж шалгаагүй. Үхрийн махыг зараад дуудсан. Үхрийн толгой хаана байгааг асуухад Мөнгөнцэцэг болон хамт явсан хүмүүс нь гэрт үлдээсэн танд авчираад өгье гэж хэлээд ирээгүй. Үхрийн ширийг уртаас нь хавсараад тавьчихсан харагдсан. Би сайн анзаарч харагдаагүй. Хоёр хүрэн өнгийн шир л харагдсан. Содон шинж тэмдэг ийм тийм байсан гэж хэлж мэдэхгүй байна. Би бэлэн 540000 төгрөгөөр хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/

 

        Гэрч Т.Пүрэвням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шиг санагдаж байна. Зүс таних Мэндсайханы эхнэр манай нөхөр лүү залгаад дуудсан. Ингээд нөхөр бид хоёр Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах гэрт нь өөрсдийнхөө цэнхэр /хөх/ портертэй очсон. Тэдний гэрт очиход Мэндсайхан эхнэрийнхээ хамт, мөн 2 огт харж байгаагүй залуучууд байсан. Анх очиход цэнхэр өнгөтэй, Улаанбаатар Улаанбаатар хотын  сери дугаартай Портер машины тэвшин дээр хоёр үхрийн махыг янзалж, бэлдээд зах руу зөөхөд бэлэн болгочихсон тэвшин дээр нь байсныг манай нөхрийн машин дээр ачаад малын гарал үүслийн гэрчилгээг замаасаа малын эмч Мийгаагаас аваад Гурван мэргэд  худалдааны мах авдаг хэсэгт ирээд Мэндсайханы эхнэр 1 хүн рүү утсаар яриад нэг малын ченж гарч ирээд 1 үхрийн махыг зарсан. 1 үхрийг нь өөр хүнд зарсан. Малын тооцоо, үнийн дүнгийн талаар Мэндсайхан хамт явж байгаа 2 залуутайгаа л ярилцаад байсан. Мэндсайхан өндөр туранхайг нь манай дүү гээд байсан. Би зах руу хамт орсон боловч мэдэхгүй, 1 сая төгрөг хүрээгүй болов уу гэж бодож байна. Үхрийн хоёр арьсийг нь ченжид өгсөн. Үүний дараа нөхөр бид хоёр Мэндсайханыг найзуудтай нь хамт гэрт нь хүргэж өгөөд харьцгаасан. Бид хоёр ажлын хөлс мөнгө гэж аваагүй, түлшний 20000 төгрөг бэлнээр авсан” гэсэн мэдүүлэг, /хх-30 тал/

    

Гэрч Г.Баянбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрж өссөн. Зүүнбүрэн суманд олон жил хувийн цөөн тооны малаа маллаж амьдарч байгаад одоогоос 10 жилийн өмнө Сүхбаатар сумын 5  дугаар багт шилжин ирээд амьдарч байна. Одоогоор хувийн цөөн тооны малаа маллаж байна. Эхнэр бид хоёр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаагүй. Болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярихад 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шиг санагдаж байна. Зүс таних Мэндсайханы эхнэр /нэрийг нь мэдэхгүй/ над руу залгаад “мэндсайхан хөдөөнөөс хоёр үхэр авч ирсэн байна. Манай машины дугуй хагарчихсан, бичиг баримт байхгүй байна. Чи ирээд үхрийн махыг зах руу дөхүүлээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрч Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах гэрт нь эхнэрийн хамт очсон. Тэдний гэрт очиход Мэндсайхан эхнэрийнхээ хамт мөн огт харж байгаагүй залуучууд байсан. Нэг нь өөрийгөө надад танилцуулахдаа Буян-Арвижих /өөрийгөө буяа гэж дууддаг/ гэж танилцуулсан, өөрийгөө Төв аймагт цөөн тооны мал малладаг гэж ярьсан. Анх очиход цэнхэр өнгөтэй, Улаанбаатар хотын сери дугаартай Портер машины тэвшин дээр хоёр үхрийн махыг янзалж бэлдээд зах руу зөөхөд бэлэн болгочихсон, миний машин дээр ачсан. Малын гарал үүслийн гэрчилгээг замаасаа малын эмч Мийгаагаас аваад Гурван мэргэд худалдааны мах авдаг хэсэгт ирээд зах руу Мэндсайхан эхнэртэйгээ манай эхнэр Пүрэвням, Буянавжих нарын хамт дотогшоо орсон. Би ганцаараа машин дотор үлдсэн. 2 үхэр нийлээд 1 сая төгрөг болсон хэн гэж малын ченж өгсөн болохыг мэдээгүй.Надад бензины мөнгө гээд 20000 төгрөг бэлнээр өгсөн. Үхэрний мөнгө гээд ченжээс бэлэн мөнгө авсан, данс, картаар шилжүүлээгүй. Үүний дараа эхнэр бид хоёр Мэндсайханыг найзуудтай нь хамт гэрт нь хүргэж өгөөд эхнэр бид хоёр харьсан”  гэсэн мэдүүлэг /хх-31 тал/,

 

Гэрч Ц.Оюунцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2015 оны 08 дугаар сарын 07-ны билүү 08-ны өдөр билүү он сар өдрийг нь тодорхой санахгүй байна. 08 цагийн үед Баянбаатарын эхнэр Пүрэвням над руу утасдаад “... няцалсан 2 үхрийн мах байна та авах уу ...” гээд гуйгаад байхаар нь үхрийн махыг  үзэхэд бага оворын шүдлэн насны жижигхэн үхэр харагдсан. Махыг нь бүхэлд нь жинлүүлж үзэхэд 138 кг болсон. Махыг 1 кг нь 4500 төгрөгөөр бодож хорогдлыг нь тооцож бодоод 420000 төгрөгөөр худалдан авсан. Надад малын гарал үүслийн гэрчилгээ, малын бичиг үзүүлээгүй. 2 үхрийн гарал үүслийн гэрчилгээ байсан учраас эхэлж зарсан үхэрээ зарахдаа гарал үүслээ өгчихсөн, гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. Би үхэр худалдан авсан Бадамаа эгчээс үхрийн гарал үүслийн гэрчилгээг асуухад “... 1 үхрийн гарал үүслийн гэрчилгээ байна” гэж хэлсэн. Малын шир, үхрийн толгой нь байгаагүй. Надад худалдан авах санал болгоогүй. Өмнө огт харж байгаагүй. Хоёр залуутай хамт явж байсан. Энэ хоёр залууг одоо хараад би танихгүй. Пүрэвням надад хэлэхдээ “... манай хоёр найз хөдөөнөөс 2 үхэр гаргаад авчирлаа..” хэлсэн. Найзууд нь гэж хамт явж байгаагаа хэлж байна гэж ойлгосон. Үхрийг хаанаас, хэзээ авчирсан болохоо хэлээгүй. Шинээр гаргасан шинэ үхрийн мах байсан. 1 үхрийн махаа зарсан гэж байсан. Хэр хэмжээтэй, ямар зүсмийн мах байсан болохыг мэдэхгүй. Үхрийн шир толгойг нь Бадамаа бид хоёр зараагүй. Цэнхэр /хөх/ өнгөтэй Портер маркийн машины тэвшинд ачсан байсан. Машины улсын дугаарыг нь санахгүй байна. Бэлэн мөнгөөр өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-32 тал/,

 

Гэрч Х.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Т.Мэндсайхан 2015 оны 06 дугаар сарын 08-ны шөнө манай гэрт Баян, Буянравжих гэх 2 залуугийн хамт хөх өнгийн портер машинаар ирсэн. Машины улсын дугаар нь 94-24 УНЛ гэсэн дугаартай байсан шиг санагдаж байна. Тухайн үед 03 цаг болж би унтаж байсан. Машины тэвшин дээр 2 тооны үхэр байсныг үүрээр 06 цагийн үед 3-лаа манай хашаанд нядалсан. Шүдлэн хязаалан насны 2 эм үхэр байсан. Эвэртэй хүрэн улаан зүсмийн /эм зүс сайн мэдэхгүй/ содон шинж тэмдэг гэх зүйл байгаагүй. Им, тамга зүсний хувьд хэлж сайн мэдэхгүй байна. Үхрийг нядлаад Баян өөрийнхөө тэвшин дээр ачаад Баянбаатарын машинаар Гурван мэргэд зах руу тээвэрлэсэн. Ингэхдээ замаас малын эмч Мийгаагаас 1 гарал үүслийн гэрчилгээг 1үхрийг үзүүлж авсан. Зах  руу Мэндсайхан, Буянравжих, Баян, Баянбаатарын эхнэр Пүрэвням нартай хамт орж 2 үхрийг 1 сая төгрөг хүрэхгүй мөнгөөр Оюунаа, Бадамаа гэх зүс таних ченжүүдэд зарж борлуулсан. Мэндсайхан надад 200 000 төгрөг өгөөд ахуйн хэрэгцээнд зарцуулаарай гэж өгсөн. Үлдсэн мөнгийн гурвуулаа хувааж авсан. Мэндсайхан уг хоёр үхрийг Буян-Аривжих, Баян нарын үхэр гэж хэлсэн. Хаанаас авч ирсэн болохоо хэлж тайлбарлаагүй. Тухайн эд зүйл үхэр зэргийг тайлбарлаж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-34  тал/,

 

Гэрч Н.Мөнхзул мөрдөн байцаалын шатанд мэдүүлэхдээ: ... Би сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. 2015 оны 08 сарын эхээр хамт ажилладаг махны ченж Н.Уранбадам надад хэлэхдээ “гадаа хоёр үхэр байна 1 үхрийг нь худалдаж авъя” гэж хэлэхэд зөвшөөр ч захын арагшаа гарч үзэхэд портер машины тэвшин дээр задгай, бүхэл 2 үхрийн мах байсан. Үхрийн мах нь шүдлэн, хязаалан насны бага насны 2 үхэр байсан. Бид 2 ярилцаад бэлэн 540000 төгрөгөөр худалдаж авсан. Үхрийн толгой шийрийг хаана байгааг асуухад удахгүй авч ирж өгнө гэж хэлээд авч ирж өгөөгүй, дахин ирээгүй. Харин машины хажууд хүрэн зүсмийн хоёр арьс байсан. Арьс шир зэргийг нь анзаарч сайн хараагүй, онцгой шинж зүйлийг хараагүй. Үхэр худалдаж авахад 1 гарал үүслийн гэрчилгээ дээр 1 үхэр бичсэн. Худалдаж аваагүй үхрийн гарал байсныг мэдээгүй. Үхэр зарсан залуучуудыг ерөөсөө хараагүй, одоо харвал танихгүй. Машины марк, улсын дугаарын анзаарч хараагүй. Би гурван мэргэд худалдааны төвд 20 гаруй жил иргэдээс /машин/ малын мах худалдаж авч байна” гэсэн мэдүүлэг /хх-35 тал/,

 

Гэрч Н.Хандсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тулга овогтой Мэндсайхан нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. 5 дугаар анги төгссөн бага боловсролтой ба хөдөө мал маллаж байгаад цэргийн алба хааж байсан. Зан байдлын хувьд миний дүү төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилд сайн, тамхи татдаггүй, архи хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Би түүнийг хэрэгт холбогдсон талаар одоогоос 14 хоногийн өмнө цагдаа нарт баригдахад нь мэдэгдсэн.Би 2015 оны 08 сараас 2016 оны 08 сарын 30-ны хүртэл хугацаанд түүнтэй огт уулзаагүй ба ээжийнхээ утаснаас надтай 2016 оны 3,4 сарын орчим ярьж байсан. Т.Мэндсайхан бол эцэг, эхээс 4-лээ ба Мэндсайханы дараа Цэнд, Цэндийн дараа Гантөмөр, Буянравжих нар байдаг. Мэндсайхан, Цэнд хоёр бол ээж Тулгаараа овоглодог ба харин Гантөмөр, Буянравжих хоёр бол өөрийн төрсөн эцэг Цогтсайханаараа овоглодог юм. Өөрөөр хэлбэл Цогтсайхан гэх хүн бол Мэндсайхан, Цэнд нарын хойд эцэг юм” гэсэн мэдүүлэг /хх-113 тал/,

 

БУСАД БАРИМТ

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-10-11 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14, 109-110 тал/,

-мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудасын хуулбар /хх-15 тал/,

-00035624 тоот мал, амьтаны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээний хуулбар /хх-16 тал/,

-үхэр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-18, 105 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-19-20, 106 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-22, 38,108 тал/,

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын үнэлгээний комиссын акт /хх-40 тал/,

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101-а дугаар “сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-117-118 тал/,

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101-б дугаар “сэжигтнээр цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-121 тал/,

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101д дугаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамж /хх-124-125 тал/,

 

-шүүгдэгч Т.Мэндсайханыг 2016 оны 08 сарын 30-ны өдөр сэжигтнээр /хх-132 тал/, 2016 оны 09 сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-134 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

-Т.Мэндсайханы ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Сэлэнгэ аймаг дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж 2 жил хянан харгалзах ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа /хх-57 тал/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Мэндсайхан нь бусадтай бүлэглэн шунахайн сэдэлтээр, машин механизм ашиглаж 2015 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутгаас иргэн Д.Бэрхнямын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж бусдад 3 сая төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээрээ 2015 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Мангир” гэх газраас иргэн А.Бүрэнжаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж бусдад 1 сая 450 мянган төгрөгийн буюу нийт 4 сая 450 мянган төгрөгийн буюу бага бус хэмээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мэндсайханы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14, 109-110 тал/, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудасын хуулбар /хх-15 тал/, 00035624 тоот мал, амьтаны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээний хуулбар /хх-16 тал/, үхэр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-22, 38,108 тал/, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын үнэлгээний комиссын акт /хх-40 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Т.Мэндсайханд холбогдох хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Мэндсайханыг давтан, бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Мэндсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Хохирлын талаар

Хохирогч Д.Бэрхням, А.Бүрэнжаргал нар нь  хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хохирогч нарт энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 800000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн телевизор 1 ширхэг, 20000 төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгч 1 ширхэг, 1000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөргөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Мэндсайхан нь 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Хиад овогт Тулгын Мэндсайханыг давтан, бүлэглэж машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мэндсайхныг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Мэндсайханд оногдуулсан 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Мэндсайханд оногдуулсан 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Мэндсайханд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Мэндсайхан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

7.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан Т.Мэндсайхан нь 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 800000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн телевизор 1 ширхэг, 20000 төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгч 1 ширхэг, 1000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөргөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мэндсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Мэндсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.МӨНХТУЯА