Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2014/0434

 

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч А.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.А, Л.Г, У.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2 дугаар дүгнэлт, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/101 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Хяналт шалгалтаар “Ю” ХХК-ийн үйл ажиллагаанд дараах зөрчлүүдийг тогтоож улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2 дугаар дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:

  1. Тус газраас үүрэн телефон холбооны компаниудад тавьсан санал нь барьцаа хөрөнгөд хүү тооцох тухай байсан боловч тухайн компаниуд барьцаа төлбөр буцаан олгох нэрээр хүү тооцох асуудалд хойрго хандаж байна гэж үзэж болохоор байна. Учир нь 2012 оны барьцаа хөрөнгө “Ю” ХХК-д 2,785,405,749 төгрөг байхад буцаан олголт нь үүний 3,78 хувьтай тэнцэж байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийн 96 орчим хувь нь үүнд хамрагдаагүй байна. “Ю” ХХК нь өөрийн үйлчилгээг олон жил хэрэглэсэн, найдвартай хэрэглэгчийн барьцаа хөрөнгийг буцаан олгож байгаа гэх боловч энэ нь тус газрын зүгээс 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/913 албан бичгээр тавьсан “Дараа төлбөрт үйлчилгээний барьцаа, төлбөрт хүү тооцож хэрэглэгчдэд өгөх” гэсэн саналын биелэлтийг хангаагүй дийлэнх хэрэглэгч барьцаа хөрөнгөөс үр ашиг хүртэж чадаагүй гэх үндэслэл болсон. “Ю” ХХК-ийн зүгээс гаргаж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлд заасанд нийцээгүй бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн I 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон.
  2. “Ю” ХХК-ийн нэмэлт үйлчилгээ болох дата буюу интернэтийн үйлчилгээ нь яриа, мессежтэй нэгэн адил хэрэглэгчийн дугаарт нээлттэй байдаг бөгөөд энэхүү дата үйлчилгээ нь байнгын нээлттэй байдаг талаар хэрэглэгчдэд мэдэгдэж сануулга өгдөггүй, хэрэглэгч уг үйлчилгээг авч байгаа талаар мэдэлгүй хэрэглэсний улмаас төлбөр нь өндөр гарах зэрэг хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үр дагаврууд үүсдэг байна.

Гэтэл “Ю” ХХК нь өөрийн бараа, үйлчилгээний талаар хэрэглэгчдийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, улмаар уг мэдээллийн үндсэн дээр хэрэглэгчтэй гэрээ байгуулан уг гэрээнийхээ дагуу хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг нэхэмжлэн авах эрх, үүрэгтэй юм. “Ю” ХХК-ийн зүгээс дээрх байдлаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар тэднээс үндэслэлгүйгээр төлбөр хураамж нэхэмжилсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2,12.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон.

  1. “Ю” ХХК-ийн төлбөр тооцооны мэдээлэл ихээхэн зөрүүтэй, хоцрогдолтой гардаг байдлаас үүдэн хэрэглэгчийн дунд байнгын төөрөгдөл, үл ойлголцол үүсэж байна. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед төлбөрийн мэдээлэл олон хоногоор хоцорч, зөрүүтэй гарч байгаа үйлдлийг үндэслэлгүй юм.

... “Ю” ХХК-ийн хэрэглэгч өөрийн хэрэглээний төлбөрийн мэдээллийг I мессежээр шалгахад гарч байсан тухайн өдрийн төлбөрийн дүн нь нэг хоногийн дараа шалгахад хэд дахин нэмэгдэж гарах, өмнөх өдрийн төлбөрийн дүнгээс багассан дүнгээр гарах зэрэг үйлдлүүд байнгын гардаг байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон.

... Мөн түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсгийн гишүүдийн зүгээс зөрчил гаргасан этгээд гомдол гаргасантай холбогдуулан хууль зөрчсөн үйлдэлд нь захиргааны шийтгэл ногдуулах ажиллагааг түр зогсоосон байх тул нэхэмжлэгчийн “хууль бусаар хариуцлага ногдуулсан хэмээн бид үзэж байгаа” гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2 дугаар дүгнэлт болон улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/101 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр:11 Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн хяналт.шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11, 10.12.1, Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 20 дугаар зүйлийн 20.3.3-т заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийг төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2 дугаар дүгнэлт болон 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/101 дүгээр албан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах гомдолдоо: “Иргэний хуулийн заалтын дагуу “Ю” ХХК нь хэрэглэгчээс авсан барьцааны үнийн дүнг гэрээндээ тодорхой хэмжээгээр зааж авсан байх бөгөөд тухайн хэрэглэгчийн төлбөрийн дүнгээр барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах учиртай юм.

Иймд “Ю” ХХК нь тухайн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заасан барьцааны хэмжээний хүрээнд барьцаа хөрөнгийн үр шимийг хүртэх ёстой юм.

... Тус газраас хэрэглэгчдийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалах, зах зээлдэх хууль бус худалдааны арга хэрэглэж буй этгээдэд шаардлага тавьж байгаа нь тухайн гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчөөгүй юм.

Учир нь “Ю” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд зөвхөн тодорхой мөнгө дүн бүхий барьцааг төлнө гэсэн заалт байдаг бөгөөд харин уг барьцааны зүйлийн үр шимийг эзэмшилдээ байлгаж буй этгээд буюу “Ю” ХХК хэр хэмжээгээр олж авахыг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.1-т “барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд” гээд тодорхой зааж өгсөн байгаа юм. Гэрээгээр зохицуулаагүй зүйлийг холбогдох хуулийн дагуу ойлгож зохицуулах нь хууль ёсны болох учиртай билээ.

... Бодит байдалд “Ю” ХХК нь хэрэглэгчдээс авсан барьцаа хөрөнгийг өөрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх замаар ашиглаж үр шимийг нь хүртдэг байна. /Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараар нотлогдоно/

Иймд “Ю” ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээс авсан мөнгөнөөс барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнээс хэтрүүлэн олсон үр шимийг хэрэглэгчдэд олгохгүй байгаа нь хууль бус худалдааны арга болж байгаа тул энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн буюу уг хуулийн зохицуулалтад хамаарах асуудал юм.

... Хэрэглэгч гэрээгээр тохиролцсон үйлчилгээг л авах эрх, үүрэгтэй бөгөөд зөвхөн үүний төлбөрийг төлөх үүрэгтэй.

Гэтэл “Ю” ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцоогүй, хэрэглэгчийн хүсэл сонирхолд үндэслэгдээгүй үйлчилгээг хэрэглэсэн гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар дата буюу интернэт үйлчилгээгээ өгч төлбөр нэхэмжлэн авч байгаа нь хэрэглэгчийн сонголт хийх эрхийг ноцтой зөрчсөн.

Хэрэглэгч “Ю” ХХК-аас ямар нэг гар утас худалдан авах гэрээ хийгээгүй байхад шүүгч хэрэглэгчдийг ухаалаг төхөөрөмж ашиглан үйлчилгээ авах гэрээ хийсэн мэтээр нэхэмжлэгч талыг илтэд хамгаалсан дүгнэлтийг гаргаж байгаа нь ихээхэн учир дутагдалтай байгаа юм.

Шүүгч уг хэргийг тал бүрээс нь нотлох баримтад тулгуурлан “хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр уг үйлчилгээг авсан гэдгийг бүрэн гүйцэд нотолж чадалгүй шийдвэрээ гаргасан нь мөн л нэхэмжлэгч талыг хамгаалсан, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болсон. Ер нь шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэрэглэгч чухам ямар үйлчилгээг авахаар “Ю” ХХК-тай гэрээ байгуулсан эсэхийг нотлох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлэлгүй хөнгөн хийсвэрээр асуудлыг дүгнэж байгаа нь хууль бус болсон байдаг.

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т мэргэжлийн хяналт шалгалтын болон бусад байгууллага, тэдгээрийн ажилтан, иргэнийг хяналт шалгалт, судалгааны ажилд татан оролцуулах гэж заасан эрхийг хэрэгжүүлэх эсэх нь тухайн байгууллагын бүрэн эрхэд хамаарах тул шүүхээс заавал шинжээчийг татан оролцуулах үүрэгтэй мэтээр дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна.

Уг хяналт шалгалтыг хийсэн улсын байцаагч нар нь нотлох баримтад тулгуурлан дүгнэлтийг гаргасан байх тул шинжээчийг татан оролцуулах шаардлагагүй байсан болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагад нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 201ч оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2 дугаар дүгнэлт, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/101 дүгээр албан шаардлага зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2 дугаар дүгнэлтээр “Ю” ХХК-д холбогдуулж Иргэний хуулийн 157 дугаар зүйлийг үндэслэн барьцаа хөрөнгөд акт тавих, Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дахь заалтын дагуу захиргааны шийтгэл ногдуулах арга хэмжээ авах, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-д заасныг үндэслэн улсын байцаагчийн албан шаардлагаар Банк, санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгийн данс үүсгэн байршуулж, хүү тооцон, хүүг хэрэглэгчдэд өгөх асуудлыг шийдвэрлэх, интернэтийн үйлчилгээ нээлгэхэд хэрэглэгчийн албан ёсны хүсэлтэд үндэслэж байх, Монгол Улс доторх төлбөрийн мэдээллийг шалгахад хоцрогдолтой, зөрүүтэй гардаг байдлыг таслан зогсоохыг үүрэг болгохоор тогтоосон, тухайн дүгнэлтийн дагуу Улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/101 дүгээр албан шаардлагыг гаргаж нэхэмжлэгч компанид хүргүүлж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.

Нэг. Шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбогдуулж хэргийн оролцогчдоос дараах зүйлийг тодруулах шаардлагатай байжээ. Үүнд:

  1. Хэрэгт нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагууд өөр өөр байдлаар авагдсан байгааг шүүх анхаараагүй байна. Тухайлбал, “Ю” ХХК-д дангаар нь хүргүүлсэн дүгнэлт, албан шаардлагатай огноо, дугаарын хувьд адил боловч “Ю” ХХК-иас гадна “М” ХХК, “Ж” ХХК, “С” ХХК-д хандаж, тэдгээр компаниудад илэрсэн зөрчил, авах арга хэмжээнүүдийг тусгасан дүгнэлт, албан шаардлага мөн адил хэрэгт авагдсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангахдаа дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгосон агуулгаар шийдвэрлэсэн нь дээрх актуудыг бүгдийг нь эсхүл “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон эсэхийг ялгах боломжгүйд хүргэсэн ойлгомжгүй байдлыг бий болгожээ. Зүй нь шүүх үүнтэй холбогдуулж нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулах болон хариуцагчаас тайлбар авах замаар адил дугаар, огноо бүхий, агуулгын хувьд өөр захиргааны актуудын “Ю” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдсон хэсэгт дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх байжээ.
  2. “Ю” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө дээд шатны албан тушаалтан буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хандсан, тухайн албан тушаалтан Улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1/49 дүгээр “Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх тухай” дүгнэлт гаргаж, түүндээ “улсын байцаагчийн дүгнэлтийн цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал хэсгийн “Иргэний хуулийн 157 дугаар зүйлийг үндэслэн барьцаа хөрөнгөд акт тавих”, “Банк санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгийн данс үүсгэн байршуулж, хүү тооцон, хүүг хэрэглэгчдэд өгөх асуудлыг шийдвэрлэх” гэсэн хэсгийг, мөн улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/101 дүгээр албан шаардлагын “Банк санхүүгийн байгууллагад дараа төлбөрт хэрэглэгч тус бүрээр барьцаа хөрөнгийн данс үүсгэн байршуулж, хүү тооцон, хэрэглэгчдийн төлбөрөөс хасах” гэсэн хэсгүүдийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.13-т заасныг үндэслэн хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв” гэж тусгажээ.

 

Тухайн дүгнэлтийн гарчиг, үйл ажиллагаандаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлийг удирдлага болгосон зэргээс харвал маргаан бүхий захиргааны актуудыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянасан мэт боловч дүгнэлтийнхээ төгсгөл хэсэгт “хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв’’ гэсэн нь яг тухайн хэсгийг хүчингүй болгосон эсэхийг мэдэх боломжгүй тодорхой бус байдалд хүргэжээ. Үүнтэй холбогдуулж шүүх улсын ерөнхий байцаагчийн дээрх дүгнэлтийг захиргааны актыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн шийдвэр мөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд үүний тулд нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулж, энэхүү дүгнэлтийн үр дагавар хэрхэн илэрч байгааг тодруулж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар одоо маргаан бүхий захиргааны акт буюу дүгнэлт, албан шаардлагын дагуу бүх шаардлагуудыг эсхүл улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтийн дагуу зарим хэсгийг нь нэхэмжлэгчээс биелүүлэхийг шаардаж байгаа эсэхийг тодруулах, улсын ерөнхий байцаагч буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас тухайн дүгнэлттэй холбоотой тайлбарыг авч, уг дүгнэлт хэрхэн хэрэгжиж байгааг тодруулах зайлшгүй шаардлагатай байжээ. Үүний үр дүнд маргаан бүхий актыг улсын ерөнхий байцаагч урьдчилан шийдвэрлэсэн эсэхийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөөр байна.

Хоёр. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардсан маргаан бүхий захиргааны актуудаар “Ю” ХХК-ийн олон жил хэрэглэсэн, найдвартай хэрэглэгчийн барьцаа хөрөнгийг буцаан олгож байгаа нь нийт дараа төлбөрт хэрэглэгчийн барьцаа хөрөнгийн 3,78 хувь байгаа нь нийт хэрэглэгчдийн 95 орчим хувь нь барьцаа хөрөнгөөс үр ашиг хүртэж чадахгүйд хүргэж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 157 дугаар зүйл, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2 дахь заалтуудыг, интернэтийн үйлчилгээ яриа, мессежтэй нэгэн адил хэрэглэгчийн дугаарт нээлттэй байдгаас үүдэн хэрэглэгч санаатай болон санаандгүй байдлаар интернэтийн үйлчилгээ идэвхэждэг.

Интернэтийн үйлчилгээ нээгдсэн талаар хэрэглэгчид сануулах арга хэмжээ авдаггүй, харин тодорхой хэмжээний төлбөр бодогдон гарсны дараа хэрэглэгчдэд ; мэдээлж байгаа нь хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгэх, их хэмжээний төлбөр нэхэмжлэх байдал гаргаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол... шаардлагаа хангуулах эрхтэй”, 157 дугаар зүйлийн 157.1 “Барьцаалагч дараах эрх эдэлнэ: 157.1.1 барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах”, 88 дугаар зүйлийн 88.1 “Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна”, 88.3 “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй” гэх заалтуудаас үзвэл барьцааны зүйлийн үр шимийг барьцаалагч барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд олж авч болохоос гадна барьцаалуулагч хууль ёсны эзэмшигчийн хувьд тухайн үр шимийг олж авах эрхтэй байна. 

Шүүх эдгээр болон хуулийн бусад заалтуудыг харьцуулан “Ю” ХХК-д барьцааны эрх хэзээ үүсэх, энэ нь барьцааны зүйлийн үр шимийг олж авахтай хэрхэн холбогдох зэрэгт дүгнэлт хийх, үүний тулд энэ талаар дараа төлбөрт хэрэглэгчидтэй “Ю” ХХК хэрхэн тохиролцсоныг тодруулах шаардлагатай байжээ.

Гэтэл анхан шатны шүүх тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг хэрэгт авч, судлаагүй атлаа улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага нь гэрээний эрх чөлөөний зарчим буюу Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай.

Түүнчлэн шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “урьд нь хүргүүлсэн барьцаа хөрөнгөд хүү тооцох тухай саналынхаа биелэлтийг шалгаж барьцаа төлбөр буцаан олгох нэрээр хүү тооцох асуудалд хойрго хандаж, нийт хэрэглэгчдийн 95 орчим хувь нь барьцаа хөрөнгөөс үр ашиг хүртэж чадахгүй байгаа” нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 /хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх/, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2 /Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна/ гэх заалтуудыг зөрчсөн гэх асуудалд дүгнэлт өгөхийн тулд дээр дурдагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээг авч судлах зайлшгүй шаардлагатай.

Эдгээрээс гадна тухайн гэрээг судлах нь хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хэрхэн тохиролцсоныг тодруулах буюу төрийн хяналт шалгалтыг явуулж байгаа албан тушаалтны хувьд талуудын хоорондын интернэтийн үйлчилгээ яриа, мессежний үйлчилгээтэй нэгэн адил сим картад нээлттэй байлгах нь хэрэглэгчийг хохироодог эсэх маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Шүүх энэ талаар тодруулахгүйгээр хэрэглэгчийн смарт буюу ухаалаг төхөөрөмж ашиглахтай холбоотой дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн буруу байна.

Гурав. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хяналт шалгалтыг Өрсөлдөөний тухай, Төрийн хяналтын шалгалтын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулж, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх, хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, албан шаардлагын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй. Тиймээс шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хариуцагч нарын явуулсан хяналт шалгалттай холбоотой баримтуудыг гаргуулж хяналт, шалгалтын болон дүгнэлт, албан шаардлага гаргасан хариуцагч нарын үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг тодруулсны дараа маргааны үйл баримтад дүгнэлт өгөх байжээ. Гэтэл шүүх энэ талаарх баримтыг гаргуулалгүй зөвхөн талуудын гаргасан тайлбарт дүгнэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна/ дахь заалттай нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан ажиллагаануудыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид.тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧИД                              Э.ХАЛИУНБАЯР

                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Д.БАТБААТАР

\