Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/397

 

 

 

 

 

 

   2022         05           24                                       2022/ШЦТ/397

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000000 0518 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

           

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.И нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, _ коллежийн _ дүгээр давхарт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн орчим Ү.Атай маргалдаж улмаар түүний хамар хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж биед нь хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Иаас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

Хоёр: Эрүүгийн 221000000 0518 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т-н 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал), хохирогчийн согтолтын зэргийг шалгахад 1.81 гарсан талаарх бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 12 дахь тал),

3. Хохирогч Ү.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Согтолтын шалгахад 1.81 хувьтай байна, болсон үйл явдлын талаар мэдүүлэх чадвартай байна. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн _ дугаар хороо, “_ ар талд байдаг “_ коллеж” дээр найз Ж бид хоёр дүү Ттэй уулзахаар очсон. Т утсаа авахгүй байсан учир хайхаар дотогш орж, Ж гадаа үлдсэн. Би сургуулийн дотор 1 давхарт хайж байгаад таарч Тийг дагуулаад гарах гэтэл ангийн найз гэх нэг залуу хичээлдээ ор гэж дээрэлхүү байдлаар Ттэй харьцахаар нь байж бай дүүтэйгээ уулзаж байна гэж хэлсэн чинь хоёр давхрын шатнаас бууж ирээд маргалдаж үл ойлголцол үүссэн байхад гэнэт хамар луу толгойгоороо мөргөсөн. Тухайн үед багш нар байсан салгасан. Би хариу үйлдэл үзүүлээгүй, сургуульд зүй бус үйлдэл үзүүлэхийг хүсээгүй. Би Тийг дагуулаад сургуулийн гадаа гарч уулзсан, шалгалттай байсан учир хичээлдээ орсон. Би Ж найзтайгаа байж байгаад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсэн. Мөргөсөн залууг хайж байгаад нийгмийн ажилтны өрөөнд таарч, тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Тус сургуульд дээрэм, тонуул хийх санаа зорилготой очоогүй, дүүтэйгээ уулзах гэж очсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

4. Гэрч У.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сургууль дээрээ байхад найзын ах уулзах гэж сургууль дээр ирсэн. Уулзаад байж байтал манай ангийн залуу дээрээс намайг курсийн төслөө хийе гээд хүрээд ирсэн. Тэр үед ах яасан гэж найзыг хэлтэл “ай юу гэнээ” гэж хэлтэл шууд заамдаад авсан. Тэр хоёр хоорондоо заамдалцаж байж байтал цамцнаас нь татаад гарах уу гэж А ах хэлтэл цамцных нь 4 ширхэг товчийг тасалчихсан. Манай найз болиулах гээд гараас нь татаж урагшлахдаа хамар луу нь мөргөчихсөн. Цаанаас багш нар гарч ирээд тэр хоёр салаад ,ах гараад явсан. Найз бид хоёр анги руугаа орсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5504 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

-Ү.Аын биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дахь тал),

 

6. Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн: “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Ү.А нь шар өнгийн малгайтай, хамрын нуруу хэсэгт хавдсан жижиг зулгарсан, хүзүү хэсэгт мөн зулгарсан, хар өнгийн малгайтай даавуун цамцтай, хар өнгийн өмдтэй хар гуталтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

 

7. Шүүгдэгч Г.Иы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би сургууль дээрээ байж байтал найз Т намайг нэг давхарт дуудсан. Буугаад очтол найз үл таних залуугийн хамт зогсож байсан. Би найз дээрээ очоод ангидаа орохгүй юм уу, шалгалт эхлэх гээд байна шүү дээ гэж хэлтэл тухайн залуу намайг заамдаж аваад “чи Т үү” гэж асуусан. Би гарыг нь тавиулах гэж оролдоод “юун Т яриад байгаа юм бэ” гэж хэлтэл заамдаж духаа нүүрэнд нааж шахаад байсан. Би өөрийг нь заамдаж гарыг нь тавиулах гэтэл цохих гэж далайсан.Би хойшоо болоод зай авах гэтэл тавихгүй цамцнаас зуурчхаад товч тасалсан. Би цамцаа харчхаад гарыг нь тавиулах гээд дараад доошоо тонгойсон чинь гараа тавихгүй татагдаж ирээд мөргүүлчихсэн. Тэгээд байж байтал багш нар ирж салгаад, нөгөө залуу явахдаа гараад ир чамайг ална гэж орилоод байсан ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

8. Хохирогч Ү.Ат эмчилгээнд 800.000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 50 дахь тал), хохирогч Ү.Аын гомдол, саналгүй гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 50-52 дахь тал),

9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч Г.Иы хүсэлт (хавтаст хэргийн 53 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулахад  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Иы үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.И нь _ дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “_ коллеж”-ийн 1 дүгээр давхарт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10.00 цагийн орчим иргэн Ү.Атай маргалдаж улмаар түүний хамар хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж биед нь хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Тгийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Хохирогч Ү.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Би сургуулийн 1 давхарт хайж байгаад таарч, Тийг дагуулаад гарах гэтэл ...нэг залуу хичээлдээ ор гэж дээрэлхүү байдлаар Ттэй харьцсан. Байж бай дүүтэйгээ уулзаж байна гэж хэлсэн чинь хоёр давхрын шатнаас бууж ирээд маргалдаж үл ойлголцол үүссэн байхад гэнэт хамар луу толгойгоороо мөргөсөн. ...”гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

-Гэрч У.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн “...Тэр хоёр хоорондоо заамдалцаж байж байтал цамцнаас нь татаад гарах уу гэж А ах хэлтэл цамцных нь 4 ширхэг товчийг тасалчихсан. Манай найз болиулах гээд гараас нь татаж урагшлахдаа хамар луу нь мөргөчихсөн. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5504 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дахь тал),

 

-Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

 

-Шүүгдэгч Г.Иы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн “...тухайн залуу намайг заамдаж авсан. Би гарыг нь тавиулах гэж оролдсон. ...Би өөрийг нь заамдаж гарыг нь тавиулах гэтэл цохих гэж далайсан. Би хойшоо болоод зай авах гэтэл тавихгүй цамцнаас зуурчхаад товч тасалсан. Би цамцаа харчхаад гарыг нь тавиулах гээд дараад доошоо тонгойсон чинь гараа тавихгүй татагдаж ирээд мөргүүлчихсэн. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.И хохирогчийн бие, эрүүл мэндэд халдсан, хохирогчид хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба эдгээр нь хоорондоо шалтгаантай холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч, хохирогч нар нэгнээ үл хүндэтгэсэн үүсгэж, маргалдан улмаар Ү.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон гэж дүгнэхээр байна.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.Иыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Ү.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, хохиролд 800.000 төгрөгийг хүлээн авсан талаарх хүсэлтийг бичгээр (хавтаст хэргийн 50-52 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Ид ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан ялаас чөлөөлөх саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Г.И нь Цагдаагийн байгууллагын санд  бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч Г.Иыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Түүнчлэн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мэргэжлийн сургуульд суралцаж байгаа хувийн байдал, нөгөө талаар хохирогч Ү.А согтуурсан үедээ (1.81) сургуулийн байранд нэвтэрч, хэрүүл маргаан үүсгэсэн ёс зүйгүй үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн  торгох ялыг  чөлөөлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Г.Ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.И “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.И 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                       

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН